| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Э.Загдсүрэн нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Загдсүрэнд холбогдох эрүүгийн 2315002540191 дугаартай 163/2023/0171/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Загдсүрэн, Булган аймгийн Булган суманд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн 1303 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 34 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Загдсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315002540191 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Загдсүрэн нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 5 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх дуудлага, мэдээллийн дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон Булган аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.*******гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний өмсөж явсан албаны савхин хүрмийн мөрдөс хийх зориулалттай хэсгийн товчийг тастсан, улмаар биед нь халдаж цээжин тус газарт гараараа нэг удаа цохиж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн болох нь:
- шүүгдэгч Э.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Би 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөөнөөс ******* сумын төвийн гэртээ хүүхдүүд дээрээ ирсэн. Би ******* сумын төв дээр ойрд орж ирээгүй гээд найзуудтайгаа 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Учир нь намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хөдөө гэр рүүгээ явахгүй байхаар нь хашраах гээд дуудлага өгсөн байсан. Манай эхнэр намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад хэд хоног мал руугаа яв гэж хэлээд байсан юм. Тэгээд би цагдаа ирэхэд гэртээ унтаж байсан. Тэгэхэд сумын цагдаа ирээд намайг яагаад гэртээ агсан согтуу тавиад байгаа юм гэсэн. Би гайхаад юун агсам тавих, юу яриад байгаа юм бэ?, би гэртээ зүгээр унтаж амарч байна гэж хэлсэн. Тэгээд намайг сумын цагдаа ******* гараад ир гээд гаргасан. Тэгээд би төрийн хувцасанд хүрэхгүй тайлчих гээд хувцаснаас нь татаад цээж рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд намайг хувцаснаас нь татахад мөрдөснийх нь товч унасан. Тэгээд би гэр рүүгээ орж амраад сумын цагдаа ч яваад өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Эд зүйлд үзлэг хийсэн: Уг савхин хүрэм нь цагдаагийн албаны хагас дотортой хавар, намар өмсөх зориулалттай савхин хүрэм байх бөгөөд уг хүрэмний хоёр ханцуй хэсэгт цагдаагийн албаны лого тэмдэгтэй байв. Савхин хүрэмний баруун талын мөр хэсэгт байх цагдаагийн албаны мөрдөс хийх зориулалттай хэсгийн төмөр товч унасан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Савхин хүрэмд өөр урагдал цоорол байхгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
- хохирогч Д.*******гийн өгсөн: Би Булган аймгийн ******* суманд хэв журмын цагдаа албан тушаалд ажилладаг. Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* сумын 5 дугаар багт ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 23 цагийн үед цагдаагийн байгууллагын 102 дугаарын утаснаас ******* сумын 5 дугаар багийн хойд хороонд нөхөр нь эхнэртээ агсам тавиад агсраад зодоод байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн. ...Дотогш ороход *******ь гэх эмэгтэй дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тухайн эмэгтэйтэй уулзахад манай нөхөр олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хөдөө мал руугаа явахгүй байна. Сая ажил дээрээсээ иртэл согтуу архи уучихсан, гэртээ унтаж байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, нөхөр агсраад зодоод байна гэсэн байна, энэ унтаж байгаа хүн нөхөр чинь юм уу та унтчихаар нь надад худлаа яриад байгаа юм уу гэхэд архи уугаад байхаар нь миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би орон дээр хэвтэж байсан хүн дээр очоод та босоорой гэхэд унтаж байснаа сэрээд надад хэн бэ яах гээв гэх мэт зүйл ярихаар нь та яагаад агсам согтуу тавиад байгаа юм бэ гэхэд над руу “чамд ямар хамаатай юм бэ, би гэртээ унтаж байна. Манай гэрээс гар гэх мэтээр над руу дайрсан. Тухайн үед бага насны хүүхэд байсан учраас би та гэрээсээ гараад ирээч гэж хэлээд Э.Загдсүрэн гэх хүнийг гэрээс нь дагуулаад гартал Э.Загдсүрэн нь чи яагаад намайг гэртээ унтаж амарч байхад гэрээс гаргадаг хэн бэ? чи зүгээр байгаарай төрийн хувцас өмсчихөөд, наад хувцсаа тайлчих хоёулаа үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь би та надтай хамт манай ажил дээр очъё гэж хэлтэл би чамтай явахгүй гэж хэлээд миний өмсөж явсан албаны савхин хүрмийн мөрдөснөөс татаж, савхин хүрмийн цолны мөрдөс хийх зориулалттай, мөрдөс орох хэсгийн товчийг тасдаж, миний цээж рүү нэг удаа гараараа цохисон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
- Гэрч З.*******ийн өгсөн: ...2023 оны 06 дугаар сарын 12-ны орой гэртээ ажил дээрээ байж байгаад иртэл манай нөхөр Загдсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...******* цагдаа манай нөхрийг сэрээгээд та эхнэртээ агсам согтуу тавиад байгаа юм уу гэхэд манай нөхөр Загдсүрэн чи юу яриад байгаа юм бэ, би гэртээ унтаж амарч байна гээд ******* цагдаа руу дайраад байхаар нь би одоо унт гэж хэлээд байж байтал гэрийн гадаа цагдаа *******тэй манай нөхөр хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой дуу нь сонсогдож байсан. Тухайн үед миний бага насны 1 нас, 4 сартай Ундрал охин гэрт унтаагүй байсан учир гэрээсээ охиноо аваад гараагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
- Гэрч Б.*******ын өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* сумын 5 дугаар багт ахлах ахлагч Д.*******гийн хамт ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 23 цагийн үед цагдаагийн байгууллагын 102 дугаарын утаснаас ахлагч Д.*******гийн утас руу ******* сумын 5 дугаар багийн хойд хороонд нөхөр нь эхнэртээ агсам тавиад агсраад зодоод байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн. ...Ахлагч Д.******* орон дээр хэвтэж байсан хүнийг босоорой гэхэд Э.Загдсүрэн гэх хүн унтаж байснаа босож ирээд “хэн бэ, яах гээв чи” гээд ******* цагдаа руу дайраад байсан. Тэгэхээр нь ахлагч Д.******* та гэрээсээ гараад ирээч гэж хэлээд Э.Загдсүрэн гэх хүнийг гэрээс нь дагуулаад гартал Э.Загдсүрэн гэх хүн “чи яагаад намайг гэртээ унтаж амарч байхад гэрээс гаргадаг хэн бэ, чи зүгээр байгаарай, төрийн хувцас өмсчихөөд, наад хувцасаа тайлчих, хоёулаа үзье” гэж хэлсэн. Тэгтэл ахлагч Д.******* “та надтай хамт манай ажил дээр очъё” гэж хэлтэл “би чамтай явахгүй” гэж хэлээд ахлагч Д.*******гийн өмсөж явсан албаны савхин хүрмийн мөрдөснөөс татаж, савхин хүрэмний цолны мөрдөс хийх зориулалттай, мөрдөс орох хэсгийн товчийг тасдаж, мөн цээж хэсэг рүү нэг удаа гараараа цохисон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Загдсүрэнгийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албаны хувцас, бие эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Булган аймгийн Цагдаагийн газрын ******* сумын цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.******* нь хууль сахиулагч мөн байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч Д.*******гийн цагдаагийн албаны савхин хүрэм буюу албаны хувцасанд гэмтэл учирсан нь шүүгдэгч Э.Загдсүрэнгийн хүрэмнээс татаж чангаах, цохих үйлдэлтэй буюу татах, чангаах үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Загдсүрэн нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Загдсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогч Д.******* нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхээр иргэний нэхэмжлэл гаргаагүй ба шүүгдэгч нь хохирогчийн албаны хувцсыг шинээр худалдан авч өгсөн гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Э.Загдсүрэнг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Загдсүрэнгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч г.Батцагаанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Загдсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Загдсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Загдсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Загдсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Загдсүрэнд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Загдсүрэн нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Загдсүрэнд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Загдсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Э.Загдсүрэн нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Загдсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ