Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Г.Г******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г*******д холбогдох эрүүгийн 2315000300073 дугаартай, 163/2023/0152/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Г*******, Булган аймгийн Булган суманд 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 10-02 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, аавын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, “Идэр амжилт төмрийн үйлдвэр”-т жолооч ажилтай, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, 35 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Ш.*******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрх буюу 370.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000300073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Г******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Ш.*******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрх буюу 370.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: 2021 оны 11 дүгээр сард болсон асуудал. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр хохирогчтой фэйсбүүкээр харилцаад мал зарах болсон. Тэгээд мал махыг нь бэлдсэн боловч шүлхий өвчний хорио цээр тогтоогоод холбоо тасраад махыг нь өгч чадаагүй юм гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Шагдарсүрэнгийн *******гийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

2. Ganbat Gantulga гэх нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Ш.*******тай фэйсбүүк чатаар харилцсан захидалууд (хавтаст хэргийн 7-17 дахь тал),

3. Хохирогч Ш.*******гийн өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын соёлын төвийн дотор заслыг хийж байхдаа Хишиг-Өндөр сумын *******ын Г******* гэх хүнтэй фейсбүүкээр танилцсан. Тэгээд тухайн хүнээс мал хямд авах санаатай эхний удаад 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай данс руу өөрийнхөө эзэмшлийн ******* тоот данснаас 40.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Г******* нь хүнд мөнгө өгөх гэсэн юм та эхний ээлжинд 100.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь надад байгаа нь 40.000 төгрөг байна гээд шилжүүлсэн. Тэгээд дахин 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г******* нь над руу залгаад таны идэшний 2 хонь нэг ямааг бэлэн болгочихлоо, та эхний ээлжинд нэг хонины мөнгө болох 130.000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн чинь Г******* нь үлдсэн мөнгөө махаа хүргэж өгөөд авъя гэсэн. Тэгээд маргааш нь миний цахим чатаар машины моторны зураг явуулаад би Дашинчилэн сумаас хүнээс юм авах гэсэн юм, та үлдсэн 200.000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөгөө шилжүүлсэн чинь Г******* нь орой аавтайгаа хоёулаа таны 2 хонь нэг ямааг тань хүргэж өгье гэж хэлээд утсаа тасалсан ба тухайн орой махаа авчирч өгөөгүй. Маргааш өдөр нь Гантулгын эзэмшлийн *******, ******* гэсэн утас руу нь залгаад махаа яасан талаар асуусан чинь манай энд малын шүлхий өвчин гараад мах явуулахгүй байна, та явах болоогүй 14 хоног хүлээчих гэхээр нь тайвшраад 14 хоног хүлээж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр махаа авах санаатай Г******* руу залгасан боловч утаснууд холбогдохгүй фейсбүүк хаягаар намайг блок хийсэн байсан. Би өнөөдрийг хүртэл хохирлоо төлүүлж аваагүй байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

4. Яллагдагч Г.Гантулгын өгсөн: 2021 оны 11 дүгээр сард миний танил эгч ******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр суманд сумын соёлын төвд засвар үйлчилгээ хийхээр ирсэн байсан. Тэр үед нь бид 2 чатаар харьцаж байсан чинь эгч нь ажлаар ирсэн, явахдаа хонь мал авч явах хэрэг байна гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд ******* эгч 2 хонь нэг ямаа надаас авахаар болоод эхлээд 180.000 төгрөг, дараа нь увуулж цувуулж өгсөөр байгаад нийт 370.000 төгрөг өгсөн. Тухайн үед хонь, ямааг нь шууд аваачиж өгөх гэсэн боловч явахдаа авна гэж хэлсэн. Явах гэхэд нь хонь, ямаа өгөх гэсэн боловч малын гоц халдварт шүлхий өвчин гараад өгч чадаагүй өдийг хүрсэн юм. ******* эгчийн хонь ямааг өгөөгүй асуудал бол миний буруугийн асуудал байгаа юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Г.Гантулгыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Г.Г******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ш.*******гийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатаар харилцсан мессэжүүд, яллагдагч Г.Гантулгын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Г.Г******* 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Ш.*******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрх буюу 370.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийсэн ба шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хуур мэхлэн авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Г******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Г.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.*******д 370.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Г.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.*******гийн ******* тоот данс руу шилжүүлж, хохирлыг барагдуулсан нь хавтаст хэргийн 22 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Гантулгыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ш.******* нь гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Гантулгыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Гантулгын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 36-41, 78-82 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Г******* нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 10-02 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, аавын хамт амьдардаг, “Идэр амжилт” төмрийн үйлдвэрт жолооч ажилтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялын төрлийг сонгож, шүүгдэгч Г.Гантулгыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г******* нь шүүхэд хэрэг шилжиж ирсэн өдрөөс оргон зайлж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, яллагдагчийг эрэн сурвалжилсан бөгөөд 2023 оны өдрийн 07 дугаар сарын 26-ны өдөр түүнийг олж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөн шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 254 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гантулгын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ш.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 225 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 төгрөгийг шүүгдэгчид оногдуулсан торгох ялаас хасаж, нийт эдлэх торгох ялыг 575 /таван зуун далан тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 575.000 /таван зуун далан таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч Г.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ш.******* нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ