Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00531 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” СӨХ,

Хариуцагч Ц.Г-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 326 546 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.  

Нэхэмжлэгч “Х” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 62 дугаар байрны 4 тоотод оршин суугч Ц.Г нь 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалт болон СӨХ-ны төлбөр 634 532 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр 692 014 төгрөг, нийт 1 326 546 төгрөгийг төлж барагдуулахгүй, нийт сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байгаа тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус СӨХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зөрчин, тусгай зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээг эрхэлж байсан бөгөөд энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад нь удаа дараа гомдол гаргаж мэдэгдэж байсны үндсэн дээр 2017 оноос албан ёсоор тусгай зөвшөөрөлтэй байгууллагад орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээний асуудал шилжсэн. Мөн “Хан-Оргил” СӨХ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг эрхэлж хууль зөрчиж байсан нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65-07-0201/02-16 дугаар албан шаардлагаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Х” СӨХ-д харьяалагдах 62, 63, 64 дүгээр байруудад нийт саналын эрхтэй 162 гишүүд байдаг бөгөөд холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлаар холбооны сан бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл бүх гишүүдийн хурал хэзээ, хаана хуралдсан, хэдэн хувийн ирцтэй, ямар асуудлыг хэлэлцсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Харуул хамгаалалтын зардалд 3 байр нийлээд сард 600 000 төгрөг төлөх гэрээтэй байдаг. Үүнээс тооцож үзвэл нэг байрны оршин суугч 600 000/162=3400 төгрөг, харуул хамгаалалтын зардалд төлөх, орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж заасны дагуу хуваарилах байтал 16 000 төгрөг гэж тогтоосон нь ямар ч хуулийн үндэслэлгүй байна. Мөн лифтний төлбөрийг 1 давхрын айлаас нэхэмжлэх нийцтэй эсэх, 2017 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 6 500 төгрөгөөр нэхэмжилсэн байснаа нэхэмжлэхээ больсноос үзэхэд үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Мөн “Х” СӨХ нь 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар УЗ-ын тогтоолоор сууц өмчлөгчдөөс авах байрны Бонз, засвар, үйлчилгээний сарын хураамжийг 1 м.кв талбайгаас 160 төгрөг байхаар тооцож авна гэсэн байтал нэхэмжлэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй дээр засвар/үйлчилгээ/ м.кв 160 төгрөг гэж нэг бодоод хариуцагчийн байрны 139.21 м.кв-аар үржүүлээд сар бүр 22 274 төгрөг төлөхөөр дахиад БОНЗ гээд тогтмол сар бүр 6 000 төгрөг төлөхөөр нэхэмжилсэн байна. Нэг төлбөрийг 2 өөр зардал болгон үндэслэлгүйгээр сар бүрийн төлбөр дээр 6 000 төгрөг нэмэгдүүлсэн байна.

Бидний зүгээс ТҮК, Домофон, засвар, үйлчилгээний төлбөр 416 610 төгрөгийг төлнө, үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн хэсгийг хасч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Ц.Гоос 1 305 664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 882 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус СӨХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилга ашиглалт, үйлчилгээг эрхэлж байсан бөгөөд энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсны үндсэн дээр 2017 оноос албан ёсоор тусгай зөвшөөрөлтэй байгууллагад орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээний асуудал шилжсэн. Мөн “Хан-Оргил” СӨХ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг эрхэлж хууль зөрчиж байсан нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65-07-0201/02-16 дугаар албан шаардлагаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Х” СӨХ-д харьяалагдах 62, 63, 64 дүгээр байруудад нийт саналын эрхтэй 162 гишүүд байдаг бөгөөд холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлаар холбооны сан бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл бүх гишүүдийн хурал хэзээ, хаана хуралдсан, хэдэн хувийн ирцтэй, ямар асуудлыг хэлэлцсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Харуул хамгаалалтын зардалд 3 байр нийлээд сард 600 000 төгрөг төлөх гэрээтэй байдаг. Үүнээс тооцож үзвэл нэг байрны оршин суугч 600 000/162=3400 төгрөг, харуул хамгаалалтын зардалд төлөх, орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж заасны дагуу хуваарилах байтал 16 000 төгрөг гэж тогтоосон нь ямар ч хуулийн үндэслэлгүй байна. Мөн лифтний төлбөрийг 1 давхрын айлаас нэхэмжлэх нийцтэй эсэх, 2017 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 6 500 төгрөгөөр нэхэмжилсэн байснаа нэхэмжлэхээ больсноос үзэхэд үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Мөн “Х” СӨХ нь 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар УЗ-ын тогтоолоор сууц өмчлөгчдөөс авах байрны Бонз, засвар, үйлчилгээний сарын хураамжийг 1 м.кв талбайгаас 160 төгрөг байхаар тооцож авна гэсэн байтал нэхэмжлэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй дээр засвар/үйлчилгээ/ м.кв 160 төгрөг гэж нэг бодоод хариуцагчийн байрны 139.21 м.кв-аар үржүүлээд сар бүр 22 274 төгрөг төлөхөөр дахиад БОНЗ гээд тогтмол сар бүр 6 000 төгрөг төлөхөөр нэхэмжилсэн байна. Нэг төлбөрийг 2 өөр зардал болгон үндэслэлгүйгээр сар бүрийн төлбөр дээр 6 000 төгрөг нэмэгдүүлсэн байна.

Анхан шатны шүүхэд дээрх тайлбар, үндэслэлийг хангалттай тайлбарласан хэдий ч шүүх бүрэлдэхүүн энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч “Хан-Оргил” СӨХ нь хариуцагч Ц.Год холбогдуулж СӨХ-ны төлбөр 1 326 546 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ашиглалтын зардал болох 328 557 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, домофон болон хогны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Ц.Г нь халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй. Гэтэл СӨХ тусгай зөвшөөрөлгүй атлаа эдгээр зардлыг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан ба энэ талаар холбогдох байгууллагад гомдол гаргасны хариуд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл болон тус зөвлөлийн улсын байцаагч, Барилгын хөгжлийн төвөөс ийнхүү зөвшөөрөлгүй явуулж буй үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй тул засаж зөвтгөхийг шаарджээ. Мөн нэхэмжлэгч сууц өмчлөгч айл, өрх тус бүрт ногдох зардал нь ямар ч баримт, тооцоололд үндэслээгүй гэж маргасантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байхад ямар үндэслэлээр ашиглалтын зардлыг хариуцагч төлөх ёстой гэж үзсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас засвар үйлчилгээ БОНЗ /барилга, орц, нийтийн зам/-ын зардлыг СӨХ-ны нийт гишүүдийн хурлаар тогтоогоогүй гэж маргасан ба шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасан журмын дагуу бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн эсэхийг тодруулахгүйгээр хариуцагчид төлбөр хариуцуулсан нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                            ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ