| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0036/И |
| Дугаар | 45 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Ш.Ц-н нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Ш.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц миний бие Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техниккумд малын эмчийн ангид элсэн орж суралцаад 1988 онд малын эмч мэргэжлээр төгссөн. Ангийн багш хөдөлмөрийн дэвтэр нээхдээ овгийг нь маань Ж гээд бичсэн байхаар нь би өөрөө дээрээс нь давхарлаад Ш гэж засаад биччихсэн юм. Гэтэл одоо тэтгэвэрт гарах болохоор энэ нь засвартай гээд байгаа юм. Би сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн Хүнсний үйлдвэрийн удирдах газарт хуваарилагдан тэндээсээ 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ханбогд сумын Галбын хөгжил нэгдэлд малын бага эмчээр томилогдон ажиллаж байсныг минь үндэслэн 1988 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техниккумиас олгосон Ш.Ц гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож өгнө үү. гэв.
Хавтаст хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц нь 299861 тоот 1988 оны 06 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Хөдөө аж ахуй техникумын захирлын олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Ц нь 1988 оны 06 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Хөдөө аж ахуй техниккумын захирал Д.Ламжавын олгосон 299861 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь 1988 оны 06 сарын 28-ны өдрийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны Дундговь аймаг дахь хөдөө аж ахуйн текниккумын 1931 бүртгэлийн дугаартай диплом, гэрч Ж.Б, Д.Н нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Уг хөдөлмөрийн дэвтрийн овог гэсэнд Ш гэж тод хараар бичсэн нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “ангийн багш хөдөлмөрийн дэвтэр нээхдээ овгийг нь маань Ж гээд бичсэн байхаар нь би өөрөө дээрээс нь давхарлаад Ш гэж засаад биччихсэн юм” гэсэн үйл баримттай тохирч байна гэж шүүх үзлээ.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Ц-н 1988 оны 06 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Хөдөө аж ахуй техниккумын захирлын олгосон 299861 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1988 оны 06 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Хөдөө аж ахуй техникумын захирлын олгосон 299861 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Ш.Ц мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц