Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1111

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00933 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Ц,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 25 386 823 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, өмгөөлөгч А.Базар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээ, өмгөөлөгч Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12/08/07 тоот гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Рeace tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын 521 тоот нийт 19.66 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг тодорхой нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, худалдан авахаар болсон. Уг гэрээний 2.2-т зааснаар 1 м.кв талбайг 5 419 000 төгрөгөөр тооцож, 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 49 880 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 434 776 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 34 411 626 төгрөгийг тус тус төлсөн. 

Гэтэл 2013 оны 08 дугаар сарын дундуур тус худалдааны төв ашиглалтад орж, худалдан авсан 19.66 м.кв талбайдаа худалдаа үйлчилгээгээ явуулах зорилгоор тавилгаа авчирч тавихад талбай нь маш бага байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Гандирс-Од” ХХК-аар хэмжилт хийлгэхэд худалдаа үйлчилгээний зориулалтаар захиран зарцуулах, эзэмших, ашиглах, өмчлөлийн талбай нь 13.31 м.кв, харин өмчлөх эрхгүй нарийн коридор буюу нийтийн эзэмшлийн талбайн 5.72 м.кв байсан. Энэхүү зөрүүтэй талбайн асуудлын тухай “С” ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичсэн боловч огт хариу өгөөгүй.

Г.Ц миний худалдан авсан өмчлөх эрх бүхий талбай нь 13.31 м.кв буюу 72 126 890 төгрөг, НӨАТ 7 212 689 төгрөг, нийт 79 339 579 төгрөгөөр “С” ХХК нь надад худалдах ёстой байсан атал надаас 25 386 823 төгрөг илүү авсан нь талбайн хэмжилтийн зургаас илт харагдаж байна. Иймд "С" ХХК-аас талбай худалдан авахад илүү төлсөн 25 386 823 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК, түүний өмгөөлөгч С.Уянгасайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд уг талбайд хэмжилт хийлгэж, энэ тухай манай байгууллагад хандаагүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдан авч байгаа талбайг гэрээнд тодорхой тохирсон. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагчаас 25 386 823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь заалт болон Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмжийн дагуу 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр орон сууц бий болоогүй байсан тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Хэргийн 79 дэх талд авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд тус үеэс барилга байгууламжийг бий болсон гэж үзнэ. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д “гүйцэтгэгч нь барилгын 5 давхрын 521 тоот 19.66 м.кв талбайг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 03 дугаар улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэж өгнө, 4.1-д хөрөнгө оруулагч нь барилгын чанартай танилцах эрхтэй, 4.2-т чанарын шаардлага хангахгүй хийц хэсгийг засварлуулах талаар гүйцэтгэгчид шаардлага тавих эрхтэй, 4.4-т хөрөнгө оруулагч нь өөрөө материал тоноглолоо сонгон суурилуулах эрхтэй гэж тус тус заасан нь гэрээ байгуулах үед барилгын нэхэмжлэгчид шилжих талбайн ажил дуусаагүй, явагдаж байсныг харуулах тодорхой заалтууд юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            Анхан шатны шүүх барилгын талбайн хэмжээний тухай дүгнэлт хийхдээ хэргийн 7 дахь талд авагдсан барилгын схем зургийг үндэслэсэн бөгөөд барилгын схем зургийг гэрээний нэг хэсэг гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Учир нь тус нотлох баримт нь гэрээний салшгүй хэсэг биш. Түүнд талууд гарын үсэг зурж, тамга дараагүй ба хожим хариуцагч нь талбайн хэмжээг тайлбарлахдаа гаргаж өгсөн зураг юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нийтийн эзэмшлийн талбайг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй. Учир нь захиалагч нийтийн эзэмшлийн талбайг өөрийн дураар захиран зарцуулах эрхгүй юм. Иймд тус талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээний 1.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус заалт юм.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасны дагуу захиалагч нь дутуу талбайд ногдох төлбөрийг ажил гүйцэтгэгч буюу хариуцагчаас гаргуулахыг шаардах эрхтэйн дагуу анхан шатны шүүх тус заалтыг хэрэглэх үндэслэлтэй байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээний үнэд төлсөн 25 386 823 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргахдаа гэрээгээр тохирсны дагуу 19.66 м.кв талбайг хүлээн авснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үндэслэлээ тайлбарлажээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр нэхэмжлэгч Г.Ц нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс тауэр оффис үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын 521 тоот хаягт байршилтай 19.66 м.кв талбайн үнэд нийт 117 191 294 төгрөгийг төлөх, хариуцагч “С” ХХК нь үйлчилгээний талбайг 2012 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсний дагуу үнийг бүрэн төлсөн, талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.

            Харин бодит байдалд талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу, зориулалтаар ашиглах боломжтой талбай нь эрх бүхий этгээдийн хэмжилтээр 13,31 м.кв байх тул уг хэмжээгээр бодож 79 339 579 /13,31*5 960 900/ төгрөгийг төлөх үндэслэлтэй, 386 823 төгрөг илүү төлснийг буцаан гаргуулна гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч Г.Ц нь “С” ХХК-ийн 2008 оноос эхлэн барьсан худалдаа үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын 5 дугаар давхарт 19,66 м.кв талбайг худалдан авч, хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, худалдагч тал нь уг талбайг хүлээлгэн өгөх хугацааг харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгээр тодорхойлсон худалдах, худалдан авах гэрээний  агуулгатай байх бөгөөд талуудад худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

            Талууд гэрээний гол нөхцөлийг талбайн хэмжээ нийт 19.66 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/, үнэ нийт 117 191 294 төгрөг байхаар гэрээний 1.1 дэх заалтаар харилцан тохиролцож тогтоосноос гадна нэхэмжлэгч Г.Ц нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “С” ХХК-д хандсан өргөдөлдөө тус компаниас 19.66 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар худалдан авснаа дурдаж, нийтийн эзэмшлийн гэх өөрийн худалдан авсан 5.26 м.кв талбай дээр зэргэлдээх 522 дугаар павильоны 5.26 м.кв талбайг нэмж худалдан авсан тул гэрээг шинэчилж өгнө үү гэжээ. /хх-18/

            Гэрээний гол нөхцөл болон дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь худалдан авсан 19.66 м.кв талбайг хүлээж авсан, түүний дотор нийтийн эзэмшлийн гэх 5.26 м.кв талбай багтаж байгааг мэдэж байсан төдийгүй зэргэлдээх адил талбайг нэмж худалдан авснаа дурдсан байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг худалдан авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийж, хүлээн авсанд тооцно. Түүнчлэн гэрээнд талбайн хэмжээг тодорхой заасан тул хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгаж хүлээн авах боломжтой ба шүүх эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад шалгаагүй хүлээн авсан үндэслэлээр шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч гэрээний зүйлийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаас хойш 2014 онд хэмжилт хийсэн “Гандирс-Од” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шаардлага гаргасан нь эд хөрөнгийг хүлээн авсны дараа байх бөгөөд шаардах эрхээ нэгэнт алдсан тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Иймд зориулалтын хувьд явган хүмүүс зорчдог, худалдааны зориулалтаар ашиглах боломжгүй нийтийн эзэмшлийн буюу дундын өмчлөлийн талбайн үнийг оруулсан, худалдаа үйлчилгээ явуулах боломжтой талбайгаас 1.09 м.кв дутсан гэх үндэслэлээр нийт 25 386 823 төгрөгийг илүү төлсөн гэж буцаан гаргуулахаар шаардсан шаардлага болон талуудад ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 284 884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ