Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0664

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Х-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Одмаа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Нэхэмжлэгч: М.Х-

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага:

“Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан, М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгуулах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2025/0052/3

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М.Х-аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын  газарт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан, М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгуулах”-аар маргасан байна.

2.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэжээ.

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1.Нэхэмжлэгч М.Х- нь 14 жил 8 сар галчаар буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх тул “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай тус тус нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3.2. Хариуцагч талын маргаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийн галчаар ажилласан эсэхтэй холбоотой маргаагүй, зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан “Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил жил 6 сараас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байгаа гэдэг үндэслэлээр татгалзсан. Нэхэмжлэгчийн нийт ажилласан жил нь 2010 оноос 2025 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 15 жил 9 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Үүнээс галчаар шимтгэл төлсөн жил 11 жил 2 сар байна.

3.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 1410 дугаарт галч /байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, галч/, /Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг уурын зуухны галч/-ийг хүнд нөхцөлд ажил мэргэжлийн жагсаалтад хамаарч байна. Үндсэн ажилтан ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг 01 кодоор төлдөг. Сул зогсолтын үед 25 кодоор төлдөг үед ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол даатгуулагчаас шимтгэл авахгүй. Энэ үед хүнд нөхцөлөөр ажилласан гэж үзэх боломжгүй.

 3.4. Мөн Хөдөлмөр хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд хамгаалах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно. Мөн журмын 2.5 дахь хэсэгт “Ажил опгогчоос тухайн улирлын чанартай ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлсөн, эсвэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажлыг хариуцуулан ажиллуулж шимтгэл төлсөн бол уг хугацааг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тооцохгүй” гэж заасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “...Иргэн М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргажээ.  

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  “...Монгол Улсын иргэн М.Х- нь одоо 56 настай, улсад 28-аас доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар 15 жил, 5 сар, 15 хоног ажилласан байна. Өөрөөр хэлбэл М.Х- нь 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл 2 жил цэргийн алба хаасан, 2013 оны нөхөн даатгалын хуулиар 1990 оны 11 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 10 жил 2 сарын хугацаатай нөхөн даатгал хамрагдсан, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургууль болон “А” ХХК-д 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар тасралтгүй ажилласан болно. М.Х-ы Баян-Өлгий аймгийн Бугат сумын 10 жилийн дунд сургуульд болон “А” ХХК-д галчаар ажиллаж байсан хугацаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарагдаж байна” гэж, хариуцагчаас “...Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно гэж заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно ... Нэхэмжлэгчийн нотлох баримтаас авч үзэхэд 2010 онд 5 сар, 2011 оны 8 сар, 2012 оны 9 сар, 2013 онд 7 сар, 2014 онд 8 сар, 2015 онд 9 сар, 2016 онд 10 сар, 2017 онд 10 сар, 2018 онд 10 сар, 2019 онд 10 сар, 2020 онд 9 сар, 2021 онд 9 сар, 2022 онд 9 сар, 2023 онд 9 сар, 2024 онд 9 сар, 2025 онд 3 сар, нийтдээ 134 сар буюу 11 жил 2 сар ажилласан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан байвал зохих 12 жил 6 сарын болзлыг хангахгүй байна” гэж тайлбарлан маргажээ.

 2.3. Анхан шатны шүүхээс “...Нэхэмжлэгч М.Х- нь 2010 оноос эхлэн 2025 оны 5 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд галчаар ажилласан бөгөөд түүний 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байдал нь тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалын үйлчлэлд хамаарна. Тодруулбал, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь батлагдсан өдрөөсөө хойших харилцаанд үйлчлэх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцохоор зохицуулсан тохиолдолд түүнээс хойш батлагдсан, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг өмнөх харилцаанд буцаан хэрэглэх үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.4. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.5-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй...” гэж заасан.

2.5. Уг маргаан бүхий тохиолдлын хувьд нэхэмжлэгч нь 2010 оны 04, 05, 10, 11, 12 дугаар сарууд болон 2011 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар дуустал Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуульд, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар дуустал “А” ХХК-д, 2022 оны 07 дугаар сард Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуульд, 2022 оны 07 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “А” ХХК-д тус тус галчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахлах сургуулийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тушаал, “А” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар тодорхойлолт, “А” ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр тушаалуудаар тогтоогдож байна.

2.6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын II хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам” нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн байна. Гэтэл хариуцагч уг журмыг буцаан хэрэглэж, 2024 оноос өмнөх хугацаанд нэхэмжлэгчийн хүнд нөхцөлд ажилласан жилээс сул зогсолтын хугацааг хассан нь үндэслэлгүй байна.

2.7. Хэрэг авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2010 онд 5 сар, 2011 оноос 2023 оны 12 сар дуустал 13 жил, 2024-2025 онд 13 сар, нийт 14 жил 5 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар ажилласан байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн” байх гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн маргаж буй 2011-2023 оны хооронд ажилласан хугацааг 1 жилд 8 сараар хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулан тооцох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын II хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын II дугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.4-т “Улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно” гэж журамласан байх боловч энэхүү А/221 дүгээр тушаалын 4-т “Энэ тушаал гарсантай холбогдуулан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/296 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай" 2020 оны А/129 дүгээр тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2022 оны А/185 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай" 2022 оны А/186 дугаар тушаал, "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2023 оны А/01 дүгээр тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж заасны дагуу уг журмыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...Нэхэмжлэгч 2010 оноос 2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилүүдийн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн кодыг 25 /улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан/ гэсэн кодоор тайлагнасан байна. Сул зогсолтын үед даатгуулагчаас шимтгэл авдаггүй учир хүнд нөхцөлд ажилласан гэж үзэх боломжгүй...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.9. Иймд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 насанд хүрсэн эрэгтэй гэсэн өндөр насны тэтгэвэр тогтоох бусад болзлыг хангаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                        Ц.ОДМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ