Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр                         Дугаар 2023/ШЦТ/103                             Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Эийн Эд холбогдох 2328000000145 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: .............................,

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өмнөговь дэлгүүрийн гадна талд иргэн Н.Нтэй маргалдан, түүний нүүр хэсэгт цохиж, биед зүүн нүдний доод зовхи, дээд уруул дахь язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дээд уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Эыг яллах,  өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Нтэй маргаж нүүрэнд нь гэмтэл учруулсан. Өөрийн гэм буруутай үйлдлээ зөвшөөрч байгаа гэв.     

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед миний найз Эийн Э нь ганцаараа манай гэрт Э бид хоёр нэг шил 0.75 литрийн архи манай гэрт хувааж уусан. Одоо архины нэрийг хэлж мэдэхгүй байна. Тэрний дараа нэмж архи авахаар хүнсний дэлгүүр рүү Э бид хоёр цуг явсан, явж гэрээс гараад хүнсний дэлгүүр орох замд Э бид хоёр маргалдсан. Учир нь Э намайг өөрийнхөө эхнэртэй хардаж хэл амаар доромжилсон. Улмаар Э миний зүүн нүдийг цохисон. Тэрнээс хойш мэдэх зүйл байхгүй нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн эмч намайг үзэж байсан. Эмнэлэг дээр хоноогүй эмчид үзүүлсэн. Тэр үед Цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан бөгөөд намайг гэрт хүргэсэн. Э намайг цохиж миний хоёр нүд хавдсан, зүүн нүдний доод зовхи язарсан, дээд уруул бас язарсан мөн хүзүү зулгарчихсан байсан. Миний бие нэг удаа Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээ төвд очиж эмчид үзүүлсэн тэрнээс хойш ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Харин миний найз Э эм авч өгсөн түүнийг уусан. Одоо бүрэн эдгэрсэн өвдөж хавдсан зүйл огт байхгүй. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй. Тухайн үед Э бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд харилцан зодолдсон зүйл огт байхгүй. Э эхнэртэйгээ намайг хардаж шууд цохиж авсан тэрнээс хойш би хэсэг ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Э бид хоёр 2016 оноос хойш нөхөрлөж байна хэн хэнийгээ сайн таньж мэднэ найзууд болохоор миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 11 дэх тал/

Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 20-ноос 2023 оны 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө манай хашааны гадна хэсэгт хүмүүсийн чанга дуу чимээ гарсан. Иймд гэрээс гарахад манай нөхрийн дуу чимээ гарсан. Очиход манай нөхөр Э өөрийн найз Нтэй зодолдож байсан. Э, Н хоёрын хацар нүүр хэсэг нь зөндөө цус болчихсон байсан тул би Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэр Өмнөговь хүнсний дэлгүүрийн баруун талын хашаанд байдаг. Тухайн үед Э, Н хоёроос өөр хүн байгаагүй. Тэр хоёр согтуу архи ууж хэрэглэсэн байдалтай байсан... Манай нөхрийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан, миний мэдэж байгаагаар учирсан гэмтэл байгаагүй.” /хавтаст хэргийн 13 дахь тал/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Нгийн биед зүүн нүдний доод зовхи, дээд уруул дахь язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дээд уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/  

Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Сая уншиж танилцлаа. Өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн. Эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд айлын том /ууган/ хүүхэд цэцэрлэгт явж байгаагүй. 2000-2010 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж суурь боловсрол эзэмшсэн. Тэрний дараа Дархан-Уул аймгийн Дархан сумын төвд байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуульд 2010-2014 онуудад суралцаж 2014 онд барилгын инженер мэргэжил эзэмшсэн. Цэрэгт яваагүй. 2015 оноос эхнэр Бын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг Нисэх 1-9 тоотод оршин сууж байна. Одоо ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. “Дарханговь” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байна. Тухайн өдөр би уусан архиндаа согтоод болсон зүйлийг хагас дутуу санаж байна. Миний санаж байгаагаар бол 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө найз Нтэй хамт хүнсний дэлгүүр орохоор явж байх үедээ маргалдсан. Тэгээд Нгийн нүүр болон нүд рүү цохисноо санаж байна. Өөр бусдаар санаж байгаа зүйл байхгүй. Нтэй ямар учраас маргалдсанаа санахгүй байна. Н бид хоёр өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. 2017 оноос эхлэн үерхэж нөхөрлөж байна. Хэн хэнийгээ сайн таньж мэднэ. Нг эмчид үзүүлж шаардлагатай гэсэн эм тариа дусал зэргийг авч өгсөн. Нгийн биед учирсан гэмтэл одоо бол эдгэрчихсэн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нгээс уучлалт гуйгаад бид хоёр эвлэрээд урьдын адил найз нөхдийн харилцаатай хэвээрээ байгаа. Надад өөр нэмж ярих зүйл болон ямар нэгэн санал хүсэлт тайлбар огт байхгүй уг гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” /хавтаст хэргийн 25 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,

“Дарханговь” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Э нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 48 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Э.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.    

Шүүгдэгч Э.Эын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өмнөговь дэлгүүрийн гадна талд иргэн Н.Нтэй маргалдан түүний нүүр хэсэгт цохиж, биед зүүн нүдний доод зовхи, дээд уруул дахь язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дээд уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч О.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 306 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.            

Шүүгдэгч Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 306 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Э.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Нгийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд “Э.Э бид хоёр 2016 оноос хойш нөхөрлөж байна хэн хэнийгээ сайн таньж мэднэ найзууд болохоор миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 11 дэх тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.     

Шүүгдэгч Э.Эын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, “Дарханговь” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай албан тоотод: “Дарханговь” ХХК-нд Э овогтой Э нь барилгын инженерээр ажилладаг нь үнэн болно.” /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч Э.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч Э.Эыг гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагч: Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, 

Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Эийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч Н.Н шүүгдэгч Э.Эаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ