Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

Нэхэмжлэгч: Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.З-т холбогдох 2500000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэг, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.З нь Subaru Impreza маркийн 2003 онд үйлдвэрлэсэн хар өнгөтэй суудлын зориулалттай 09-05 ӨМӨ дугаартай авто машиныг 2019 оны 10 дугаар сарын 21-нд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцож авч явсан. Төлбөр болох 2 500 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн барагдуулахаар гэрээ хийж хугацаандаа төлбөрөө барагдуулахгүй тул нийт төлбөр болох 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нэхэмжлэгч М нь хариуцагч Зтай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг 2019 оны 10 сарын 21-ний өдөр байгуулж 2 сарын дараа буюу 2019 оны 12 сарын 21-ний өдөр гэхэд машины үнэ болох 2.500.000 төгрөгийг авахаар зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Гэрээг нотариатаар батлуусан. Гэрээний хугацаа дуусах хүртэл хариуцагч тал нь машины үнийг төлөөгүй. Гэрээний хугацаа дуусаны дараа машиныг авахгүй буцааж өгнө гэж хэлээд хашааны гадаа үлдээсэн байсныг нэхэмжлэгч хашаандаа оруулсан гэсэн тайлбар өгсөн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан учир машины үнэ болох 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа учир хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн машины амрозатор нь тавагнаасаа мултсан байгаа. Иймээс амрозаторын тавгийг нь солж өгөх саналыг гаргаж байна. Машин нь нэхэмжлэгчийн өөрийнх нэр дээр байгаа шилжүүлж аваагүй учир мөнгийг нь өгөх боломжгүй гэж үзэж байна. 1 сар 19 хоногийн хугацаанд тухайн машин нь байнгын эвдрэл гэмтэлтэй байсан. Машиныг буцаагаад нэхэмжлэгчид өгсөн. Би мөнгө төлөх хугацаанаасаа 2 хоног хэтрүүлсний дараа машиныг өгсөн. Бидний зүгээс эвдсэн зүйл байхгүй ...” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар,  2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Г.М нь гэрээний үүрэгт 2500000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ж.З нь 2200000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Талууд 2019 оны 10 сарын 21-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь автомашин, түүний үнийг төлөх асуудал байгаа асуудал байгаа учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцааны хүрээнд үүрэг үүссэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  талуудын тайлбар,  шинжлэн судалсан баримтуудыг үндэслэн үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг  аль алиныг нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  Учир нь:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч Г.М нь худалдан авагч Ж.Зын эзэмшилд эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө буюу гэрээний зүйл болох автомашиныг шилжүүлэх үүрэгтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт худалдан авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэг нь худалдах худалдан авах гэрээний 3.5-д “ Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлын талаар мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч тал хариуцахгүй”  гэсэн тул худалдан авсан автомашины биет байдлын доголдлын талаар мэдсэн даруйдаа худалдагч талд удаа дараа мэдэгдсэн, гэрээний зүйл болох автомашиныг буцааж өгөх талаар хэлж байсан боловч хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн, тул машиныг нь буцааж өгсөн гэсэн нь гэрээ болон хуульд зааснаар гэрээг цуцлахыг шаардах  эрхтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэг нь энэ эрхийнхээ хүрээнд удаа дараа Г.Мд хэлэх гэсэн боловч хүлээж аваагүй, утсаа аваагүй, тухайн автомашинд гэрээгээр хүлээсэн урсгал засвар, үйлчилгээг хийсэн хэдий ч автомашины эвдрэл гэмтэл засагдахгүй байгаа талаар хэлж үнийг буулгах талаар тохиролцсон ч хэлсэндээ хүрээгүй, автомашин эзэмшигчийн нэрийг нь шилжүүлээд өгөөч зэрэг шаардлагыг хүлээж аваагүй тул  2019 оны 12 сарын 12-нд гэрийнх нь гадаа аваачиж орхисон гэсэн  тайлбараар эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах санал гаргах эрхтэй байна гэж үзэв.

 Өөрөөр хэлбэл худалдагч Г.Мийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахт хэсэгт зааснаар худалдаж буй автомашины шинж чанарын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэв.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д “ Худалдагч эд хөрөнгий шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч хариуцахгүй” гэж тохиролцсон атлаа гэрээний нэмэлт нөхцлөөр “ Хүлээн авснаас хойш бусад эвдрэл гэмтэл, эрсдэл, торгууль зэргийг худалдан авагч тал хариуцна гэсэн нь худалдан авагчийн эрхийг үгүйсгэсэн буюу гэмтэлтэй, доголдолтой автомашины талаар бодит байдлыг нуун дарагдуулж худалдан авагчийн хүсэл зоригийн эсрэг заалт байна гэж үзэв.

Иймд Г.М, Ж.З нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан байна гэж үзээд  2500000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн Ж.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорчимэгийн мөн худалдах худалдан гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэг төрлийн шаардлагатай тул мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  Г.Мы нэхэмжлэлтэй Ж.Зоригбаатараас 2500000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг, Ж.Зын Г.Маас 2100000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөг, Ж.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48550 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.      

 

                                       

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА