Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Б.Бгийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаартай Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ныг хүртлэх нийт 12 сар 13 хоногийн цалин хөлсөнд 10,479,734 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ө, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/913 тоот тушаалаар Өмнөговь аймгийг Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Миний зүгээс ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Харин 2018 оны 10 дугаар сард болсон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас явуулсан хяналт шинжилгээ, үнэлгээ, аудитын шалгалтад Өмнөговь аймгийн хэмжээний 51 байгууллагаас 5 дугаар байранд/89 хувийн үнэлгээ авч/ орсон, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/310 тоот тушаалын дагуу зохион байгуулагддаг Албаны иж бүрэн шалгалтад А үнэлгээтэй дүгнүүлсэн, 2018 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг Б үнэлгээ авч дүгнүүлсэн байсан. Ажиллаж байх явцдаа 2018 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг Төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцсэн байсан.

2018 оны 09 дүгээр сараас эхлэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд албаны дотоод хяналт шалгалтыг нийт алба хаагчдын дунд 2-3 зохион байгуулахад тайлан төлөвлөгөөг олон сараар хийдэггүй, хийсэн ажлын илтгэх хуудас хангалтгүй, өдөр тутмын хөтлөх ёстой бичиг баримтууд цаг хугацаандаа хийгддэггүй гэх мэт зөрчлүүдийг илрүүлж, даргад \Хурандаа Л.Б\ танилцуулан ажилласан.

Гэтэл даргын зүгээс энэ байдлыг эсэргүүцэж манай байгууллагыг муухай харагдуулах гэлээ, ажилд ороод удаагүй байж алба хаагчдад шахалт үзүүллээ, манай байгууллага ийм л байсан, чи ингэх хэрэггүй гэх мэтчилэн над руу эсрэг хандлага үзүүлэх болсон.

Үүнээс хойш намайг удаа дараа өрөөндөө дуудаж чи ажлаа өг, өөрийн хүсэлтээр гарна гэж өргөдлөө өг, угаасаа чиний ажлын байран дээр эрэгтэй хүн авна гэж бодож байсан гэж дарамталдаг болсон. Миний зүгээс ажлын алдаа дутагдал гаргаагүй, тэгээд ч өөрийн хүсэлтээр гарах бодолгүй гэдгээ хэлсэн.

Миний зүгээс 2018 оны 10 дугаар сарын эхээр бие давхар болсон байсан бөгөөд ханиад хүндэрч хатгаа болсон тул 2018 оны 12 дугаар сарын 01-05-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгийн магадалгаа дуусаж ажилдаа ороход өмнөх шахалт дарамт улам ихсэж, чи яагаад өргөдлөө өгөхгүй байна, өнөө маргаашгүй ажлаа хүлээлгэж өг жирэмсэн юм уу, чи анхнаасаа жирэмсэн байж худлаа хэлж ажилд орсон байна гэхчлэн намайг өдөр бүр дарамталж шахсан.

Ингээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим өрөөндөө ажлаа хийгээд сууж байтал Л.Б дарга, орлогч дарга хошууч Ч.Б, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Д*******, архив бичиг хэргийн ажилтан ахлагч Б.Батзаяа нарын хамт өрөөнд орж ирэн Чи энэ хүмүүст ажлаа яг одоо хүлээлгэж өг гэхэд нь би ажлаа хүлээлгэж өгөхгүй, та ямар үндэслэлээр ингэж байгаа юм бэ гэж асуутал шууд л аймар чангаар орилж халгирч чи наад ажлаа өг, чи юу юм, чи энд ажиллах эрх байхгүй, ерөнхий газар ёс зүйгүй буруу томилсон, Лхамааг /миний нөхөр/ чинь хүртэл халуулна, өргөдлийн өгүүлнэ, намайг чадахгүй гэж бодож байна уу, чи өөрийнхөө чадлаар орсон гэж бодож байна уу, чамайг халуулахад амархан, чи одоо зайл яг одоо гар, юмнуудаа өг, өрөөгөө өг гээд тасралтгүй дайрч давшилсан. Тэр үед даргатай орж ирсэн бусад нь миний өрөөний сейф болон шүүгээнээс бичиг баримт материалуудыг гаргаж өөрсдөө бүртгэж хурааж аваад намайг өрөөнөөс хөөж гаргаад цоожилж лацдан, дахиж битгий үзэгдээрэй гээд хөөсөн.

Б.Б миний зүгээс байгууллагыг удирдаж байгаа хүнээс ийм гудамжны гэмээр ааш авир, бүдүүлэг үг яриа, үйлдлийг хараад үнэхээр гайхаж цочирдсон. Над руу хуруу гараараа чичлээд, маш чангаар бархирч орилж хөөгөөд өрөөнөөс гаргахад нь миний бие муудаж түргэн тусламж дуудан үзүүлсэн. Эмч үзээд зулбалт өгөх гээд байна яаралтай хот руу \Эх нялхасын төв\ явж үзүүл гэсэн бичиг өгч тэр өдөртөө хотод ирж эмчийн хяналтад орсон. Намайг түргэн дуудаад эмчид үзүүлж байх үед дарга миний нөхөр Лхамаагийн утас руу залгаж, яг одоо эхнэрийнхээ өргөдлийг өгүүл, чи ч гэсэн өргөдлөө өг, амьдарч байгаа байраа ч яг одоо суллаж өгөөд яв гэж дарамталж байсан.

Ингээд эмнэлэгт үзүүлэн эмчийн магадалгаагаар 14 хоног хэвтрийн дэглэм сахин эмчлүүлээд ажилдаа эргэн орох гээд орлогч дарга руу утсаар залгахад чи ирэх хэрэггүй өрөө сав чинь түгжээтэй хэвээр байгаа, чи харин өөрийн хүсэлтээр гарна гэсэн өргөдөл өг гэж дарамталсан. Эмнэлгийн магадалгаа дууссаны дараа ажил үүргээ гүйцэтгэх боломж олгохгүй байсан тул Ерөнхий газарт утсаар болсон асуудлыг хэлж ажлаа хийх боломжоор хангаж өгнө үү гэхэд судалж байгаад хариу өгнө гэж хүлээлгэсэн. Ингээд би хариу ирэхгүй болохоор нь дахин Онцгой байдлын ерөнхий газар луу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр утсаар лавлахад тушаал гарсан байгаа юм байна, ажиллаж байсан газраасаа аваарай гэсэн хариуг өгсөн.

Ингээд байгууллагынхаа хүний нөөцтэй ярьж хэлэхэд танд и мэйлээр явуулсан гэж хэлсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тушаалын хуулбартай танилцсан. Миний зүгээс ажлын алдаа дутагдал гаргаагүй тул үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу Төрийн албан зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн 613 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоотдоо ...Таныг томилохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй байхад төрийн жинхэнэ албан тушаалд томилсон байна. Иймд та Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/913 дугаар тушаалд холбогдох асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Б.Б миний зүгээс ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар гомдол гаргасан байхад ажилд орсон тушаалын асуудлаар шүүхэд асуудлаа шийдвэрлүүл гэсэн үндэслэлгүй \ойлгомжгүй\ хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхэд хандаж байна.

... Би ажил тасалсан зүйл байхгүй. Ажлын алдаа дутагдал гаргаж шийтгүүлж байсан тушаал шийдвэр байхгүй. Ажлаа хийж байгаад хөөгдөж гарсан. Буцаж ажилдаа орох гэж оролдсон боловч ямар ч боломж олгоогүй. Намайг орох оронгүй болгож нөхөртэйгөө хамт хүний нутагт гудманд гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй. Уг тушаалд дурдсан хууль зүйн үндэслэлүүд нь тухайн хүнийг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл биш. Дурдсан заалт нь агентлагийн даргын бүрэн эрх, гаргах шийдвэрийн хэлбэр мөн сахилгын арга хэмжээ авах шийдвэрийн төрлийг дурдсан болохоос Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлаагүй. Мөн маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж заасан. Хэлэлцүүлгийн үед шүүгчийн асуултад хариулахдаа энэ нь нэг зүйл гэж хариулсан тул ажил тасалсан. Ажил тасалсан гэх хугацаа нь ямар хугацааг хамаарч байгаа вэ гэхээр шүүхэд гаргасан хариу тайлбарт 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажил тасалсан гэсэн байна. Тэгэхээр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт дурдсан хугацаагаар нь хөөж үзвэл хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас, 192-193 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар хуудас, 90 дүгээр хуудаст авагдсан ирцийн бүртгэл нь нэг л ирцийн бүртгэлийн нүүр гарчгаар зурагжуулсан байна. Арын хуудсуудыг үзвэл 4 өөр янзаар хэвлэж, нотлох баримтыг шүүхээс шаардах болон анх хариу тайлбар ирүүлэхдээ хавсаргаж өгсөн баримт нь өөр өөр байна. Тиймээс хариуцагчийн хариу тайлбарт дурдаж байгаа тасалсан гэх хоногийг нотлох баримт биш. Өөрөөр хэлбэл нотлох чадвараа алдаж байна. Аль нь үнэн зөв нотлох баримт вэ гэдгийг үнэлэх боломгүй байна. Тиймээс олон хоног ажил тасалсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Олон хоног ажил тасалсан явдал нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн гэж байна. Тэгэхээр Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар ёс зүйн хороотой боловч тухайн албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан талаар авч хэлэлцсэн зүйл байхгүй. Өргөтгөсөн хурал хийх гэж байгаа талаар өөрт нь мэдэгдээгүй. Утсаар ярьж болж байсан байна. Сонсох ажиллагаа эсхүл тухайн хүнийг ажлаас халах нөхцөл байдлыг тогтоохын тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, хангалттай арга хэмжээ авсан нь тогтоогдохгүй байна. Чи алжаа өг, хурдан ирж өргөдлөө өг гэж л 4 удаа холбогдсон. Утсаар ярьж болж байгаа юм чинь таныг ийм үндэслэлээр халах гэж байна гэж ядаж зурвас үлдээж өргөтгөсөн хуралдаан болох гэж байгаа талаар болон ажлаас халах талаар мэдэгдлийг өгөх боломжтой байсан. Мөн хавтаст хэргийн 79-88 хуудаст авагдсан Онцгой байдлыг ерөнхий газрын даргын А/86 дугаар тушаалаар батлагдсан журамд зааснаар хувийн хэрэг хөтлөх мөн Захиргааны ерөнхий хуулийн 40, 60 дугаар зүйлийг хангасан байх ёстой гэж заасан. Сонсох ажиллагааны талаар актыг өөрт нь мэдэгдсэн зүйл байхгүй. Журмын 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт сонсох ажиллагаа явуулах боломжоор хангаж, хангасан талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт хавсаргана гэж заасан. Гэтэл энэ журмыг огт хэрэгжүүлээгүй. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийн бүх зүйл үнэн гэж тайлбарлаагүй. Байгууллага тэр чигээрээ Б.Бг буруутгасан байна. Уг хуралдаанд Л.Б дарга үг хэлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл шалтгаангүйгээр ажил тасалсан байна гэсэн байна. Уг тэмдэглэлд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс хойш гэдэг үг байхгүй. Ирцийн бүртгэл болон рапортын дэвтрийг өөрчилж Б.Бгийн бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй байгаа нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлтэй байна. 2019 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдөр н.Лхамаа жижүүр хийж рапортын дэвтэр хөтөлсөн байна. Гэтэл н.Лхамааг 2019 оны 01 дүгээр сарын 11-12 өдөр ажил тасалсан гэж бүртгэсэн байна. Тэгэхээр ирцийн бүртгэлийн дэвтэр нотлох чадваргүй байна. Эсхүл рапортын дэвтэр хуурамч, эсхүл ирцийн бүртгэл хуурамч. Тэгэхээр нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, засаж залруулж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт Б.Бг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлдэггүй гэж байгаа боловч ямар үүрэг даалгавар өгч ямар байдлаар гүйцэтгээгүй гэдэг талаар нотлох баримт байхгүй байна. Мөн хамт олны дунд орж ажиллаж чадаагүй талаар нотлох баримт байхгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар гаргасан. Цалин хөлсийг дундаж цалин хөлс тооцох журамд зааснаар хамгийн сүүлийн 3 сарын дундаж болох 832,258,000 төгрөг гэж тодорхойлсон. Нэг өдрийн цалин хөлс нь 37,829 төгрөг, нийт ажилгүй байсан хугацаа нь 12 сар 13 хоног ингээд нийт 10,479,744 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Б.Бг ажилд авахдаа шалгуур тавьж тухайн албан тушаалын шалгуурыг хангах эсэхийг ярих боломжтой байсан. Б.Б өөрөө өөрийгөө тэр ажилд томилоогүй. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон. Мөн төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх үндэслэлгүй. Учир нь төрийн албанд анх орохдоо Онцгой байдлын ерөнхий байдлын газрын даргын тушаалаар орж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар халагдсан. Захиргааны ерөнхий хуульд хамаарах эрх бүхий байгууллага агентлагийн газрын даргын тушаал нь захиргааны акт. Тиймээс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн гэж үзэж байна. Мөн Төрийн албан хаагчийн тангаргийг өөрөө өргөж өөрийгөө баримтжуулдаг зүйл биш. Тушаал гаргаж, тангараг өргүүлж байгаа нь төрийн байгууллагын хийх ажил. Б.Б төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Байгууллагын нийт ажилчдаас 20 гаран хүн тангараг өргөж, уг баримтыг архив бичиг хэрэг хөтлөх журмын дагуу сейфэнд хадгалсан. Ажил хүлээлцэх боломжгүйгээр хөөж гаргасан тул Тангаргийн бичгийг авах боломжгүй байсан. Тангаргийн бичгийг хариуцагч байгууллага гаргаж өгөөгүй. Хариуцагч байгууллага баримт гаргаж өгөөгүй нуун дарагдуулж байгаа явдал нь Б.Бгийн эрх ашгийг хөндөж шийдвэрлэх үндэслэл болох боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлийн тухайд Шадар сайдын 2017 оны 12 дугаар сарын 522-ны өдрийн 105 дугаар тушаалын хавсралтаар Онцгой байдлын газар алба хаах журмыг баталсан. Хавсралтын 2 дугаар бүлгийн 2.6 дугаар зүйлд зааснаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний болон гэрээт алба хаагчид ажлын байрны тодорхойлолтод заасан буюу ажил үүргийн хуваарийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд төрийн тусгай алба хаагчид ажлын байрны тодорхойлолт үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу үр дүнгийн гэрээгээр байгуулж ажиллана гэж заасан. Б.Б нь үр дүнгийн гэрээгээр ажиллаж байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын төрийн цэргийн байгууллын тогтолцоонд хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Иргэн Б.Б нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/913 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон. Онцгой байдлын байгууллагад түүний ажиллах нөхцөл бололцоог хангаж, алба хаагчдын орон сууцанд амьдруулах зэргээр холбогдох арга хэмжээг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас авч байсан байна.

Гэсэн хэдий ч Б.Б нь ахлах мэргэжилтнээр томилогдсоноос хойш хугацаанд хамт олныхоо дунд орж чадаагүй бөгөөд удирдах албан тушаалтны үүрэг даалгаврыг болон ажлын байрны тодорхойлолтод /тухайн үеийн нэршлээр/ заасан үүргээ биелүүлж чаддаггүй, байгууллагын дотоод ажилд оролцдоггүй, ажлын цагаас байнга хоцорч, тасалдаг, бусдаас хувийн ашиг сонирхлын шинжтэй хүсэлт тавьж түүнийг нь биелүүлэхгүй бол өширхөх хандлага гаргадаг, бусдын үйлдэл, яриаг байнга дүрсээр болон дуу бичлэгт хураах зэрэг бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлж ирсэн байна.

Иргэн Б.Б нь 2018 оны 10 дугаар сард жирэмсэлсэн гэх бөгөөд энэ талаар байгууллага, хамт олондоо албан ёсоор мэдэгдээгүй, эмнэлэгт үзүүлсэн хяналтад байсан талаар баримтыг өгөөгүй байна. Тэрээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шалтгаангүйгээр ажил тасалж холбоо барих нөхцөл бүрдүүлээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19.00 цагийн орчимд ажилдаа очиж, нөхөр Т.Лхамаагийн тэтгэврийг хөөцөлдөх гэх шалтгаанаар Улаанбаатар хот явах чөлөө хүссэн байна.

Дээрх хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан, гэтэл дахин чөлөө авахаар хандсан, жилийн эцэст гаргах тайлан мэдээг гаргаагүйгээс бусад албан тушаалтнууд ажлын бус цагаар нэхэмжлэгчийн хариуцсан ажлын тайланг гаргасан зэрэг шалтгаанаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, Б.Б нарын хооронд маргаан үүссэн байна ...Б Б нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын алба хаагчдын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах Эрх бүхий албан тушаалтнаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар томилогдсон.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, хуулийн хугацаанд гаргуулах үүргийг Б.Б нь ажил тасалж, холбогдох боломжгүй байсантай холбоотойгоор тус газрын эмч-сэтгэл зүйчээр ажиллаж байсан ахлах дэслэгч Б.Б*******ийг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар эрх бүхий албан тушаалтнаар томилуулан ажиллуулж, тус газрын алба хаагчдын ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд гаргуулсан.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын цахим үнэмлэх захиалах мөнгийг алба хаагч бүрээс 6000 төгрөг хураан авсан боловч захиалга хийгдээгүй, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ахлах дэслэгч Б.Д******* цахим үнэмлэхийн мөнгө хурааж авсан байна. Яагаад захиалга хийгээгүй талаар Б.Бтай 88******* дугаарын утсаар холбогдоход Би энэ асуудлыг өөрөө шийднэ гэж хэлсэн боловч бөгөөд одоог хүртэл шийдэгдээгүй байгаа нь хувьдаа ашигласан байх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Бгийн дээрх үйлдэлтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн бөгөөд хуралд оролцогсдын 100 хувийн саналаар Б.Бтай цаашид хамтран ажиллах боломжгүй тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/86 дугаар тушаалаар баталсан Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам-д заасны дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Б.Бг албанаас чөлөөлүүлэх саналыг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхдээ сонсох ажиллагааг зохион байгуулсан байх бөгөөд Б.Б нь та нар халчих, би дараа нь ярих юмаа ярина гэх заналхийлэх хэлбэрээр хариу өгч, утсаа салгасан байна. Энэ хугацаанд Б.Б нь өөрийгөө жирэмсэн бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар мэдэгдээгүй байсан.

Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам-д заасны дагуу холбогдох баримт материалыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Б.Бд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан хугацаанд нэхэмжлэгч Б.Б нь түүнд ногдуулсан халах сахилгын шийтгэлийн талаар ямар нэг гомдлыг Онцгой байдлын ерөнхий газарт гаргаагүй тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/280 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ахлах дэслэгч Б.Б-г томилсон.

Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олон нийтийн сүлжээгээр буюу Зариг.мн сайтаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн /сул орон тоо, нөхөн хангалтын/ талаарх мэдээллийг тараасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл-ийн 39.1.16 хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах гэсэн заалтыг зөрчин хувьдаа ашиглах зорилгоор Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн холбогдох баримт бичгийг албанд хүлээлгэн өгөлгүй авсан байх магадлалтай байна.

Уг асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Б.Бгийн мэдээллийг шалгахаар ажилласан байна. Тус шалгалтаар Б.Б нь томилогдсоноос хойш 6 сар ажиллах хугацаандаа 3 сар ажиллаж, 3 сар ажиллаагүй, мөн ажилд томилогдохоос өмнө 2 удаа гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, албан үүргээ хангалттай биелүүлж байгаагүй, бусдыг дарамтлах, хууль бусаар бусдын яриаг дүрс, дуу бичлэг хийдэг байсан зэрэг зөрчлүүд тогтоогдсон байна.

Мөн түүний гаргасан мэдээллийн дагуу Үндэсний аудитын газар, Хүний эрхийн комисс зэрэг газруудаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт шалгалт хийж, зөрчилгүй гэх дүгнэлтүүдийг гаргасан байна. Нэхэмжлэгч Б.Б нь төрийн алба хаах явцад болон төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа гаргасан ёс зүйгүй үйлдлүүд нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй зэргээс цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүй.

... Б.Б нь ажлаа таслаад явсан тул ажлаас халахад нь асуудлыг тавьж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэж хариу тайлбартаа дурдсан бэ гэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтсэн. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийгээд сууж байхад хөөсөн гэсэн байна. Үүнтэй холбогдолтой асуудлыг гаргаж тавьсан. Түүнээс агентлагийн даргын тушаал гарахдаа 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгож гэж гарсан. Тэгэхээр 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Б.Б ажлаа хийгээгүй. Хэрэв хэлмэгдүүлсэн, дарамталсан гэж байгаа бол энэ талаар гомдлоо яагаад гаргаагүй юм. Өнөөдөр шүүх хуралдаанд ороогүй болохоор нэг хүний нэрийг бариад ярьж байна. Зариг.мн сайтыг үзвэл н.Ү******* гэх хурандаагийн төрсөн дүү нь энэ байгууллагад ажилладаг гэж гүтгэлгийн шинжтэй зүйл ярьсан. Дараа нь н.Ү******* гэх хүн хэвлэлийн хурал хийж надад эрэгтэй дүү байхгүй. Нэг эмэгтэй дүүтэй гэх тайлбар хийсэн. Гэтэл өнөөдөр болохоор н.Ү*******т л бүх зүйлийг хэлж гомдол гаргаж байсан гэж байна. Гомдол гаргасан бол Онцгой байдлын газрын хэмжээнд амаар болон бичгээр гаргасан бүх гомдол Г.А гэх хуулийн мэргэжилтэн дээр төвлөрдөг. Гэтэл ямар нэг гомдол гаргаагүй. Төрийн албаны салбар зөвлөлд албан бичгээр хандахад ямар нэг гомдол гаргаж байгаагүй байна. Гэтэл ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсны дараа намайг дарамталсан гэж гомдол гаргасан. Хүний эрхийн үндэсний комисс, эрх бүхий байгууллага нь шалгаад дарамталсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан. Төрийн албаны зөвлөл шалгалт өгөөгүй байна гэх хариу өгсөн. Гэтэл би төрийн албан хаагчийн тангараг өргөсөн гэж тайлбарлаад байна. Энэ нь өөрийн үйл ажиллагаанд орж чадаагүй. Аливаа зүйлийг өөрсдийн бодлоор тэгсэн бол ингэсэн байх ёстой гэж нотлох баримтгүй тайлбарлаж байна. Рапортын дэвтэр гаргуулахаар хүссэн. Рапортын дэвтрийг нь эх хувиар нь гаргаж өгсөн. Гэтэл үүн дээр байхгүй юм чинь ингэсэн гэх байдлаар нэг тал руу нь гуйвуулж тайлбарлаад байгаа нь зүйд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд зааснаар тавигдах шаардлага гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл нь хэм хэмжээний актад тавигдах шаардлага. Үүнийг захиргааны актад тавигдах шаардлагатай хольж байгаа нь өөрөө ойлгоогүй байна гэж харагдаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хөөсөн гэх боловч нотлох баримт байхгүй. Үнэхээр хөөж гаргаад амьдрах газаргүй болсон бол гомдлоо гаргах бүрэн эрхтэй байсан. Гэтэл байраа чөлөөлөөд сураг чимээгүй явж байснаа дараа нь би тэгсэн ингэсэн гэж нотолгоогүй тайлбар гаргаж байна. Ажил тасалсан нь тогтоогдож байна. 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл маргаантай байлаа гэхэд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажил тасалсан.

... Урьдчилсан мэдүүлэг хийхэд хүндрэлтэй байдаг тул 2 хүн хийдэг. Б.Б нь хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зүйлийг өөрөө ч сайн ойлгохгүй. Зөвхөн нэр явуулсныгаа би тайлан гаргаж явуулсан гэх мэтээр тайлбарлаж байна. Мөн н.Б*******ийг эрх бүхий албан тушаалтнаар томилсон нь Б.Б ажлаа хийгээгүй гэдгийг нотолж байна. Хэрэв анхаарч үзвэл Б.Бг ажлаас чөлөөлөхөөс өмнө энэ арга хэмжээг авсан. Хэрэв Б.Б ажлаа хийсэн бол Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж байж энэ ажиллагааг хийх шаардлагагүй байсан. Утсаар залгахаар авахгүй, нөхөр нь аваад байхгүй гэж хэлдэг. Эсхүл өөрөө аваад та нар хал гэж хэлдэг. Ажлаас чөлөөлөгдсөний дараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандсан. Тухайн үед төрийн нууцтай холбогдолтой тоо мэдээлэл яриад байна гэж гайхаж байсан. Гэтэл энэ мэдээлэл нь худлаа байсан тул тагнуулын байгууллагад хандаагүй. Үнэмлэхийн мөнгө яасан бэ гэж асуухаар би мэдэж байна. Өөрөө шийднэ гэж хэлсэн. Хэрэв сейфт нь байсан юм бол утсаар ярихад нь сейфт байгаа гэж яагаад хэлээгүй юм ... Ажлаа ойлгохгүй байна гэдгийг өнөөдөр өөрийнх нь тайлбараас харж байна. Ажил тасалсных нь төлөө дахин ажилд авах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2 сарын хугацаанд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг хамгийн дээд түвшинд хүргэсэн гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. 1 сарын хугацаанд ажилтайгаа танилцана. Хэн яагаад Б.Бд шалгуулдаг юм. Б.Бгийн ажлын чиг үүрэгт шалгах үүрэг байхгүй. Цэргийн байгууллага бол цэргийн байгууллага байдаг. Тушаалаар ажил хийдэг. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би уурласан нь үнэн. Би буруугаа хүлээж байгаа. Уурласан шалтгаан нь ажлаа үндэслэлгүй тасалсан. Асуухаар өвчтэй гэдэг. Яагаад өвчтэй байдаг юм мэдэхгүй. Жилийн эцсийн тайлан гарах гэж байсан. Хүний нөөцөд маш олон бичиг цаасны ажил байдаг. Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд явж байхдаа Б.Б ажилдаа ирсэн үү гэж олон удаа асуухад ирээгүй эмнэлэгт хэвтсэн гэсэн. Яагаад эмнэлэгт хэвтдэг юм бэ гэхэд мэдэхгүй гэсэн. Мөн Онцгой байдлын ерөнхий газар болон манай байгууллага, манай байгууллагын эмч Б.Бг жирэмсэн гэж мэдээгүй. Надад өөрөө би жирэмсэн гэдгээ хэлээгүй. Би хүнийг жирэмсэн эсэхийг мэдэх боломжгүй бид өргөтгөсөн хурал хийсэн. Бүх хүмүүс гайхсан. Б.Б угаасаа худлаа хэлдэг гэдгийг манай байгууллагын бүх хүн мэддэг тул худлаа ярьсан гэдэг нь тогтоогдсон. Дараа нь надаас чөлөө авах гэсэн юм. Манай нөхөр тэтгэвэрт гарах өргөдлөө өгөх гэж байгаа. Тэр ажлыг нь хөөцөлдөнө гэхэд нь би чөлөө өгөхгүй гэсэн. Удахгүй өндөржүүлсэн бэлэн байдал зарлана. Мөн жилийн эцэс болж байхад ажлаа яах гэж байгаа юм чөлөө өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл би явах ёстой явна гэхэд нь би уурласан. Чи дандаа яагаад ингэж худал зүйл ярьж явдаг юм. Дандаа яагаад чөлөө авдаг юм гэж хэлсэн. Би өмнө нь чөлөө өгдөг байсан. Албан хаагчдаа амаар болон бичгээр цалинтай чөлөө өгдөг байсан. Чөлөө өгөөд цалингаас нь хасаж тооцож байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явна гэхээр нь бухимдаж тэр чигээрээ яваарай гэж хэлсэн. Тэгээд өрөөндөө орж тайвшраад буцаад өрөөнд нь ортол явчихсан байсан. Б.Бгийн ярьж байгаа шиг өрөөг нь лацдаж цоожилсон зүйл байхгүй. Б.Бг мэддэг тул гэрч болох 4-5 хүнтэй хамт орсон. Дараа нь би өөрөө утасдаж асуугаагүй. Хүнээр асуулгахад яваад өгсөн гэсэн.

Эмнэлэгт хэвтсэн үгүйг нь мэдэхгүй. Улаанбаатар явчихсан байна гэсэн. Тэгээд дахиж ирээгүй. Б.Б нь 3 сарын хугацаанд миний байгууллагыг тэргүүний байгууллага болгож бүх ажлыг нь сайжруулна гэж байхгүй. Цэргийн байгууллагын талаар мэдэхгүй хүн анх орж ирсэн. ... Гэтэл Өмнөговь аймгийн иргэн биш Дундговь аймгийн иргэн болж таарсан. Би албан хаагчийн сууж байсан байрыг суллаж байранд оруулж байсан. Сүүлдээ бид танд туслахгүй бол таныг энэ нутгийнхан ингэдэг юм байна гэсэн зүйл ярьсан. Би түүнд нь итгээгүй. Би 3 жил хамт ажилласан хамт олноо мэднэ. Манай байгууллагын уур амьсгал Б.Бг ирснээс хойш эвдэгдсэн. Б.Бгийн хажууд юм ч ярихаа больсон. Дандаа бичлэг хийдэг гэсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгийн Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаартай Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ныг хүртэлх нийт 12 сар 13 хоногийн цалин хөлсөнд 10,479,734 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Б.Б нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/913 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр[1][1], Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн Б/93 тоот тушаалаар Б.Бг хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтнаар[2][2] тус тус томилсон байна.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн Б.Бг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халах шийтгэл ногдуулжээ[3][3].

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил хийлгэхгүй хэмээн өрөөнөөс хөөж гаргасан, үүнээс хойш биеийн эрүүл мэндийн байдлаас хамааран ажилдаа очих боломжгүйгээ мэдэгдсээр байхад ажил тасалсан үндэслэлээр халж шийдвэрлэсэн хууль бус гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн нь олон хоног ажил таслах ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд холбогдох газрын даргын зөвлөлийн хурлаас шийдвэрийг үндэслэж ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны Б.Бг албанаас чөлөөлүүлэх саналыг үндэслэсэн тул маргаан бүхий акт нь хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.1.3-т төрийн албанаас халах гэж тус тус заажээ.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б нь хэдийгээр цэргийн болоод төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй боловч төрийн албан тушаалд томилогдож, тухайн албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаагийнхаа хувьд хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн үүргийг биелүүлж, ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх шаардлагатай.

Монгол улсын Шадар сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар тушаалаар батлагдсан Онцгой байдлын байгууллагад алба хаах журам-ын 7 дугаар зүйлийн 7.5-д Хуульд заасан үндэслэл...-ээр онцгой байдлын байгууллагын алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна[4][4].

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/799 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хууль дээдлэн хэрэгжүүлэх ёс зүйд Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд даган мөрдөж байгаа дэг журам, дүрэм зааврыг чанд сахих[5][5] гэж, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам[6][6]-ын 4 дүгээр зүйлийн 4.6.1-д тус газрын алба хаагч нь Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журам, төрийн албаны стандартыг сахиж, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг хүлээжээ.

 

Төрийн албан тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоох-оор заасан болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдад мөрдүүлэхээр тогтоосон дээрх эрх зүйн актуудын зохицуулалтаас үзвэл, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ажил тасалж албан үүргээ гүйцэтгэхгүй байх нь ёс зүй зөрчсөн зөрчил гэж тооцохоор байх ба Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтыг байгууллагадаа хүргүүлээгүй атлаа ажилдаа очоогүй, албан үүргээ гүйцэтгээгүй ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал,

Нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Бг албан өрөөнөөс, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албаны байрнаас хөөж гарган, дахин ажлын байранд нэвтрүүлээгүй гэж тайлбарлах боловч энэ талаараа Онцгой байдлын ерөнхий газрын эрх бүхий этгээд болон холбогдох нэгжид мэдэгдэж, гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй.

Мөн тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... энэ талаар ерөнхий газрын Хүний нөөцийн албаны дарга хурандаа н.Ү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал н.Б нартай маш олон удаа утсаар холбогдож хэлж байсан. Чиний асуудлыг судалж байна. Хариу шийдвэр өгнө гэсэн болохоор хүлээж байсан гэх боловч маргааны энэхүү тохиолдолд удирдах дээд албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг утсаар болон амаар бус албан ёсоор, бичгээр гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай байжээ.

Харин Хүний эрхийн үндэсний комиссоос Б.Бгийн гаргасан гомдлын мөрөөр шалгалт хийж 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/278 тоот албан бичгээр таныг ажлын байрны дарамтад өртсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна [7][7] гэсэн хариуг өгснөөс үзвэл, нэхэмжлэлийн жирэмсэн гэдгийг мэдээд өргөдлөө өг гэж дарамталж ажил хийлгээгүй, ажлын байрны чиг үүргийн дагуу тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхээс татгалзаж хөөж гаргасан атлаа халах тушаал гаргасан гэсэн үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.

 

Б.Бгаас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ ...12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эмчийн магадалгаагаар 14 хоног хэвтрийн дэглэм сахиад... гэсэн боловч энэхүү тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй.

Харин тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс мөн сарын 31-нийг дуусталх хугацаанд өвчтэй байсан талаарх Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн магадалгааг шүүхэд ирүүлсэн[8][8] боловч Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нэр бүхий 13 албан хаагчаас Б.Б нь 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажил тасалсан ... болохыг тодорхойлж гарын үсэг зурсан[9][9] байх ба мөн газрын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 30/249 тоот албан бичигт ...2018 оны 12 дугаар сард эрүүл мэндийн улмаас захиргааны чөлөө авах хүсэлтээ амаар болон бичгээр гаргаж байгаагүй[10][10] гэжээ.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 2019 оны 01 дүгээр сарын 3-ныг хүртэлх ажлын 6 хоногийг хугацаанд Б.Б нь ажилдаа очоогүй, албан үүргээ гүйцэтгээгүй болох нь гэрч Б.Б-ийн ...2018 оны жилийн эцсийн газрын тайлан явуулаагүй алга болсон. Өвдсөн гэж хэлсэн боловч акт авчирч өгөөгүй. Тэгээд бүрэлдэхүүнээр 2-3 хоног шөнийн 1, 2 цаг хүртэл сууж тайланг хийж ерөнхий газар луу явуулж байсан[11][11] гэсэн, гэрч Ч.Б-н ...2018 оны 12 дугаар сард жилийн эцсийн тайлан мэдээний цагаар өвчтэй гээд ирэхгүй байсан. 24-нд ирэхэд нь ажлаа хий гэхэд би танай хувийн ажилтан биш гээд ажлаа хаяад явсан[12][12] гэсэн тайлбаруудаар тогтоогдов.

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа байрнаасаа хөөгдсөн, байх газар байхгүй байсан тул Өмнөговь аймагт очоогүй хэмээн тайлбарлаж 2019 оны 01 дүгээр сарын 06-ний өдрөөс хойш маргаан бүхий Б/45 тушаал гарах хүртэлх хугацаанд ажлын байрандаа очоогүй гэдгээ үгүйсгээгүй ба энэхүү тайлбар нь дээр дурьдсан нэхэмжлэгчийн өөрийнх тайлбарууд болон түүнээс гаргаж ирүүлсэн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирохгүй байх тул 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 6 хоногийг хугацаанд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нь ажилдаа очоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, ажилдаа очоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн нотлох чиг үүрэгт хамаарахгүй тул шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулахгүй, нэхэмжлэгчийн өвчтэй байгаагаа утсаар мэдэгдсэн боловч харгалзаагүй гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

Түүнчлэн Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс мөн сарын 31-нийг дуусталх хугацаанд өвчтэй байсан талаарх Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн магадалгааг шүүхэд эх хувиар нь ирүүлж магадалгаагаа өгөхөөр очсон гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баас шүүх хуралдаан гаргасан тайлбартаа жирэмсэн гэдгээ ч хэлээгүй, өвчтэй гэж байхгүй байж байчхаад 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу явна, чөлөө авъя гэж орж ирсэн тул би бухимдаж чөлөө өгөхгүй гэж хашхирсан. Тэрээр 1 сарын 05-ны ням гарагт гэрээ нүүлгэж байр суллаад явсан. Эмнэлгийн бичиг байгууллагад ирүүлээгүй гэж тайлбарласан.

Зүй нь төрийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлын байрандаа очиж, албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, шалтгааныг нотолсон баримтыг хүргүүлснээр түүний ажлын чиг үүргийг өөр албан тушаалтнаар хавсруулан, эсхүл түр орлуулан гүйцэтгүүлэх эрх зүйн үндэслэл бий болж улмаар төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжих нөхцөл бүрдэхээр байтал Б.Б эмнэлгийн магадалгааг шүүхэд эх хувиар нь ирүүлсэн боловч эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээгүй гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 04-өөс 24-ний хооронд өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ажилдаа ирээгүй, бусад алба хаагчид ажлыг нь хувааж авч хийж байсан гэсэн тайлбар эргэлзээгүйгээр тогтоогдсонгүй. Тодруулбал,

Хариуцагчаас болон шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн, түүнчлэн даалгавар гүйцэтгүүлэх захирамжийн дагуу Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, тус шүүхээс дахин шаардсаны дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн алба хаагчдын мөн хугацааны ирцийн бүртгэлийн дэвтэрт Б.Бгийн ирцийг бүртгэсэн бүртгэлүүд зөрүүтэй[13][13] байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний албан хэрэгцээнд ашигладаг цахим хаягт хийсэн үзлэгээр Б.Бгийн хариуцаж байсан [email protected] цахим хаягаас 2018 оны 12 дугаар сарын 04-өөс 26-ны хооронд 4 удаа цахим шуудан ирсэн нь хадгалагдаж байхын зэрэгцээ мөн хугацаанд [email protected] цахим хаягаас 01 тоот албан даалгаврын биелэлт, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийн дүн, чөлөөлөгдсөн албан хаагчдын судалгаа, төрийн жинхэнэ албан хаагчийн үнэлгээг нэгтгэх хүснэгт зэрэг хавсралтуудтай болон судалгаа хүргүүлэв, зассан судалгаа хүргүүлэв, амрыг эрье, хасхом судалгаа хүргүүлэв, тайлан хүргүүлэв, өмнөговь аймаг, ... зэрэг нэртэй 23 удаа цахим шуудан явуулснаас[14][14] үзвэл, Б.Бг 2018 оны 12 дугаар сарын 04-өөс мөн сарын 24-нийг хүртлэх хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас ажлаа тасалсан нь ёс зүйн зөрчил гэж үзвэл, тус байгууллагын ёс зүйн хороо нь албан хаагчаас тайлбар гаргуулж улмаар хуралдаж шийдвэр гаргах шаардлагатай байсан хэмээн тайлбарлах боловч захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд Б.Б нь утсаа аваагүй, дуудлага аваад та нар сонсох ажиллагаа явуулж байгаа биздээ. Ажлаас халчих, дараа нь би ярих юмаа ярина[15][15] гэж хариулсан болохыг тэмдэглэсэн байх ба энэ асуудлыг Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж Б.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал[16][16]-ыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байх тул тусгайлан ёс зүйн хороо хуралдаж шийдвэрлэх шаардлагагүйн дээр ёс зүйн хороо ажиллаж ёс зүйн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримт гаргах эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Б.Бг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халж шийдвэрлэсэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлж гаргасан шийдвэр гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн Б.Б нь төрийн албаны шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хэмээн тайлбарлан маргах боловч шүүхээс хийсэн үзлэгээр Б.Б нь төрийн албаны шалгалт өгсөн, тэнцсэн үйл баримт тогтоогдоогүй, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/1054 тоот албан бичигт ...Б овогтой Б-н төрийн албан хаагчийн шалгалт өгсөн тухай бүртгэл, мэдээлэл байхгүй[17][17] гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаа нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах ба маргааны тохиолдолд Б.Б нь хэдийгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан байх боловч төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул энэхүү баталгаагаар хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрх үүсэхгүй.

Иймд Б.Бгаас Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаартай Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ныг хүртлэх нийт 12 сар 13 хоногийн цалин хөлсөнд 10,479,734 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бгаас Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаартай Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ныг хүртэлх нийт 12 сар 13 хоногийн цалин хөлсөнд 10,479,734 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.МӨНХЗУЛ

 

[1][1] 1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь талд

[2][2] 1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь талд

[3][3] 1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх талд

[6][6] 1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх талд

[7][7] 1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь талд

[8][8] 1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь талд

[9][9] 1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь талд

[10][10] 1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь талд

[11][11] 1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх талд

[12][12] 1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь талд

[13][13] 1 дүгээр хавтаст хэргийн 69, 192, 2 дугаар хавтаст хэргийн 87, 91 дэх талуудад

[14][14] 2 дугаар хавтаст хэргийн 60-72 дахь талд

[15][15] 1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх талд

[16][16] 1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь талд

[17][17] 1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь талд