| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0170/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
2023 08 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Г.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б*******д холбогдох эрүүгийн 2315000000193 дугаартай 163/2023/0170/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Б*******, Булган аймгийн ******* суманд 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Хөл асгат гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 25 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000193 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт А.*******тай зуслангийн бууцны газраас болж маргалдаж муудалцан, улмаар А.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээр, баруун чихний дэлбэн уруулын зүүн дээр шарх, баруун нүдний доод зулгаралт, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгч Г.Б*******ы мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Манайх Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хөл Асгат гэх газар зундаа зусдаг юм. ...2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би гүүнээсээ орж ирээд унтаж байхад хажуу талд хүмүүс шуугилдаад унасан. Тэгэхэд дүү Энгүүн намайг орж ирээд сэрээсэн. Тэгээд би гараад шууд аавын гэр рүү ороход ******* гэх хүн согтуу агсан тавиад сууж байсан. Яахаараа манай хаваржааны ойролцоо буудаг юм, зайлцгаа пиздаагуудаа гээд манай аав руу дайрч байсан. Манай аав тал харвачихсан асаргаанд байдаг юм. Тэгээд аав руу зодох гээд дайрахад манай аав ах нь бие муутай хүн шүү гэхэд бие муутай юм бол энд юу хийгээд байгаа юм, эмнэлэг рүүгээ зайлаач гэсэн. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ гэхэд яадын пизда минь зайлцгаагаач гэсэн. Тэгээд би гэрт байхдаа зүүн гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гарцгаагаад гадаа дахин хэрэлдээд би дахин 1 удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд ******* гэх хүн над руу том чулуу барьж дайрсан. Хариуд нь би цохичих гэхэд намайг цохихгүй гээд чулуугаа газар хаяад миний фудболкоор хоолой боогоод машиндаа шахсан. Би гарыг нь тавиулах гээд мушгихад хойшоо ойчихдоо машиныхаа карланыг мөргөж унасан. Тэгээд хэрүүл болж болж байгаад тухайн хүмүүс машинтайгаа хөдлөөд явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
- хохирогч А.*******ын өгсөн: Манайх гэр бүлээрээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Мөсөн гуягийн ам гэх газарт өвөлждөг юм. Хавар болохоор ******* сумын 3 дугаар багийн нутаг “Хөл асгат” гэх газарт очиж хаварждаг юм. Энэ жил хавар урт болсон учраас өвөлжөөндөө хаваржаад 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл байсан. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөл асгатын зусландаа буух гээд өөрийн гэрээ машиндаа ачаад зуслан дээрээ иртэл манай зуслан дээр ******* сумын иргэн Хүрэнболд, хүү Цагаанаа нарын хоёр айл буусан байсан. Хүрэнболд гэх айлд ороход эхнэр Хорлоогийн хамт байж байсан. Тэгэхээр нь би айлын бууцан дээр буучихаад нүүчихэж болдоггүй юм уу пиздаанууд минь, та хэдэд сарын өмнө багийн даргаар хэлүүлсэн гэж хэлсэн. Тэгтэл гаднаас хүүгийнх нь эхнэр болох Нараа гэх эмэгтэй орж ирсэн. Араас нь хүү Цагаанаа орж ирээд яасан их том дуутай хүн бэ гээд намайг гараараа нүүр хэсэгт цохиод авсан. Тэгтэл манай эхнэр хүн цохих хуультай шүү гэж хэлсэн. Ингээд Цагаанаа бид хоёр гэрээс гарсан. Би гэрээс гарсаны дараа машинаа асаагаад танайх нүүхгүй юм бол танай гэртэй тулгаад гэрээ барина гэж хэлтэл юм дуугарахгүй байхаар нь машинаасаа буутал Цагаанаа намайг барьж аваад гараараа нүүр рүү хэд хэд цохиод газарт унагаасан. ...Би эмнэлэгт үзүүлж 50.000 төгрөгийн эм авч уусан, замын зардалд 175.000 төгрөг, би бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөд 20.000 төгрөг, нийт 463.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би өөрт учирсан хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 49 дэх тал),
- Гэрч Ш.*******гийн өгсөн: Би 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нөхрийн хамт гэртээ сууж байтал гэрийн гадаа ачаатай цагаан өнгийн портер машинтай хүмүүс ирсэн. Манай гэрийн гадаа ирсэн хүмүүс гэрийн гаднаас чанга орилоод пизданууд нүүхгүй юм уу гэсээр гэрт орж ирсэн. Гэрт орж ирсэн хүмүүсийг харахад зүс таних *******, эхнэр Нараа, охиныхоо хамт байсан. Ингээд манай нөхөр ******* юу болоод байна гэхэд та нар хаваржааны газар дээр буусан байна, аль эрт багийн даргаар хэлүүлээд байхад нүүхгүй яасан юм бэ гээд манай нөхөр рүү дайраад байсан. Тэгтэл гэрийн гаднаас манай хүү Батцагаан, эхнэр ******* нар орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд ******* манай хүү рүү дайраад хоорондоо зууралдаад гэрээс гарсан. Гэрээс гараад хоорондоо хэрэлдээд маргалдаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би гэрээс гарахад зодоон хийсэн бололтой *******ын нүд хэсгээс бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- Гэрч Б.*******ийн өгсөн: ...Намайг ******* гэх хүн чи хаана буучхаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би газар дээр буусан байна гэхэд чи *******ийн бэр юм бол тэр ******* руу зайлаач гэж хэлсэн. ******* гэх хүн намайг пизда минь ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр чи яах гээд байгаа юм бэ гээд ******* гэх хүнийг цааш нь түлхтэл манай нөхрийг ******* гэх хүн зуураад бариад авсан. Ингээд *******, манай нөхөр хоёр хоорондоо зууралцаад гэрээс гарсан. Гэрээс гарахаар нь би дагаад гарахад ******* манай нөхрийг тавихгүй зуураад цохих гээд байхаар нь манай нөхөр ******* гэх хүнийг гараараа зүүн хацар хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл ******* гэх хүн газраас чулуу аваад манай нөхрийг цохих гэж байснаа болиод өмсөж явсан футболкны захнаас нь татаад хоолойг нь боогоод байхаар нь манай нөхөр *******ыг цааш нь түлхтэл цаашаа унаад машины дугуй мөргөх шиг болсон. Тэгтэл нүд хэсгээс нь цус гарсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
- Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 193 дугаартай: А.*******ын биед баруун нүдний дээр, баруун чихний дэлбэн, уруулын зүүн дээр шарх, баруун нүдний доод зулгаралт, зүүн шанаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Г.Б*******ы санаатай үйлдлийн улмаас хохирогч А.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 193 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч Г.Б*******ы атгасан гараар цохисон үйлдэлтэй буюу мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч А.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар 463.200 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж 393.200 төгрөгийн нотлох баримт ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Б******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд 460.000 төгрөгийг хоёр хувааж төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 60 дахь талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Б*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч А.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч А.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ