Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.У-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ч.Э-т холбогдох,

Гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал /онлайнаар/, хариуцагч Ч.Э, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э нь манай гэр бүлийн хүн С.Батлутаас 2011.05.02-нд бэлнээр 5 000 000 төгрөгийг түр хугацаагаар зээлсэн. Харин зээлсэн мөнгөө өгөхгүй утсаар ярихад өгнө гэдэг боловч, сүүлдээ утсаа сольж, авахаа больсон. 2018 оны 8 дугаар сард 2 000 000 төгрөгөө авсан. Одоо үлдэгдэл 3 000 000 төгрөгөө авах гэхээр утсаа авдаггүй, өөр хүний утсаар хэд хэд залгаж асуухад боломж алга, өгөх нь өгнө гэдэг. Этэй уулзаж мөнгө авсан удаагүй. Уг нь дэлгүүрийн байшин, машин зараад өгнө гэж утасны цаанаас худал хэлээд өдийг хүрлээ. Иймд Ч.Эээс 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1989 онд анх Батлут гэдэг хүнтэй танилцаж найз нөхөд болсон. 1999 оны 6 сард Батлут ирээд 3 сая төгрөгийн хэрэг байна гэж хэлсэн. Тухайн үед би Түмэнбаяр гэдэг хүнтэй хамт байж байсан. Бид 3 миний машинд орсон. Надад Монгол мөнгө байхгүй, ноолуур авах гэж байгаа юань байна гэж хэлсэн. Батлут надад 10 000 юань зээлчих гэж хэлсэн учир 2 боодол тавьтын дэвсгэрт өгөөд ямар учиртай талаар асуухад надад хэрэг болоод байгаа 2000 онд ноолуураар нь өгнө гэж хэлсэн. Би 2000 онд ноолуур авах гэж очиход хятадын ноолуур байгаа, тэрнээс нэг боодлыг ав. Зөрүү мөнгийг нь өгөөрэй гэж хэлж байсан. Би ноолуурыг нь аваагүй. Сүүлд боломжтой үедээ өгөөрэй гэж хэлээд үлдээсэн. Тэрнээс хойш 10 гаруй жил болсон. Хувьцааны мөнгө буусан мөнгийг чинь өгнө гэж хэлсэн учир мөнгө авсан. Гарын үсэг зуруулж аваагүй нь миний буруу болж байх шиг байна. Батлутын амьдралыг мэддэг байсан. Амьдралын боломж муутай айл байсан учир зээлсэн мөнгөө нэхэж байгаагүй олон жил болсон. Батлутад зээлсэн 3 000 000 төгрөгөө аваад, дээрээс нь 2 сая төгрөг нэмж зээлсэн. Надаас 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа бол 1999 онд зээлсэн 10 000 юань аваад дараа нь мөнгийг нь өгнө гэсэн. Би Н.Уийн нэхэмжлээд байгаа 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Ч.Эийн Л.Батлут гэсэн баримт, гэрч Х.Түмэнбаярын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Ч.Эт холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч Н.У нь нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч Ч.Э нь манай нөхрөөс зээлсэн мөнгийг нь олон жил нэхэж шаардсаны үндсэн дээр одоо 3 000 000 төгрөг үлдэгдэлтэй байгааг түүнээс гаргуулах хүсэлтэй байна” гэж тайлбарлаж, хариуцагч Ч.Э нь “хүлээн зөвшөөрөхгүй өмнө нь түүний нөхөр С.Батлут нь надаас 3 000 000 төгрөгтэй тэнцэх юань зээлж байсан тул түүндээ тооцож одоо ямар нэг төлбөр төлөх үүрэггүй” гэж татгалзан мэтгэлцлээ.

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Н.Уийн нөхөр С.Батлут нь 2019 оны 1 сарын 25-ны өдөр нас болох нь түүний гэрлэлтийн болон нас барсны гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогдож байна.

          Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгч Н.Уийн талийгаач нөхөр Батлутаас 2011 оны 5 сарын 2-ны өдөр 5 000 000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэй зээлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын гарын үсэг бүхий тодорхойлолт гэсэн бичиглэлтэй баримт /хх-19/, тэдний тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргахгүй гэж байна.

          Иймд хариуцагч Ч.Э, нэхэмжлэгч Н.Уийн нөхөр С.Батлут нарын хооронд амаар нөхцөлөө хэлэлцэн тохирсны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулагдсан ба энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байна.

          Дээрх зээлийн гэрээний харилцаан дээр хариуцагч Ч.Эт мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “...агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүрэг үүснэ” гэж зааснаар зээлдэгчийн үүрэг үүссэн байна.

          Харин нэхэмжлэгч Н.У дээрх харилцааны үндсэн дээрх зээлдүүлэгчийн шаардах эрх буюу хариуцагч Ч.Эээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг шаардах эрх дараах байдлаар үүссэн байна.

          Уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа хэдийгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар дуусах байжээ.

          Гэвч хариуцагч Ч.Э 2018 оны 8 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Н.Уийн данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлснээр /хх-7/ дээрх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” “ гэж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

          Мөн түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж зааснаар Н.Уийн данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлснээр өөрийн үүргийг С.Батлутын эхнэр Н.Ут хүлээлгэн өгч, үүргээ тухайн үед хүлээн зөвшөөрсөн байна.

          Иймд нэхэмжлэгч Н.У нь үүрэг гүйцэтгүүлэгч С.Батлутын эхнэр тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч төдийгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний өмнөөс хүлээн авч байсныг үүрэг гүйцэтгэгч Ч.Э хүлээн зөвшөөрч мөнгийг шилжүүлж байсан тул үлдсэн 3 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

          Харин хариуцагч Ч.Э нь “1999 онд С.Батлутад 3 000 000 төгрөгтэй тэнцэх юанийг зээлдүүлж байсан ба үүнийгээ тооцож үзэн би төлөх төлбөргүй” гэж татгалзлаа тайлбарлаж байх боловч, энэ талаараа харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгохоор сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн өөрийн татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу нотлоогүй тул үндэслэлгүй гэж үзэв.

          Түүний хүсэлтээр гэрч Х.Түмэнбаяр мэдүүлэг өгөхдөө “1999 оны 6 сард Э нь Батлутад юань өгч байсан гэсэн” нь үнэн зөв гэж тооцоход эргэлзээтэй, “Батлут байсан талаар хариуцагчийн тайлбараас мэдсэн” гэх мэдүүлгээс харахад уг хэрэгт хариуцагчийн татгалзлыг нотлох ач холбогдолтой мэдүүлэг өгөөгүй байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 “...зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг нь тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсний дагуу хариуцагч Ч.Эрдэнбилэгээс 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ут олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эээс 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 520 дугаар зүйлийн 520.1.1–т зааснаар хариуцагч Ч.Эээс 3 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Ут олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эээс 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА