Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 208

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, ... хаягт оршин байгаа, “А” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ... хаягт оршин байгаа, “Э” ХХК -д холбогдох,

3522777 төгрөг гаргуулах тухай 132/2020/00092/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н , хариуцагч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар ороцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК Орхон аймаг дахь эм ханган нийлэх төвөөс 2016-2017 онд эм зээлээр авч байсан. 2018 оны 05 сарын 11-ны өдрийн баталгааны баримтаар  2018 оны 06 сарын 31-ний 05 дугаар сарын 30-ны өдөр 50 хувь буюу 1171259 төгрөг, 2018 оны 06 сарын 30-ны өдөр 1171259 төгрөгийг нийт 2348518 төгрөгийг төлөхөөр Э эмийн сангийн эрхлэгч П овогтой Б төлж барагдуулна гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэрэв хугацаандаа төлбөрийг төлж барагдуулахгүй тохиолдолд гүйцэтгээгүй 01-ний өдрөөс эхэлж өнөөдрийг хүртэл хугацаанд буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 6458580 төгрөг болсон. Нийт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу 2348518 төгрөгийн тал үнэ болох алданги 1174259 төгрөгийн алданги нийт үнийн дүнгийн хамт 3522777 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 09 сараас эхэлж “А” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед н.С , н.Н  гэх хүмүүстэй зээлээр худалдаж эм авдаг байсан. Тухайн үед эм бараа бэлэн мөнгөөр н.С , н.Н ийн нарын хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Манай “Э” ХХК одоо энэхүү төлбөрийг төлж барагдуулж чадахгүй. Тухайн үед хариуцаж байсан н.С , н.Н  гэх хүмүүсийн хувийн данс руу шилжүүлж байсан миний буруу болж байна. Одоо санхүүгийн хувьд хүнд байгаа учраас төлөх боломж байхгүй. Гомдолтой байна. Тухайн үед ажиллаж байсан 2 хүн миний өрнөөс хасалт хийгээгүй ажлаас гарсан байна. Энэ нэхэмжлэгч байгууллагын хариуцлагагүй байдал учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан, 2348518 төгрөг, алданги 1174259 төгрөг, нийт 3522777 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

“А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ гэрээний үүрэг 2348518 төгрөг, алданги 1174259 төгрөг, нийт 3522777 төгрөг гаргуулахыг хүссэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч байна.

“А” ХХК нь 206 оны 10 сарын 15-ны өдрөөс 2017 оны 2 сарын 7-ны өдрийг дуустлах хугацаанд захиалагч “Э” ХХК-д эм эмнэлгийн хэрэгслийг тохирсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлж бүтээгдэхүүнийг захиалагчид нийлүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн “А” ХХК болон “Э” ХХК нь 2018 оны 5 сарын 11-ний өдөр эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлсэн тухай “Төлбөрийн үлдэгдлийн баталгааны баримт” үйлдэж “Э” ХХК нь “А” ХХК-д худалдан авсан эм, барааны үнэ болох 2348518 төгрөгийг төлбөрийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа “Э” ХХК нь 2018 оны 5 сарын 30-ны өдөр 1171259 төгрөг, 2018 оны 6 сарын 30-ны өдөр 1171259 төгрөгийг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл төлбөрөөс тооцож гэж тохирсон тул алданги 1174259 төгрөг, нийт 3522777 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлох зорилгоор “Төлбөрийн үлдэгдлийн баталгааны баримт”-ыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үйл баримтаар зохигчийн хооронд эм эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээ хийгдэж, захиалагч, худалдан авагч нь төлбөрийн үлдэгдлийг гэрээний хугацаанд бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч “Э” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 2348518 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан “Төлбөрийн үлдэгдлийн баталгааны баримт”  нь “А” ХХК-иас “Э” ХХК-д эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлсэн үйл баримтыг нотлох ба энэхүү бичгийн нотлох баримтанд дурьдсан алдангийг “Э” ХХК-иас шаардах эрхийг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь “А” ХХК-иас “Э” ХХК-д эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэхдээ талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Анзын гэрээг бичгээр хийнэ” гэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул 1174259 төгрөгийн  алданги  гаргуулна гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.  

Иймд 2348518 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, алданги 1174259 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 2348518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдэх 1174259 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71315 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч “Э” ХХК-иас 52526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК -д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ