Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга,

шүүгдэгч Т.Ч******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ч*******ад холбогдох эрүүгийн 2215002670108 дугаартай, 163/2023/0120/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Т*******гийн Ч*******, Завхан аймгийн ******* суманд 1950 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 10 дугаар гудамжны 1002 тоотод оршин суух бүртгэлтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 73 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Ч******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бусдыг хөлсөлж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Халзангийн даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүй 119 ширхэг, 130.9 м3 шинэс төрлийн мод бэлтгүүлж, байгаль экологид 32.317.671 төгрөгийн шууд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ч*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002670108 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Ч******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бусдыг хөлсөлж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Халзангийн даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүй 119 ширхэг, 130.9 м3 шинэс төрлийн мод бэлтгүүлж, байгаль экологид 32,317,671 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ч*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Халзангийн даваа гэх газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийв. Уг газар нь нилэнхүйдээ 20-30 см-ын зузаантай цастай, хуурай төрлийн моднуудтай, тайрагдсан хожуулуудтай, ертөнцийн зүгээр баруун зүгт харсан уулын энгэр газар байна. 119 ширхэг модны хожуул байсныг Л.аар заалгаж үзлэг хийв... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 29-43 дахь тал),

2. Хөрөөнд үзлэг хийсэн: Уг хөрөө нь цагаан өнгийн шатахууны савтай, дээд хэсгээрээ хөр өнгийн бариултай, бариул хэсэг нь хөх өнгийн лентээр ороосон, зүүн талын маниул хэсгийн таг нь улаан өнгөтэй, урд хэсэгтэй шулуун төмөртэй, гинчин иртэй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

3. Лоомонд үзлэг хийсэн: Уг лоом нь улаан хүрэн өнгийн гадаргуу хэсэг нь бэржгэр хоёр талын үзүүр хэсэг нь шовх, эдэлж хэрэглэсний улмаас хуулирсан, гол хэсгээрээ тахийсан лоом байв. Уг лоомны нийт урт нь 1.28 см байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-49 дэх тал),

4. Иргэний нэхэмжлэгч Б.Г*******гийн өгсөн: Булган аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг Хялганат Энержи ХХК нь ******* сумын 3 дугаар багийн нутаг Халзангийн даваа гэх газраас мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийлгээд мод бэлтгэсэн. Мод бэлтгэх явцдаа эрхийн бичигт цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх ёстой байхад дандаа босоо мод унагааж байгаль экологид хохирол учруулсан байсан. Ийм учраас цагдаагийн байгууллагаас шалгасан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

5. Гэрч Л.Н*******гийн өгсөн: Би Булган аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг Т.Ч******* захиралтай мод, модон материал бэлтгэх эрхтэй ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед очиж туслахаар ажиллаад 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр буусан. Ажиллах хугацаандаа , Ганболд, э нарын хамтаар 1 машин модыг ачиж буулгахад 80.000 төгрөгийн хөлсөөр ажилласан. ******* сумын нутаг Халзангийн даваа гэх газраас мод бэлтгэж тээвэрлэсэн. Нийт 13 удаа Зил-131 маркийн ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),

6. Гэрч Л.ын өгсөн: Намайг Улаанбаатар хотод барилгын ажил хийж байхад өмнө нь Хялганат тосгонд оршин суудаг байсан Ч******* ах над руу утсаар залгаад ах нь Булган аймгийн ******* суманд мод модон материал бэлтгэх эрхтэй Хялганат Энержи ХХК-г ажиллуулж байна, чи ирж хөрөөчнөөр ажиллаад өгөөч гэж хэлэхээр нь зөвшөөрөөд очсон. Миний хувьд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл засварын ажил хийж өгсөн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хөрөөчнөөр ажилласан. Ажиллахдаа Н*******, Ганболд, э нарын хамтаар ажилласан ба нэг машин мод унагахад 80.000 төгрөг гэж тохирч ажилласан. Бид нарын мод бэлтгэсэн газар нь мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн газар байсан. Ч******* ах өөрөө ууланд очиж талбайн тусгаарлалт хийсэн газраа зааж өгч тусгаарлалтын шонг харуулсан. Бид нар мод бэлтгэхдээ дандаа хуурай босоо моднууд унагааж бэлтгэсэн. Нэг машин мод бэлтгэхэд 10-13 ширхэг босоо мод унагааж бэлтгэдэг байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

7. Гэрч Б.ы өгсөн: Би 2 удаа Хялганат-Энержи ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийхдээ эхлээд 2022 оны 07 дугаар сарын 02-ны үед очиж шалгасан. Очиж шалгахад ууланд Хялганат-Энержи ХХК-ийн ажилчид байгаагүй, ууланд ямар нэг босоо мод унагаасан шинэ хожуул огт байгаагүй. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны үед очиж шалгахад 20 гаран ширхэг босоо мод шинээр унагаасан байсан ба ууланд бол Хялганат-Энержи ХХК-ийн ажилчид мөн байхгүй байсан. Тэгээд ******* сумын төвд орж ирээд Хялганат-Энержи ХХК-г хариуцаж ажиллуулж байсан Ч******* гэх ахтай уулзаж, танай ажилчид хаана байна гэхэд манай ажилчид наадамд явсан, наадам өнгөрөөгөөд ирнэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би танай ажилчид ууланд зөндөө босоо мод унагаасан байна, би танай талбайн тусгаарлалтын материалыг чинь үзэж байж уул руу гаргана, тэрнээс нааш уул руу гаргахгүй шүү гэж хэлэхэд за гэж хэлсэн. Тэгээд айрагны баяр гээд ажлаар явж байгаад сумандаа ирэхэд Хялганат-Энержи ХХК-ийн ажилчид ууланд очоод маш олон босоо мод унагаасан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

8. Гэрч Ц.ийн өгсөн: Би ******* сумын нутаг дэвсгэрийн газрын нэршлийг мэдэхгүй учраас мод бэлтгэсэн газрынхаа нэрийг мэдэхгүй байна. Мод бэлтгэх хугацаанд хуурай шинэс төрлийн хар мод бэлтгэсэн. Нийт хэдэн куб метр мод бэлтгэснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр нийт 8 машин мод ачиж оруулж ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85- дахь тал),

9. Гэрч Н.ийн өгсөн: Би Т.Ч******* гэх хүнээс Краз маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан, уг краз маркийн тээврийн хэрэгслийг сэлбэгэнд ашиглах зорилгоор худалдан авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

10. Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээч Б.Жавхлангийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай: 119 ширхэг буюу 130.9 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 32.317.671 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 127 дахь тал),

11. Сүлд үнэлгээ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-323/0034 дугаартай: Краз-258 загварын, 36-90 УБН улсын дуаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 1.500.000 төгрөг, цахилгаан хөрөө 200.000 төгрөг гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 147-148 дахь тал),

12. Яллагдагч Т.Ч*******ын өгсөн: ХХК-ийг миний дагавар хүү Билгүүн хариуцаж захирлаар нь ажиллаж байсан. Тэгээд 2022 оны эхээр ******* сумын Тамгын газартай гэрээ хийгээд мод бэлтгэх ажил явагдаж байсан. Би тухайн үед хааяа нэг хөрөө рамыг нь харж ажиллуулдаг байсан. Тэгээд 2022 онд Булган аймгийн ******* суманд манай бэр Гоомарал Хялганат Энержи ХХК-ийг хариуцаж ажиллаад ажлаа дуусгаад буусан хойно нь би ******* сумтай гэрээ байгуулаад ******* сумын иргэдийн хуурай хэрэглээний модыг бэлтгэхээр болоод ******* сумын талбайн тусгаарлалт хийлгэсэн байсан Халзангийн даваа гэх газраас мод бэлтгэсэн. Би мод бэлтгэхдээ хөрөөчин , мод ачигчаар э, Н*******, Ганболд гэх хүмүүсийг хөлсөөр ажиллуулж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийтдээ 16 хоног ажилласан. Ажиллах хугацаандаа Краз загварын тээврийн хэрэгслээр 7 машин мод бэлтгэж оруулж ирсэн. Наадмын дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 5 хоног ажилласан. Ажиллахдаа 2 машин мод бэлтгэсэн. Бэлтгэсэн моднуудаа араамаар оруулж зүсч банз болон палк болгоод ******* сумын иргэн Бямбадорж, Ундрах, Бат-Эрдэнэ, Энхболд гэх 4 иргэнд нийтдээ 45 м3 модыг хувааж өгсөн. Дээрх 4 иргэнд ******* сумын байгаль хамгаалагч Г******* мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн байсан. ******* сумтай анх гэрээ хийхдээ би 50%-ийг, ******* сумын иргэдэд 50%-ийг нь өгөхөөр тохирсон. Ингээд нийтдээ 90 м3 модыг ******* сумын нутаг Халзангийн даваа гэх газраас бэлтгэсэн юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161 дэх тал)

Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийсэн:

13. Гэрч Ц.Басхүүгийн өгсөн: Би гэрэл зургийн үзүүлэлтээ хийж гаргаж өгөхдөө бичиглэлийн алдаа гаргасан байна. Сая энэ тухай мэдээд хуучин ажил буюу Шүүх шинжилгээний хэлтэст очиж гэрэл зургийн архив үзэхэд зураг авсан он сар өдөр нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 258-260 дахь тал),

14. Иргэний нэхэмжлэгч Б.Г*******гийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын дундуур ХХК-нд Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Халзангийн даваа гэх газарт мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хяналт шалгалт хийгээд газар дээр нь очиж үзэхэд ямар нэгэн босоо мод унаагүй хэвийн цэвэрлэгээний ажил явагдаж байсан. Харин 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин хяналт шалгалтаар очиж үзэхэд 20 гаран ширхэг босоо мод унагаасан. ХХК-ийн ажилчид ууландаа ажлын байран дээр байхгүй байсан. Мөн унагаасан модоо ачиж явсан модны хожуулууд нь харагдаж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 261-262 дахь тал),

15. Гэрч Л.ын өгсөн: 2022 оны 07 дугаар сард техник хэрэгслийн засварын ажил хийж байгаад 07 дугаар сарын сүүлээр Булган аймгийн ******* сумын нутаг Халзангийн даваа гэх газарт мод бэлтгэлийн ажилд гарч цэвэрлэгээний ажил хийж байгаад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн босоо мод бэлтгэж дууссан. Тэгээд би Булган сумын 4 дүгээр багийн Хялганат тосгон руу буцсан юм. Би эхний удаад мэдүүлэг өгөхдөө цаг хугацаагаа андуурсан байна. Сүүлд бодоод байхад 2022 оны 08 дугаар сарын 10-наас хойш гэртээ харьчихсан байсан юм билээ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 267-268 дахь тал),

16. Гэрч Л.Н*******н өгсөн: Намайг 2022 оны 06 дугаар сарын дундуур Ч******* ах дуудаад очиход ажиллуулж байсан. Эхлээд техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байгаад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд мод бэлтгэлийн ажилд туслах ажилтан буюу унагааж бэлтгэсэн модыг ачиж өгч байгаад ирсэн юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 271-273 дахь тал),

17. Гэрч Я.Уламбаярын өгсөн: ХХК-ийг Ч******* ахын эхнэр манай талийгаач эгч Я.Ууганбаяр гэх хүн анх үүсгэн байгуулж байсан. Тэгээд Ч******* ахыг зүгээр хаячихаж болохгүй энд тэнд явахдаа авч яваад юмаа харуулаад л явдаг юм. Тэрнээс манай компанид ямарч хамааралгүй хүн юм. Тухайн цаг хугацаанд ХХК-ний эд хөрөнгө машин техникийг хараад байж бай гэж үлдээсэн болохоос компанийг хариуцуулан үлдээсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 276-277 дахь тал),

18. Шүүгдэгч Т.Ч*******ын дахин өгсөн: Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Халзангийн даваа гэх газарт би ХХК-ийн техник хэрэгслийг ашиглан мод бэлтгүүлсэн нь үнэн. Цаг хугацааны хувьд 2022 оны 06 дугаар сарын 25-ны үед ууландаа гарч цэвэрлэгээний ажлыг хийж байгаад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 119 ширхэг босоо Шинэс төрлийн хуурай моднууд унагааж бэлтгэн ачиж тээвэрлэн хөрөө рам оруулж зүсэж дууссан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 280-282 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг улаан өнгөтэй, бариул хэсэг нь хөх өнгийн линтээр ороосон цахилгаан хөрөө, лоом зэргийг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Г*******, гэрч Л.Н*******, Л., Б., Ц.э, Н., Я.Уламбаяр, Ц.Басхүү нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Т.Ч******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бусдыг хөлсөлж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Халзангийн даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүй 119 ширхэг, 130.9 м3 шинэс төрлийн мод бэлтгүүлж, байгаль экологид 32.317.671 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

 

Тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай захирамжаар прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй үндэслэлээр даалгавар хүргүүлсэн бөгөөд нэмэлт ажиллагаа хийж ирүүлсэн ажиллагаа болон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан судалж дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Ч******* нь дээрх гэмт хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бусдыг хөлсөлж үйлдүүлсэн нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ч*******ын зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бусдыг хөлслөн мод бэлтгүүлж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Т.Ч******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу эрхийн бичигт заасан цэвэрлэгээний зориулалтаар модыг бэлтгэх ёстой атал 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бусдыг хөлсөлж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Халзангийн даваа гэх газрын ойгоос түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн босоо 119 ширхэг буюу 130.9 м3 мод хууль бусаар бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хөлсөлж бусдаар ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Т.Ч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 32.317.671 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 96.953.013 төгрөгийн /хавтаст хэргийн 130 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч Т.Ч******* нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс 96.953.013 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Ч*******ыг бусдыг хөлсөлж ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Ч*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Ч*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 164-166, 204-208, 212, 233-235 дахь талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Булган аймгийн авто тээврийн төвийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ч******* нь 73 настай, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай охины хамт амьдардаг, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан, өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэл байхгүй, орон сууцны зориулалттай нэг үл хөдлөх эд хөрөнгөтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 10 дугаар гудамжны 1002 тоотод оршин суух бүртгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Ч*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Т.Ч*******ыг 6 сарын хугацаагаар Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ч******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг улаан өнгөтэй, бариул хэсэг нь хөх өнгийн линтээр ороосон цахилгаан хөрөө, 36-90 УБН улсын дугаартай, Краз загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөө, лоом зэргийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусдын өмчлөлийнх болон бусдад шилжсэн бол үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Т.Ч*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 36-90 УБН улсын дугаартай, Краз-258 загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ч*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг хөх өнгөтэй, ажлын хэсэг нь хар өнгөтэй, маниул хэсэг нь улаан өнгөтэй моторт хөрөөг хурааж улсын орлого болгож, лоом нэг ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Т*******гийн Ч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ч******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ч******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ч*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Ч*******аас байгал экологид учруулсан хохирол 96.953.013 /ерэн зургаан сая есөн зуун тавин гурван мянга арван гурав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан 36-90 УБН улсын дугаартай, Краз-258 загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.Ч*******аас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн банктай, хөрөөний маниул хэсэг хөх өнгөтэй, ажлын хэсэг нь хар өнгөтэй, маниул хэсэг нь улаан өнгөтэй моторт хөрөөг хурааж улсын орлого болгож, лоом нэг ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.

 

8. Шүүгдэгч Т.Ч*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Б.Г******* нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ