| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0103/э |
| Дугаар | 2023/ШЦТ/104 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/104
2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 2023/ШЦТ/104 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т нар овгийн М Бд холбогдох 2328000000141 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ............................ ,
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед иргэн Ө.Агаас пивоны мөнгө нэхэж, түүнтэй маргалдаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нанзад хороололд байрлах авто машины гараашийн гадна болон дотор талд Ө.Агийн нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи цус хуралт, нэг шүд унасан, дээд уруулын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Бг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр А 16 цагийн үед над руу залгаад бид 2 гарааш дотор уулзаад пиво уусан. Тэгээд би пиво аваад ир гэж хэлсэн чадахгүй гэхээр нь маргалдаад би гараараа уруул, нүд хэсэгт нь 2 цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Б нь намайг дуудсан 15 давхрын хажуу талын Петровис дээр хүрээд ир гэхээр нь тухайн хэлсэн газар нь ирлээ гэхэд наад газраасаа халз урагшаа явах дээр гарааш байгаа гэж хэлсэн. Гарааш дотор ороход Б нь Сэнгүр гэх нэртэй лаазтай пиво уугаад сууж байсан. Бтэй гар бариад суух гэтэл Б нь хоёулаа гарч тамхи татахаар гаръя гээд цугтаа гарсан. Гадаа гараад тамхилаад сууж байхад Б уух юм дуусчихлаа ганц пиво аваад өгчих гэхээр нь мөнгө байхгүй цалин буух болоогүй талаараа хэлэхэд Б ганц тамхи аваад өгчих гэхээр нь мөнгө байхгүй талаараа хэлэхэд уурлаад /би ч гэсэн мөнгө байхгүй ууж идээд яваад болоод байна/ гэж хэлсэн. Б нь хэсэг сууж байгаад босож ирснээ гэнэт миний уруул хэсэг рүү өөрийн баруун гараараа хүчтэй цохисон. Б наад шүд чинь яагаач үгүй байна шүү лалар минь гарааш дотор ороод ир гэхээр нь араас нь ярилцах гээд байгаа юм байна гэж бодоод орсон. Тэгсэн Б тэр сандал дээр суу гэхээр нь тэр заасан сандал дээр нь суусан. Харин Б чи муу яасан эсэхээ мэдэхгүй байна уу гэж хэлсэн. Тэгсэн байж байгаад Б нь өөрийн баруун гараараа миний зүүн нүд хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгээд тэр газраас гараад явсан. Миний үүдэн 1 шүд хөдөлсөн. Бас толгой өвдөж эргээд байгаа ба зүүн нүд хөхөрсөн. Би гомдолтой байгаа миний шүдийг янзлуулаад асуудалгүй болгоод өгвөл гомдолгүй. Намайг байгууллагад өргөдөл өгөөд явсны дараахан Б надтай ирж уулзсан. Миний Төрийн банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй.” /хавтаст хэргийн 12-13, 15 тал/
Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай автомашины гарааш дээр миний багийн найзууд ирж цугларсан. Тэр найзууд дотор М.Б байсан. Тэгээд пиво уусан. Тэгэхэд Бгийн найз А утсаар ярьж байгаад ирсэн. Тэгж л Аг таньж мэдэх болсон, тэрнээс өмнө уулзаж байгаагүй. А нартай нийлж хоёр лааз пиво уусан байх. А, Б хоёр гараашнаас гарсан, хэсэг хугацаа өнгөрсний дараа буцаж орж ирсэн. Тэгэхэд Ан зүүн нүд хавдчихсан байсан. Автомашин байрлах гараашны гадна юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Тэр А Б чи намайг цохисон гэж ярьж байсан.” /хавтаст хэргийн 17 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ө.Агийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи цус хуралт, нэг шүд унасан, дээд уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Нэг шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би ганц нэг пиво уучихсан согтуу байсан. А бид хоёр хэрүүл хийсэн. Тэгээд би Аг хоёр удаа цохисон. Гэм буруугаа ойлгож байна. Өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийнхөө Хаан банкны данснаас Агийн Төрийн банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Би 1998 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, цэрэгт яваагүй. Одоо ам бүл хоёул, дүү Буманхүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг Хан-Уул 20-13 тоот хаягт оршин суудаг. Хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг.” /хавтаст хэргийн 31 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/
Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 53 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Бгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед иргэн Ө.Агаас пивоны мөнгө нэхэж түүнтэй маргалдаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нанзад хороололд байрлах автомашины гараашийн гадна болон дотор талд Ө.Агийн нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи цус хуралт, нэг шүд унасан, дээд уруулын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 15 тал/, гэрч Б.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч М.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Агийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.А мөрдөн байцаалтын шатанд “Намайг байгууллагад өргөдөл өгөөд явсны дараахан Б надтай ирж уулзсан. Миний Төрийн банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй.” /хавтаст хэргийн 12-13, 15 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Бгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 49 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Шүүгдэгч М.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын яллагч: Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөв.
Шүүх улсын яллагчийн саналыг шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон гэж үзэж саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т нар овгийн Мөнх-Эрдэний Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Б хохирогч Ө.Ад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ