Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр Сүлд багт оршин суух, Б овогт Ц.У-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Ц.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У миний бие Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. 1976 оноос 1984 онуудад Ерөнхий боловсролын сургууль төгсөөд Булган сумын Хавцгайт бригадад 1984 оны 10 дугаар сар, 12 дугаар саруудад ачигч хийж байсан. 1985 оны 03 дугаар сар, 4 дүгээр сар, 6 сар, 9 сар, 10 сар, 12 саруудад Ж.Х-д туслах малчнаар ажилласан. 1986 онд хадлан хадах ажилд явсан. 1987 оны 09 дүгээр сараас 11 сар хүртэл малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир нь 1987 онд Өмнөговь аймгийн Булган сумын архив байрлаж байсан Соёлын төв клуб шатсан учир бүх бичиг баримт хамт шатсан. 1988 оны 08 дугаар сард Ё.М-тай гэр бүл болж 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яам говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын тушаалаар малчнаар ажилласан. 1989 оны 03 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд малчнаар ажилласан. 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр жирэмсний амралт авснаар дахин ажиллаагүй гэв.

Хавтаст хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.У нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яамны говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд  1988 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн  1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг  хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч  Ц.У нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яамны говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн  1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг  хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өмнөговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 47 дугаартай архивын лавлагаа, Хөдөө аж ахуй, Хүсний үйлдвэрийн яам говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шилжилгээний хүрээлэнгийн захирлын 1988 оны 12 сарын 05-ны өдрийн малчнаар томилон ажиллуулах тухай 116 дугаартай тушаал, Хөдөө аж ахуй, Хүсний үйлдвэрийн яам говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шилжилгээний хүрээлэнгийн захирлын 1991 оны 09 сарын 28-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 107 дугаартай тушаал, хавсралт, гэрч Б.С, Н.Э нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.У нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яамны говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн  1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг  хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ц.У-г Өмнөговь аймгийн Булган сумын Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яамны говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 1988 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн  1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг  хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Д.Ц