Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 148

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймгийн ... оршин суух Б овогт Ж.Н  -ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ... оршин суух, Ш овогт Э.Г  -д холбогдох, гэм хорын хохирол 1.126.984 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга есэн зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00025/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч Э.Г , иргэдийн төлөөлөгч О.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Ж.Н  нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Аны тээврийн жолооч Э.Г ий машинд Улаанбаатараас Булган явахаар суугаад зам тээврийн осолд орсон. Энэхүү ослын улмаас нуруу, өвчүү хугарч,  зөөлөн эдийн гэмтлүүд авсан. Энэ хэргийг Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн ба тус тогтоолын 10 дахь заалтыг үндэслэн дахин нэхэмжлэл гаргаж байна. Учир нь гэмтлийн улмаас нуруу өвдөж, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дахин хагалгаанд орсон. Хагалгаанд шаардагдсан санхүүгийн зардлууд болон осолд орсноос хойшхи хагас жил сургуульдаа сурч чадаагүй төлбөрүүдийг нэхэмжилж байна.

Иймд Э.Г эс гэм хорын хохирол 1.126.984 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г ий буруутай үйлдлийн улмаас авто замын осолд орж, миний охин нуруундаа гэмтэл авсан. Нуруу нь хадаастай. Нуруундах хадаасаа авахуулах үед өөрөө орноос хальтарч унаад жижиг хадаас нь үлдсэн. Хэрвээ зам тээврийн осолд ороогүй байсан бол миний охин эрүүл байх байсан. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсан. Хангалттай төлбөр төлсөн гэж хариу тайлбар өгсөн байсан. Энэ нурууны гэмтэл төрж үзээгүй эмэгтэй хүнд их хүнд цаашид амьдрахад хэцүү. Манай охин Монгол улсын их сургуульд сурдаг. Охин маань 1 дүгээр сарын 22-24 хооронд интернетээр хичээлээ сонгож хичээлийн төлбөрөө хийсэн байсан. Тухайн үед 1 дүгээр сарын 31-ний өдөр  авто осолд орсон. Тэгээд W тавиулсан ба 600.000 төгрөгийг хичээлийн төлбөрт төлж,  дахин судлах боломжтой гэсэн. F бол дипломын дүн дээр бичигдэх учир би Монгол улсын их сургуулийн багш, захирал, нягтлантай уулзаж 2 хичээл дээр нь W үнэлгээ тавиулсан. Тухайн 2 хичээл нь хятад хэлний хичээл  учраас өөрөө заавал суух шаардлагатай байсан. 300.000 төгрөгийг эхний хагалгаанд орсон эмч  нарын гарыг цайлгаж  өгч байсан. Миний охин өөрөө тэвчээртэй байж эдгэрсэн. Э.Г  нэг ч удаа эргэж холбоо бариагүй. 300.000 төгрөгийг өгөх эсэхээ өөрөө мэднэ биз. 300.000 төгрөгөөс  татгалзаад үлдснийг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч  Э.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Н ий нэхэмжлэлийн шаардлагаас эмч нарын гар цайлгасан мөнгө 300.000 төгрөг, эхний хагалгааны дараах хичээлд суугаагүй сургалтын төлбөр болох 520.000 төгрөг буюу нийт 820.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 3 дугаар зүйлийн 3.25-д “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига,  хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх” гэж заасан байдаг. Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нь бусдад үйлчилгээ үзүүлсний төлөө аливаа хэлбэрээр бэлэг сэлт авахыг ёс зүйн хэм хэмжээгээр хориглосон байхад Ж.Н  нь эмчлэгч эмчид гар цайлгах мөнгө өгсөн нь хэм хэмжээ зөрчсөн үйлдэл байна. Уг үйлдлийн улмаас бий болсон хохирол гэж байгаа 300.000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Гэм хорын хохиролд уг гэм хор учирснаас зайлшгүй гарах зардал буюу хохирлыг шаарддаг. Тийм учраас эмчид гар цайлгах мөнгө өгөх нь зайлшгүй гарах зардал биш бөгөөд хохиролд тооцогдохгүй.

Эхний хагалгааны дараа хичээлд суугаагүй сургалтын төлбөрт 520.000 төгрөгийг нэхэмжилж байгаа дараах  үндэслэлээр үгүйсгэж байна.

МУИС-ийн сургалтын журмын 4.6.12.5-д зааснаар W  гэх үнэлгээгээр “хэрэв суралцагч хичээлийг цаашид судлах боломжгүй эсвэл хангалтгүй судалсан бол улирлын шалгалтаас 7 хоногийн өмнө өөрийн саналаар уг тэмдэглэгээг багшид хүсэлт гаргаж хийлгэнэ. Суралцагч чөлөө авсан, хасагдсан, гарсан тохиолдолд дүгнэгдээгүй хичээлийн дүнг системээс тавина. Дараа нь тус хичээлийг шинээр үзэх адил бүртгүүлж судална.” гэж тодорхойлсон байна. Ж.Н ий тухайд осол гарах үе буюу 2017-2018 оны хаврын улиралд 4 хичээл сонгож судалсан байх бөгөөд тэдгээрийн хоёр нь W  үнэлгээ авсан байна. Иймээс чөлөө авсан хасагдсан, гарсан гэж үзэх боломжгүй бөгөөд системээс автоматаар дүн  тавигдаагүй байна.

            ... Иймд ослын улмаас учирсан гэм хорын хохирол нь хуулийн хүрээнд үндэслэлтэй баримтаар нотлогдсон бол эмчилгээний зардлыг төлөхийг үгүйсгэхгүй. Харин ослын улмаас үүсээгүй, үүнтэй холбогдолгүй бусад зардлыг төлөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ж.Н  нь хариуцагч Э.Г д холбогдуулан гэм хорын хохирол 1.126.984 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга есэн зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч гэм хорын хохиролд уг гэм хор учирснаас зайлшгүй гарах зардал буюу хохирлыг шаарддаг. Тийм учраас эмчид гар цайлгасан мөнгө 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, эхний хагалгааны дараа хичээлд суугаагүй сургалтын төлбөр 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг нийт 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ослын улмаас учирсан гэм хорын хохирол нь хуулийн хүрээнд үндэслэлтэй баримтаар нотлогдсон бол эмчилгээний зардлыг төлөхийг үгүйсгэхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэсэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч Э.Г  нь “А”-нд гэрээт жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Ж.Н ий эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хэргийн 10-18-р хуудсанд авагдсан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч Э.Г ий осол гарах үед жолоодож явсан “Соната-7” маркийн **-** ОРА улсын дугаартай суудлын авто машин нь  “А”-ны өмчлөлийнх болох нь дээрх шүүхийн шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.126.984 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга есэн зуун наян дөрөв/ төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Г  хариуцан төлөх үүрэггүй байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагч биш этгээдийг хариуцагчаар татсан байх тул хариуцагч Э.Г д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Э.Г д холбогдох 1.126.984 /нэг сая нэг зуун хорин зургаан мянга есэн зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Н ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР

                                             ШҮҮГЧИД                         Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                      О.ОДОНЧИМЭГ