Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 236

 

220/2020/0157/Э

 

 

 

 

  2020            02            20                                       2020/ДШМ/236    

 

Б.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Отгончимэг,

яллагдагч Б.Ч-гийн өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/Ш3/149 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Б.Ч-д холбогдох эрүүгийн 1908040411862 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

 

Б.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7-24 тоотод оршин суух иргэн Г.М-гийн “Samsung s7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлоно” гэж заасныг хангаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 36/36 тоот албан бичигт “Б.Ч- нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн талаар мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэжээ /хх61/.

Гэтэл яллагдагч Б.Ч- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн байх бөгөөд уг ялыг эдэлсэн эсэхийг шалгаагүй байна. Уг ялыг биелүүлсэн эсэхийг шалган тогтоох нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд хамааралтай. Мөн яллагдагч Б.Ч-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас нь яллагдагчийн хувийн мэдээлэлтэй зөрүүтэй, шаардлага хангахгүй байх тул уг зөрчлийг арилгах.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан.

Гэрч Б.Энхчимэг мэдүүлэхдээ “...эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд Samsung загварын гар утасны сим карт аваад өгөөч гээд ирсэн. ...” гэж мэдүүлжээ. Иймд тус гэмт хэрэгт яллагдагч Б.Ч-гээс гадна өөр этгээд оролцоотой эсэхийг нэг мөр шалгаж тогтоовол зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан. Тус хэрэгт яллагдагч Б.Ч-гийн 2019 онд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Отгончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 36/36 тоот албан бичигт “Б.Ч- нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн талаар мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэсэн нь уг ялыг эдэлсэн эсэхийг шалгасан төдийгүй, ялыг эдлээгүй болохыг нотлож байна. Б.Ч-г нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлээгүй учраас санд бүртгэлгүй байна гэсэн албан тоот хэрэгт хавсаргасан байхад шүүх уг ялыг эдэлсэн эсэхийг шалгаагүй байна гэж дүгнэсэн нь өөр ямар байдлаар шалгах нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Энэ нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байх шаардлага хангаагүй байна. Хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1251 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан бөгөөд яллагдагчийн овог нэр, регистрийн дугаар зөрүүгүй байна.

Яллагдагч Б.Ч-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудаст ял шийтгэлгүй гэсэн нь шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг хүргүүлээгүй, ял биелэгдээгүйтэй холбоотой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасан “эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг тогтоосон байна.

2. Гэрч Б.Энхчимэг мэдүүлэхдээ “... дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд Samsung загварын гар утасны сим карт аваад өгөөч гээд ирсэн. ...” гэж мэдүүлжээ. Иймд тус хэрэгт яллагдагч Б.Ч-гээс гадна өөр этгээд оролцоотой эсэхийг нэг мөр шалгаж тогтоовол зохино. ...” гэжээ. Шүүхийн энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэрэгт хохирогч Г.М-гийн ”...би 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэртээ амарч байсан ба тухайн үед өөрийн хүүхэдтэйгээ хоёулаа байсан юм. 11 цагийн үед манай охин миний гар утсыг бариад гэрийн хаалганы хажууд сууж байсан. Тэр үед би орон дээр хэвтэж байхад манай охин гэнэт уйлахаар нь би охин дээрээ яваад очиход гар утас байхгүй, гадагшаа харсан чинь сааралдуу өнгийн цамцтай, өөр хувцсыг нь хараагүй, харин үс нь арзайсан 30 гаруй насны эмэгтэй байсан ба араас нь гүйх гэж байснаа болиод охинтойгоо үлдсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 15-16/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: /хохирогч гар утас булаан авсан хүнийг шууд заасан/ /хх 31-35/, гэрч Б.Энхболдын “...2019 оны 7 дугаар сарын 22-ны орой 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7-24 тоотод “хүүхдийн гараас гар утас үл таних эмэгтэй аваад зугтаалаа” гэх гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл шалгахаар тус тоотод очиход гар утас булаалгасан гэх хүүхдийн ээжтэй уулзаад би тус тоотын ойрхон байрлах хүнсний дэлгүүр орж, камерын бичлэгийг шүүж үзэхэд хүүхдээс гар утас булаасан эмэгтэй уг дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан ба Баясгалангийн Ч- гэх эмэгтэй байсан. Камерын бичлэгийг үзэхэд, миний өмнө шалгаж байсан хэргийн хохирогч Б.Ч- гэх эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх 24/ байна. Дээрх мэдүүлэг болон бусад нотлох баримтаас үзэхэд, яллагдагч Б.Ч- нь дээрэмдэх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон бөгөөд хохирогч Г.М- гар утас булаасан нэг эмэгтэй хүн байсан болохыг нотолсон бөгөөд хохирогч шууд таньж, эх сурвалжаа заасан.

Харин гэрч Б.Энхчимэгийн хувьд хэргийн газарт байгаагүй, тухайн хэргийн газрын ойролцоо дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч биш юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан, тухайн гэмт хэргийн хэн үйлдсэн эсэхийг шалган тогтоосон байхад мөрдөн шалгах ажиллагаагаар ямар ажиллагаа хийлгэх, нотолбол зохих ямар асуудлыг шалгах эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна.

3. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан. Тус хэрэгт яллагдагч Б.Ч-гийн 2019 онд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байна” гэжээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор, яллагдагч Б.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар үнэн зөвийг баталгаажуулсан шийтгэх тогтоолыг гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.Ч-гийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч Б.Ч- нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын тодорхой хувийг эдэлсэн гэж мэдүүлдэг. Уг асуудлыг нэг мөр тодорхой болгох нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд шууд нөлөөлнө. Ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлогдох хэмжээнд нь нотлох үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Гэрч Б.Энхчимэг “...дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн...” гэж мэдүүлдэг. Мөн гэрч Б.Энхболд “...дуудлагаар очоод дэлгүүрийн хяналтын камерыг шалгахад, миний өмнө шалгаж байсан хэргийн хохирогч Баясгалангийн Ч- мөн байсан” гэж мэдүүлсэн атлаа хамт эрэгтэй хүн байсан эсэх талаар огт дурдаагүй. Тухайн үед хяналтын камерын бичлэгийг флаш диск байхгүй гэсэн үндэслэлээр хуулбарлаж аваагүй, нотлох баримтыг бэхжүүлж, цуглуулах, хадгалж, хамгаалах үүргээ биелүүлээгүй. Иймд эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ, прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Б.Ч-д холбогдох хэргийн хувьд, энэ заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлвэл зохино.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/149 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ч-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН