Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 207

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ... хаягт оршин суугаа, М овогт Ж.Ш -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ... хаяг оршин суугаа,  Б овогт Ш.Б -д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3500000 төгрөг гаргуулах тухай 132/2020/00035/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ш , хариуцагч Ш.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б  нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр утсаар яриад манай нөхөр ... сумын эмнэлгийн жолоочоор ажиллагдаг. Тэдний эмнэлэг шинэ Пургон машин авсан түүний доторлогооны хийлгэх гэтэл 2000000 төгрөг хэрэгтэй байна. 2000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй богино угацаанд зээлээч гэж гуйсны дагуу би тэр өдөр нь Ш.Б ын эзэмшлийн дансанд 2000000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд хүүг тооцуул их мөнгө гаргах учраас хүүнд зөвхөн 1500000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Нийт 3500000 төгрөгийг өгөхөөр тохиролцож бичиг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ш.Б аас 3500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ж.Ш ээс 2000000 төгрөг авсан. Тухайн үед манай нөхөр эмнэлгийн жолооч байсан. Шинээр автомашин ирсэн түүний доторлогоонд 2000000 төгрөг хэрэгтэй байсан. Албаны мөнгө болохоор 7 хоногийн дотор эргээд өгнө гэж эмнэлгийн эрхлэгч надад хэлсэн. Тэгээд Ж.Ш ээс миний данс руу 2000000 төгрөг орж ирээд удаагүй байхад эмнэлгийн эрхлэгч над руу утсаар яриад нөгөө мөнгийг бид нар энд зохицуулсан гэж хэлсэн. Эргээд мөнгийг буцаах гэж байхад н.Т  гэх миний таньдаг хүн эгчээ гоо сайхны сүлжээнд орсон 2000000 төгрөг байвал өгөөч маргааш 6000000 төгрөг болно гэж хэлээд гуйсан учраас шилжүүлсэн. Маргааш нь н.Т  над руу холбогдож н.Б  гэх хүүхэн алга болсон. Би өөрөө хохирогч болсон гэж хэлж байсан. Түүнээс хойш 1 жил цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилсны эцэст жирэмсэн болсон олдсон. н.Б  Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 22000000 төгрөгийн хохирогчоор тогтоогдож шалгагдаж байна гэж н.Т  надад баримт өгч байсан. н.Т т хүүтэй мөнгө 1 жил болж байна гэхэд н.Б ийн хэрэг нь сунжраад байна гэсэн. н.Т  сураггүй болсон. Түүнээс хойш нэхэмжлэгч манай гэрт ирж хүү 1500000, үндсэн зээл 2000000 төгрөгийг төлөхөөр бичиг хийсэн. Би н.Т аас мөнгийг авсан тохиолдолд Ж. Ш ийн мөнгийг бүрэн төлнө. Би өөрөө нэг ч төгрөг хэрэглээгүй бүх мөнгийг н.Т т шилжүүлсэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ш нь хариуцагч Ш.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Ж.Ш ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Б д 2000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, нийт 3500000 төгрөг өгөхөөр тохиролцож бичиг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг бол хариуцагч Ш.Б  нь Ж.Ш ээс 2000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан үйл баримтын талаар маргаагүй, харин уг шилжүүлсэн 2000000 төгрөгийг н.Т ын дансанд шилжүүлсэн, тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргаж байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2000000 төгрөг зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд зээлдэгч нь зээлийн мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар зээлдүүлэгч хяналт тавих үүрэг хүлээхгүй.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан “үндсэн зээл 2000000 төгрөг, хүү 1500000 төгрөг, нийт 3500000 төгрөгийг Ж.Ш т төлнө” гэх баримт нь Ж.Ш ээс Ш.Б д мөнгө зээлдүүлсэн үйл баримтыг зөвхөн нотлох ба энэхүү бичгийн нотлох баримтанд дурьдсан 3500000 төгрөгийг бүхлээр нь Ш.Б аас  шаардах эрхийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Ж.Ш ээс Ш.Б д 2000000 төгрөгийг шилжүүлэх үед талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдна” гэж заасны дагуу 1500000 төгрөгийг хүү  гаргуулна гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна. 

Иймд 2000000 төгрөгийг хариуцагч Ш.Б аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Ш т олгож, хүү 1500000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ш.Б аас 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ш т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б аас улсын тэмдэгтийн хураамж  46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ш-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ОДОНЧИМЭГ