Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Б овогт Б.Э,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Х овогт Д.О нарт холбогдох

Үндсэн зээлийн төлбөр 8,664,361 төгрөг, хүүгийн төлбөр 1.365.803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56.113 төгрөг, нийт 10.086.277.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн шаардлага нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн нийт төлбөр болох 10.086.277 төгрөгийг  гаргуулах тухай байгаа. О, Э нар нь тус банкнаас 2017 оны 10 сарын 03-ны өдөр 20390013712 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14.304.000 мянган төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай өргөн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 5.639.639.15 төгрөгийг төлж барагдуулан, зээлийн хүүнд 3.365.219.52 төгрөг, нэмэгдүүлсэн өртгийн төлбөр 7.991.37 төгрөгийг төлсөн байгаа. Зээлдэгч зээлээ хугацаанд төлж барагдуулаагүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 282 хоног болсон. Үүнд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 3.6.1-т заасан үндэслэлээр зээлийн хугацаанд зээлийн төлбөрийг төлөхийг урьдчилан мэдэгдсэн боловч төлөөгүй байгаа. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлтөө хоцруулж төлсөн байгаа. Зээлдэгч нарт урьдчилан сануулж утсаар мэдэгдэж, биеэр очиж уулзан зээлийг төлөх боломж олгосон боловч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн нэгтгэл ил тод байдлын журмын 4.1 зааснаар хариуцагчаас авах шимтгэл, барааны төрөл хэмжээг тогтооно гэсэн байгаа. 4.2-д зааснаар банк харилцагчаас авах шимтгэл хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана гэж тус тус заасны дагуу банк харилцагчтай байгуулах зээлийн гэрээний 1.5 заасаны дагуу зээлийн үйлчилгээний шимтгэл болгож гэрээнд заасан зээлийн бүх үнийн дүнгийн 1 хувиар тооцож, зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас авна гэж заасан байгаа. 2-рт зээлийн гэрээний 1.3-д зээлдэгчийн 1390013712 дугаартай зээлийн дансанд мөнгийг хийнэ гэсэн байгаа. Мөн банк үүргээ биелүүлж зээлдэгчийн дансанд хийсэн дансны хуулгаар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.4-т заасны дагуу банк хамтран зээлдэгч Э-с зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байна. Мөн энхүү зээлийг өргөн хэрэглээний зориулалтаар авсан бөгөөд О, Э нар нь гэрлэгсэд учир хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2 хариуцагчийг төлөөлж байгаа учир эхлээд О-н талаар хариу тайлбар гаргая. Зээлийн гэрээнийхээ дагуу Х банк үүргээ биелүүлэн О-н нэр дээр шинээр данс нээж мөнгө шилжүүлсэн байгаа. Зээлийн төлөлтийн явцад О нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байж байгаад авто замын осолд орсоны улмаас 2 жилийн хугацаатай ажлаас чөлөөлөгдсөн байсан. Одоо О нь Замын-Үүд суманд ажилаж эхэлсэн учраас одооноос эхэлж зээлээ төлөх боломжтой болж байгаа гэж үзэж байна. 14.304.000 зээл олгоод олгосон өдөртөө зээл олголтын шимтгэл гээд 143.040 төгрөгийг тэр өдөртөө суутган авсан байгаа. Гэтэл хүүг тооцохдоо 143.040 төгрөгөө үндсэн төлөлтөөс хасалгүй хүүг тооцож байна. Зээлдэгч хүлээсэн үүргийнхээ дагуу /зээл олгосны шимтгэл/ банк зээл олгосны буцаан авалт гэдэг асуудал дээр маргаж байна. Бусад нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагч Э-н хувьд Банк өөрийн эрсдэлийг хамгаалан зээлийн гэрээнд байхгүй ойлголт болох хамтран зээлдэгч гэсэн нэр гарган ирж Э-р гарын үсэг зуруулсан байгаа. Тэгээд банк зээлээ олгохдоо хамтран зээлдэгч хэмээн Э-г гарын үсэг зуруулчихаад ганцхан О-н данс руу мөнгийг хийсэн байдаг. Зээлийн гэрээний тухай хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээл хүчин төгөлдөр болно гэсэн байхад Э-д ямар ч мөнгө шилжүүлээгүй зөвхөн О-н данс руу хийсэн байж Э-г энхүү зээлийг төлөх ёстой гэж шаардах  юм. Мөн Э нь хариуцагч биш гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Д.О, Б.Э нарт холбогдуулан  үндсэн зээлийн төлбөр 8.664.361 төгрөг, хүүгийн төлбөр 1.365.803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56.113 төгрөг, нийт 10.086.277.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.О нь Х банкны Замын-Үүд тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1390013712 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14.304.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан бөгөөд уг зээлийг авахад Б.Э нь хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болох нь зээлийн гэрээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зээлдэгч Д.О нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон тул банкны санаачлагаар зээлийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр цуцалж,  үндсэн зээлийн төлбөр 8,664,361 төгрөг, хүүгийн төлбөр 1,365,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,113 төгрөг, нийт 10,086,277.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг гэрээний үүргийг хамтран гүйцэтгүүлэхээр хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Э-г хариуцагчаар татсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.” гэж зааснаас  үзэхэд хамтран хариуцагч Д.Э нь уг хэргийн хариуцагчаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт  “14.304.000 зээл олгоод олгосон өдөртөө зээл олголтын шимтгэл гээд 143.040 төгрөгийг тэр өдөртөө суутган авсан байгаа. Гэтэл хүүг тооцохдоо 143.040 төгрөгөө үндсэн төлөлтөөс хасалгүй хүүг тооцож байна. Зээлдэгч хүлээсэн үүргийнхээ дагуу /зээл олгосны шимтгэл/ банк зээл олгосны буцаан авалт гэдэг асуудал дээр маргаж байна. Бусад нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна“ гэж мэтгэлцэж байгаа бөгөөд энэ нь зохигч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “... банк нь зээлдэгчид 14.304.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгох” мөн зүйлийн 1.5-д “банк зээлийн үйлчилгээний шимтгэлийг гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн 1 хувиар тооцож, зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас, бэлнээр олгож буй үед зээлийн дүнгээс авна” гэсэн заалтуудаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг үндсэн зээл 14.304.000 төгрөгнөөс тооцохоор тохиролцсон байна. Иймд банк үндсэн зээлээс хүү тооцсон нь үндэслэлтэй гэж үзэв. Энэ талаар хариуцагч тал гэрээ хүчин төгөлдөр болсон үеэс буюу зээлийн төлбөрөө төлж байх үедээ маргаагүй мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан үед маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь “хамтран хариуцагч Э-н хувьд банк өөрийн эрсдэлийг хамгаалан зээлийн гэрээнд байхгүй ойлголт болох хамтран зээлдэгч гэсэн нэр гарган ирж Э-р гарын үсэг зуруулсан байгаа. Тэгээд банк зээлээ олгохдоо хамтран зээлдэгч хэмээн Э-г гарын үсэг зуруулчихаад ганцхан О-н данс руу мөнгийг хийсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээл хүчин төгөлдөр болно гэсэн байхад Э-д ямар ч мөнгө шилжүүлээгүй зөвхөн О-н данс руу хийсэн байж Э-г энхүү зээлийг төлөх ёстой гэж шаардаж байна. Э нь хариуцагч биш гэж үзэж байна” гэж маргаж байгаа боловч хариуцагч нарын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Зээлдэгч Д.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Э нарын банкнаас авсан зээлийн харилцаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах харилцаа биш юм.  

Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д “зээл олголтыг зээлийн дүнгээр зээлдэгчийн 1390013712 дугаар зээлийн дансанд мөнгө шилжүүлсэн эсхүл бэлнээр олгосон өдрөөс тооцно” гэж заасны зээлдэгч Д.О-н дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн байна. Энэ талаар хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Э маргаагүй бөгөөд 2019 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтөө хийж  явжээ. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д “зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй”, мөн 3 дугаар зүйлийн 3.3-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг зааж тохиролцсон байна. Гэрээний эдгээр заалтаас үзвэл Д.О, Б.Э нар нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үл хуваагдах, нэг төрлийн үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл хэн нь ч үүргийг хариуцан гүйцэтгэж болох ижил түвшний үүрэг хүлээжээ. Хамтран зээлдэгч гэдэг нь агуулгын хувьд Иргэний хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 лэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан зохицуулалтанд зохигчдын байгуулсан гэрээний дээрхи заалтууд нийцэж байна гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчинтөгөлдөр хэвээр байна” гэж заасан тул нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Д.О, Б.Э нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Хариуцагч Б.Э нь Д.О-н үүргийг хамтран гүйцэтгэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 453 дугаар зүйлд “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч Д.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Э нараас үндсэн зээлийн төлбөр 8.664.361 төгрөг, хүүгийн төлбөр 1.365.803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56.113 төгрөг, нийт 10.086.277. 12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд тооцооны төвд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Э нараас үндсэн зээлийн төлбөр 8.664.361 төгрөг, хүүгийн төлбөр 1.365.803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56.113 төгрөг, нийт 10.086.277.12 төгрөгийг гаргуулж Х банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О,хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Э нараас 197.131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.Ц