Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0724

 

 

 

 

 

 

“Ш”  БСБ-ын

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0915877 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар

Гомдол гаргагч: “Ш”  БСБ

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч

Хэргийн индекс: 128/2025/0328/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч “Ш”  БСБ нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0915877 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ш”  БСБ-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Э.Б-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татварын улсын байцаагчийн оногдуулсан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0915877 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Зөрчлийн хэргийн гомдол гаргагч Г.Х нь “төлбөрийн баримт олгоогүй” гэдэг асуудлаар гомдол гаргаагүй, өөрт нь олгосон 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн LU28479830 дугаартай баримтыг давхардуулан олгосон гэж гомдол гаргасан байдаг. Гэтэл татварын улсын байцаагч уг гомдлын дагуу төлбөрийн баримтыг сургуулийн буруутай үйл ажиллагааны улмаас гомдол гаргагчид давхардуулан олгосон уу эсхүл тухайн гомдол гаргагч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас төлбөрийн баримтаа бусдад уншуулсан уу гэдэг нөхцөл байдлыг тогтоохгүйгээр холбогдогч сургуулийг шууд төлбөрийн баримт олгоогүй гэж үзэж, шийтгэл ногдуулсныг шүүх үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх хуулийн үг, үсэг, утга найруулгын шууд утгаар нь ойлгож, тайлбарлан хэрэглэх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т “Төлбөрийн баримт олгоогүй бол...” гэж заасан бөгөөд олгоогүй гэдэг үгийн утга нь хуульд заасны дагуу төлбөрийн баримт олгох үүрэг бүхий этгээд нь баримтыг огт олгоогүй байхыг ойлгох юм. Гэтэл холбогдогч сургууль нь төлбөрийн баримтыг олгосон бөгөөд гомдол гаргагчид олгосон 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн LU28479830 баримтыг 2025 оны 02 дугаар сард давхардсан баримт өгсөн гэх агуулгаар гомдол гаргасныг татварын улсын байцаагч хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан нь тухайн зөрчлийг тогтоох ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэхээргүй байна.

3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж тус тус заасныг шүүх буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. “Ш”  БСБ-ын эрхэлдэг үндсэн ажил үйлчилгээ нь сургалтын үйлчилгээ бөгөөд сургуулийн үзүүлж буй ажил үйлчилгээ нь бүтэн жилээр буюу Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу сургалтын жил нь 09 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 30 хүртэл байдаг. Энэ хугацаанд буюу тухайн жилийн сургалтын жил дууссанаар ажил ажил үйлчилгээг борлуулсан гэж үзэх юм. Нөгөө талаас суралцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлж, сургалтын төлбөрийг бүрэн төлснөөр төлбөрийн баримтыг олгож байгаа нь хэрэглэгч болон зөрчлийн хэргийн гомдол гаргагчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл биш юм.

3.3. Зөрчлийн хэргийн гомдол гаргагч Г.Х нь хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн 4,900,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сард 1,250,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 1,250,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 2,400,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд уг төлсөн төлбөрийн баримтуудыг нэгтгэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баримтыг авсан атлаа, уг баримтаа өөрийн буруугаас шалтгаалан бусдад уншуулчхаад 2024 оны 01 дүгээр сард төлсөн 1,250,000 төгрөгт төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол гаргаж байгаа нь хуулийн дагуу шударгаар татвар төлж байгаа сургалтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж буй үйлдэл байхад үүнийг татварын байгууллага татвар төлөгчөө хамгаалахын оронд тогтоогдоогүй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, уг хууль бус үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөн дүгнэсэнд гомдолтой байна. Сургуулийн зүгээс төлбөрийн баримтыг хэвлэн суралцагч бүрд өгдөг бөгөөд зарим хүүхдүүд баримтаа үрэгдүүлэх, дахин хэвлүүлж авах, нэгнийхээ баримтыг уншуулах тохиолдол гардаг. Энэ нь холбогдогч буюу сургуулийг буруутгах үндэслэл биш юм. Татварын нэгдсэн системээс олгогдож буй төлбөрийн баримтыг иргэнд олгох тохиолдолд худалдан авагч нь хэн болох нь тодорхойгүй байдаг бөгөөд тухайн баримтыг иргэн өөрөө уншуулснаар татварын системд бүртгэгдэж ордог.

3.4. Түүнчлэн зөрчил үйлдсэн гэх хугацааг 2024 оны 01 дүгээр сар гэж тодорхойлсон атлаа 2025 оны 02 дугаар сард буюу 13 сарын дараа шийтгэл ногдуулж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно. Мөн гомдол гаргагчийн мэдээлэл нь баримтаар тогтоогдоогүй, үндэслэл нь тодорхойгүй, татварын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрх тэгш байх зарчмыг хангаагүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн хэсгийг зөрчсөн байхад шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх гомдлын шаардлага түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0915877 дугаар шийтгэлийн хуудсаар “Ш”  БСБ-ыг төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтыг баримтлан 12,895,934.80 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, ”Шинэ монгол технологийн коллеж” БСБ-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо “...төлбөрийн баримт олгоогүй гэдгийг хэрхэн яаж нотолж, тогтоож байгаа нь тодорхойгүй. Татварын удирдлагын нэгдсэн системээс гомдол гаргагч иргэнд төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй гэдэг нь тогтоогдохгүй, холбогдогчийн төлөөлөгч  нягтлан бодогч С.С нь төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй гэж хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар өгөөгүй байхад шийтгэлийн хуудас дээр зөрчил тогтоогдсон мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Татварын улсын байцаагч Э.Буяннэмэх нь хэний гомдлоор хэн гэж суралцагчийн сургалтын төлбөрт баримт шивж өгөөгүй талаараа танилцуулаагүй нууцалсны улмаас сургуулийн зүгээс тухайн гомдол гаргагчийн хүүхдийн төлбөрийн баримттай холбоотой холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан. Сургуулийн зүгээс төлбөрийн баримтыг хэвлэн суралцагч бүрд өгдөг бөгөөд зарим хүүхдүүд баримтаа үрэгдүүлэх, нэгнийхээ баримтыг уншуулах тохиолдол гардаг. Энэ нь холбогдогч буюу сургуулийг буруутгах үндэслэл биш” гэж тайлбарлан маргажээ.

3. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, тухайн тохиолдолд “Шинэ монгол технилогийн коллеж” БСБ нь борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөөгүй” гэх зөрчил тогтоогдсон гэж үзэж, энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь буруу байна.

4. Учир нь анх иргэн Г.Х Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх буюу төлбөрийн 10 хувийг буцаан авах зорилгоор “Ш”  БСБ-аас суралцагчийн 2024 оны төлбөрийн баримт хүсэхэд гомдол гаргагчаас LU28479830 сугалааны дугаартай 4.900.000 төгрөгийн төлбөрийн баримт олгосон боловч уг баримт нь давхардсан, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байна.

5. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “"үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;”, Зөрлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д ““Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

6. Маргааны үйл баримтыг дээрх хуулийн заалттай холбогдуулан дүгнэвэл татвар төлөгч нь борлуулалт хийх бүртээ дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч “Ш”  БСБ-ын тодорхой хугацаанд үзүүлэх сургалтын үйлчилгээний борлуулалт нь барааны борлуулалтаас ялгаатай энэ тохиолдолд сургалтын төлбөрийг хэсэгчлэн төлснийг нэгтгэн бүтэн жилийн төлбөрөөр нэг баримт олгосон гомдол гаргагчийг Зөрлийн тухай хуульд заасан төлбөрийн баримт олгоогүй гэж буруутгахааргүй байна.

7. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд суралцагчийн эрх үүргийг зааж, мөн хуулийн 10.2.4-т “боловсролын сургалтын байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;” гэж суралцагчийн үүргийг зохицуулсан бөгөөд иргэн Г.Х-аас бүтэн жилийн сургалтын төлбөрийг хэсэгчилж төлсөн, уг хэсэгчилж төлсөн төлбөрийг нэгтгэн нэг баримт олгосон, улмаар гомдол гаргагчаас олгосон 4.900.000 төгрөгийн төлбөрийн баримтыг үндэслэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах зорилгоор давхардаагүй баримт авахаар гомдол гаргасан байхад гомдол гаргагч сургуулийг төлбөрийн баримт олгоогүй гэж үзэхгүй.

8. Нөгөөтээгүүр, гомдол гаргагч “Ш”  БСБ-аас давхардуулан олгосон 4.900.000 төгрөгийн баримтыг залруулж, иргэн Г.Х-ын татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах гомдлыг шийдвэрлэх боломжтой байх энэ тохиолдолд гомдол гаргагчийг 2024 оны 01 дүгээр сард төлсөн 1.250.000 төгрөгийн баримт олгоогүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргагчийн төлөөлөгчийн “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т “Төлбөрийн баримт олгоогүй бол...” гэж заасан бөгөөд олгоогүй гэдэг үгийн утга нь хуульд заасны дагуу төлбөрийн баримт олгох үүрэг бүхий этгээд нь баримтыг огт олгоогүй байхыг ойлгох юм. Гэтэл холбогдогч сургууль нь төлбөрийн баримтыг олгосон бөгөөд гомдол гаргагчид олгосон 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн LU28479830 баримтыг 2025 оны 02 дугаар сард давхардсан баримт өгсөн гэх агуулгаар гомдол гаргасныг татварын улсын байцаагч хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

9. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, Зөрчлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулж зөв тайлбарлан хэрэглээгүй, зөрчилтэй шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин иргэн Г.Х-аас татварын буцаан олголт авах хугацаа алдсантай холбоотой хохирлоо гомдол гаргагч “Ш”  БСБ-аас нэхэмжлэхэд энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ш”  БСБ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0915877 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                              ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ