| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2019/00739/И |
| Дугаар | 144 |
| Огноо | 2020-02-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 144
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, ... хаягт оршин суугаа, О овогт Ө.Э -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, ... хаягт оршин байгаа, Э т холбогдох,
8,680,540 төгрөг гаргуулах тухай 132/2019/00739/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Э, түүний өмгөөлөгч нар М.Ганзориг, М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Хүний их эмчээр тасралтгүй 35 жил ажилласан. 2019 оны 9 дүгээр сарын13-ны өөрийн хүсэлт өгч өндөр настны тэтгэвээ тогтоолгосон. Эрүүл мэндийн тухай хуульд заасаны дагуу нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж авахаар Э т хүргүүлэн. Дансанд мөнгө орсон тухай надад хэлсэн. Дансаа очиж шалгахад 27.005.928 төгрөг орсон байсан. Өмнө нь 35 жил тасралтгүй ажилласан, учраас 35.686.468 төгрөг авна гэж бодож байсан. Дансанд 27.005.928 төгрөг орсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах ётой. Миний цалинг хөдөлмөрийн хөлсний доод жишгээр бодож олгосон байна. Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу сүүлийн 3 жилийн хугацаанд авч байсан цалингийн жишгээр тогтоож авмаар байна. Иймд тэтгэмжийн зөрүү 8.680.540 төгрөгийг Эрүүл мэндийн газраас нэхэмжиилж байна гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Эрүүл мэндийн газрын зүгээс иргэн Ө.Э гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай байгууллага тэтгэмжийг олгохдоо төсвийн жилийн урд жилийн саналыг авч Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Тухайн байгууллагын тогтоосон цалингийн жишгээр биш өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын тэтгэмжийн хэмжээгээр бодож олгодог. Тэтгэмжийн хэмжээг 2014 оны 406, 2015 оны 338 дугаартай тогтоолыг үндэслэж олгож байсан. 338 дугаартай тогтоолтоор төрийн албан хаагчид нэг удаагийн тусламж олгох тухай цалингийн 36 сарын дунджаар тогтооно гэж заасан байдаг. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол дээр нэг удаагийн тусламж олгох журам дээр сүүлчийн 36 сарын дунджаар олгоно гэсэн заалт байдаг. Тухайн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж яам руу хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамнаас цалингийн өндөр сүлжээг харгалзаж үзэхгүй. Манай байгууллагаас 1.072.355 төгрөгийг цалинг жилээр үржүүлж явуулдаг. 1.049.602 төгрөгийг 34 жилээр үржүүлж бодож явуулсан. 21 аймгийн эрүүл мэндийн салбараас хүн хүнээр нэр нь батлагдаж ирдэг. Эрүүл мэндийн яамнаас Ө.Э эмчид 27.592.280 төгрөг батлагдаж ирсэн. Манай байгууллагаас санхүүжилтээр батлагдаж ирсэн 27.592.280 төгрөгийг Ө.Э эмчийн дансанд хийсэн. Батлагдаж ирсэний дараагаар Ө.Э эмчээс та зөвшөөрч байна уу авахгүй байж болно гэж хэлж байсан. Засгийн газрын цалин тогтоосон 2019 оны 24 дугаартай тогтоолоор цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох 7 дугаар хавсралт ТҮЭМ-7-5 зэрэглэл цалин нь 893.425 төгрөг байна. Булган аймгийн Н ийн тогтоосон цалингийн жишиг нь 1.072.355 төгрөгөөр тогтоосон. Булган аймгийн Н ийн даргын цалин тогтоосон жишиг нь Засгийн газрын тогтоосон цалинтай нийцдэггүй. Ө.Э эмчийн хувьд 178.000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Үүнийг 34 жилээр үржүүлэхэд 8.000.000 төгрөгийн багцаа үнийн дүн гарч байгаа. Булган аймгийн Н ийн цалингийн жишгийг харлгзах боломжгүй гэж үзэж байна. Засгийн газрын тогтоосон ТҮЭМ-7-5 шатлал 893.425 төгрөг байгаа учраас манай байгууллага хариуцлага хүлээхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Э т холбогдуулан 8,680,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ө.Э нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын засгийн газрын 2019 оны 7 тоот тогтоолоор батлагдсан журмын 2.2 дахь заалт, энэ журмын 1.1 дэх заалтыг зөрчиж, Засгийн газрын баталсан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний доод жишгийг баримтлан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон байх тул тэтгэмжийн зөрүү 8,680,540 төгрөгийг нөхөн гаргуулах нь зүйтэй гэж тайлбарладаг бол хариуцагч Э нь өөрийн татгалзал түүний үндэслэлийг “Төрийн албаны тухай”, “Эрүүл мэндийн тухай” хуулиуд, Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 7 дугаар, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолыг баримтлан олгосон гэж тайлбарлан маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр Ө.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.Э нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын их эмчээр ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Булган аймгийн Эрүүл мэндийн газраас тэтгэвэрт гарах насанд хүрсэн ажилтан албан хаагчдын судалгааг гаргаж тэтгэмж авах тооцооллыг хийж нэхэмжлэгч Ө.Э гийн цалингийн 1 сарын дундаж хэмжээг 1.049.602 төгрөг байхаар тооцон бодож Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд Эрүүл мэндийн яамны сайдын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1а/4973 дугаартай албан бичгийн хавсралтаар Ө.Э гийн албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮЭМ-ийн 7-5 шатлалаар, сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундажийг 794.292 төгрөгөөр тогтоож 34 сараар тооцож 27.005.928 төгрөгийн тэтгэмж авахаар тэтгэмжийн хэмжээг тогтоосон байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 24 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтанд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг тодорхойлжээ. 7 дугаар хавсралтанд Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг тогоосон байх ба Ө.Э нь ТҮЭМ-7 зэрэглэлийн 5 дугаар зэрэглэлд хамаарах бөгөөд тухайн шатлалд сард 893.425 төгрөгийн цалинтай байхаар тогтоосон байна.
....Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно гэж заасны дагуу олгохоор зохицуулсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн нэхэмжлэгч Ө.Э гийн албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮЭМ-ийн 7-5-р шатлалаар, сүүлийн 3 жилийн цалингийн нэг сарын дундажийг 893.425 төгрөгөөр тогтоож тэтгэмж олгосон нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ө.Э нь тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 145.545 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хурмаажаас чөлөөлөгдөхөөр заасан байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.545 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иймд Э т холбогдуулан гаргасан Ө.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Э т холбогдох тэтгэмжийн зөрүү 8.680.540 төгрөгийг гаргуулах тухай Ө.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.545 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Э д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ