Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

          Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

          Шүүгдэгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

         

          Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбаярт холбогдох 2016 2400 0939  дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун урт хотод 1996 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дүнжингарав” ХХК-Д хамгаалалтын албаны хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 1 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Оготор овогт Баттөрийн Мөнхбаяр /РД:ЛЮ96022510/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 07 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Доржийн гудамж, Номе plaza дэлгүүрийн урд замд Тоёота Марк-2 загварын 29-09 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин UB auto center-4 салбарын сэндвичэн барилгыг мөргөж “Буянт-Оюу” ХХК-нд 1.486.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам  тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаярын өгсөн: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Т.Тэмүүжингийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би осол хэрэг гарсан тухай мэдсэн. Үнэлгээгээр 1.486.000 төгрөг гарсан байна лээ. Мөн дээр нь үнэлгээний  хөлс 81.700 төгрөг, дуудлагын 20.000 төгрөг гээд нийт 1.587.700 төгрөг гарсан байгаа. Осол хэрэг гарах үед хүн байгаагүй учраас гэмтсэн хүн байхгүй. Ер нь бол Бамбай гээд хамгаалалтын албатай гэрээгээр ажилладаг ба ямар нэг асуудал үүссэн тохиолдолд тэдний байгууллага хурдан шуурхай очих үүрэгтэй байдаг. Үнэлгээгээр гарсан мөнгийг одоогоор гаргаж өгөөгүй байгаа. Хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл алга. Гарсан хохирлоо гаргуулаад авмаар байна. Шүүх хуралд суухгүй. Хэргийн материалтай танилцана...” гэх мэдүүлэг /хх.15/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 6-ны өглөө мэдсэн. Машиныхаа түлхүүрийг гал тогооны өрөөнд байдаг нэг шүүгээн дээр тавьчихдаг байсан юм. Тэгээд тэр өдөр ажлаасаа ирээд гэртээ ороод унтаад өгсөн байсан учраас нэг их анзаараагүй байсан. Уг автомашинд үнэлгээ хийлгээгүй. Би өөрийн төрсөн дүү Мөнхбаяр авч яваад зам тээврийн осол хэрэг гаргасан учраас үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Би өөрөө эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг ба нэг газар хамгаалагч хийж гэрийнхээ ар талыг залгуулдаг юм. Манай ээж маань бас бие муутай хүн учраас мөнгө төгрөг хэрэгтэй байдаг юм. Миний зүгээс өөрийн төрсөн дүү Б.Мөнхбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Наранчимэгийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 05-ны орой нөхөр маань орой ажлаа тараад ирсэн ба 23 цаг өнгөрч байхад унтахаар хэвтэцгээсэн. Тэгээд нэг хэсэг байж байхад гэрийн хаалга онгорхой байсан ба манай нөхрийн дүү орж ирээд машины түлхүүр аваад гараад явсан юм шиг байгаа юм. Би нөхрийнхөө машины түлхүүрийг зоолттой байхаар нь аваад гэртээ оруулаад шүүгээн дээр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч П.Ванчинсүрэнгийн өгсөн: “... Тэр шөнө 23 цаг өнгөрч байхад буюу осол хэрэг гардаг өдрийн орой 23 цаг болж байхад ирээд танайд хоночихоод явъя гээд унтчихаад өглөө нь гараад явсан. Тухайн үед бол хэлээгүй байж байгаад дараа нь нэг таараад л хэлсэн. Мөнхбаяр бид хоёр найзлаад 10 гаран жил болж байгаа юм. Ер нь их даруухан сайн хянуур болгоомжтой ханддаг хүүхэд байгаа юм. Яагаад тэгээд осол хэрэг гаргасныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.35-36/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батбаатарын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Ганга-12 гэсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед 07 цаг өнгөрч байхад Доржийн гудамжны замаар баруунаас зүүн гар тийш явж байхад нэг хар ногоон өнгийн Т.Марк-2 загварын 29-09 УНЦ дугаартай автомашин нэг шар өнгийн сэндвичэн барилга мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгээд энэ тухай АТ-д мэдэгдээд чиглэл өгсөний дагуу осол хэрэг гарсан газарт хэмжилт хийсэн. Осол хэрэг гарсан газарт бүсийн байцаагч нар очоод зураг авдаггүй юм. Ер нь зургийн аппарат байдаг боловч авсан зургаа угаалгах нөхцөл боломж байхгүй байдаг. Осол хэрэг гарсан тухай ямар нэг дуудлага мэдээлэл байна уу гэж шалгуулахад ямар нэг байдлаар дуудлага мэдээлэл өгөгдөөгүй байсан. Энэ тухай би Замын цагдаагийн газрын ерөнхий жижүүрээс асууж тодруулсан. Тухайн үед замаар явж байсан энгийн автомашиныг зогсоож хөндлөнгийн гэрчээр авсан. Тэд нар осол хэрэг гарахыг хараагүй гэсэн. Ямар нэг камер болон харсан үзсэн хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

         

          “Ашид Билгүүн” ХХК-ны №ДХҮЗ16-088 дугаартай:

          “UB auto center-4 сэндвичэн барилгад 1.486.000 төгрөгний нийт хохирол учирсан...” гэх үнэлгээний тайлан /хх.42-45/,     

 

          Техникийн шинжээчийн 699 дугаартай:

          “1. Т.Марк-2 маркийн 29-09 УНЦ дугаартай автомашины жолооч Баттөрийн Мөнхбаяр нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.5 дах заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтанд)-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх:” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх.56-57/,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх.3-8/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.71-72, 74/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

          Б.Мөнхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 07:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доржийн гудамж Номе plaza дэлгүүрийн урд замд Тоёота Марк-2 загварын 29-09 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин UB auto center-4 салбарын сэндвичэн барилгыг мөргөж “Буянт-Оюу” ХХК-нд 1.486.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам  тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Б.Мөнхбаярын гэмт үйлдэл нь зам тээврийн осол гаргасан жолооч үүргээ биелүүлэхгүй байх, ослын газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх.77-78/ гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Т.Тэмүүжинд 1.587.700 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Оготор овогт Баттөрийн Мөнхбаярыг зам тээврийн осол гаргасан жолооч үүргээ биелүүлэхгүй байх, ослын газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

          4. Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Т.Тэмүүжинд 1.587.700 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Б.Мөнхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

         8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР