Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0647

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э-ннэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: М.Э

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: А.Э,Ө.М, О.М

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0071 дүгээр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  төлөөлөгч А.Б, Б.Б, гуравдагч этгээдӨ.М, А.Э, О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 123/2025/0018/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Эаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолынӨ.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0071 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 46 дугаар зүйлийн 46.7, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э-нТөв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоолынӨ.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 хэсэгт "... нэгэнт сонгогдсон эрхийн үүднээс иргэдийн төлөөлөгчдийн хуралд нь төлөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх нь сонгуулиар сонгогдсон этгээдийн эрх болох учир сонгогдсон шатныхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд орж, нөхцөл байдалтай танилцах, улмаар сонголтоо хийж, энэ талаарх баримтаа үндэслэн нөгөө иргэдийн төлөөлөгчдийн хуралд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг буруутгах үндэслэлгүй байна...,Ө.М, О.М, А.Э нар нь аймгийн хурлын төлөөлөгч байхыг сонгосон буюу тус хурлын тогтоолыг гаргуулсны үндсэн дээр нөгөө хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна." гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т "Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно" гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт буюу Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны Аравдугаар сарын 29-ний өдрийн "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол гарах үедӨ.М, О.М нарын сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, А.Эын сумын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус эхэлж, өмнөх төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болсон байсан. Гэтэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх"-ыг хориглосон заалтыг зөрчиж, гуравдагч этгээдүүдийг сумын иргэдийн төлөөлөгчөөс чөлөөлөгдөөгүй байхад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч 01 тогтоол гарсан. Хоёр өөр шатны хуралд сонгогдсон төлөөлөгч аль нэг анхдугаар хуралдаан эхлэхээс өмнө, бүрэн эрх хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдахаас өмнө аль шатны хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээ сонгох эрхтэй. Дээрх гурван төлөөлөгчийн хувьд энэхүү эрхээ эдэлж сумын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх сонголтоо хийсэн, бөгөөд дээрх 3-н төлөөлөгчийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх "... маргаан бүхий акт гарснаас хойш гуравдагч этгээдүүд нь давхар өөр шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байж болохгүй асуудлыг шийдвэрлэж, хуульд нийцүүлэн давхардлыг арилгасан үйл баримт байх тул" гэж маргаан бүхий акт хуульд нийцээгүй, хууль бус болохыг анхан шатны шүүх тогтоосон атлаа "... хуульд нийцүүлэн зөвтгөсөн байдлаар маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл тогтоогдож байна" гэж өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь:

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчлан тогтоосон бөгөөд үүнд нэгэнт хүчин төгөлдөр болсон эрх зүйн зөрчилтэй, хууль бус актыг хуульд нийцүүлэн зөвтгөж шийдвэр гаргах талаар хуульчлаагүй, шүүхэд ийм эрх олгогдоогүй гэж үзэхээр байна. Харин захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгох эсхүл мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болохоор хуульчилсан боловч манай маргааны тохиолдолд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг хэрэгжүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүд нь сумын иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхээс чөлөөлөгдөөгүй байх үедээ давхар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож, улмаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргах ажиллагаанд саналын эрхтэй оролцож, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байдаг тул актыг зөвтгөж гаргах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Хоёр. Түүнчлэн анхан шатны шүүх "...тус хурал нь 41 төлөөлөгчтэй байх ба энэ нийт төлөөлөгчийн олонх нь буюу 21 ба түүнээс дээш төлөөлөгч оролцсоноор хурал хүчинтэй тул..., дээрх тоон үзүүлэлтээр 20 төлөөлөгч нь дангаар шийдвэр гаргах ирц хүрэхгүй байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч шууд тус хурлын дарга болох байсан нөхцөл байдал тогтоогдохгүй..., эрх нь шууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн.

Гэвч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т "Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно" энэхүү заалтаар дийлэнх олонх нь 31 ба түүнээс дээш төлөөлөгч бүрэн эрх хүлээн зөвшөөрсөн тогтоол батлахад оролцох ёстой. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-т "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно, 48.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална" гэж заасан. Иймээс гуравдагч этгээдүүд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд оролцох эрхгүй тул Ардчилсан намын 21 төлөөлөгчөөс хууль зөрчсөн 3 төлөөлөгчийг хасаад 18 төлөөлөгч хуулийн дагуу оролцох боломжтой. Хэрэв 18 төлөөлөгч гэж үзвэл тухайн хуралдаан нийт 41 төлөөлөгчийн 18 төлөөлөгч нь 43.9% буюу олонх бүрдэхгүй, ирц хүрэхгүй, аливаа тогтоол шийдвэр баталж чадахгүй атал хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан нь шийдвэр гаргах ажиллагаанд сонгогчдоо төлөөлөн хувь төлөөлөгч миний санал өгөх эрхийг зөрчсөн төдийгүй хурлын даргаар сонгогдох эрхийг зөрчсөн.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Жаран гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хурлын тогтоол,... нь хууль тогтоомж,... шийдвэрт нийцсэн байх..." гэж тус тус заасан нь аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, түүний шийдвэрт мөн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон миний үйл ажиллагаа, оролцоотой ч шууд хамааралтай бөгөөд түүний дотор иргэдийнхээ итгэлийг хүлээж, тэдний эрх ашгийг төлөөлөхөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бүгдэд шууд хамаарах, өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргах бүртээ баримтлах зарчим, онцгой үүрэг учир Үндсэн хуулиар хүлээлгэсэн дээрх үүрэг, зарчмыг аймгийн ИТХ зөрчиж хууль бус шийдвэр гаргасан нь иргэдийнхээ итгэлийг хүлээж тэдний эрх ашгийг хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон төлөөлж ажиллахаар аймгийн ИТХ-д сонгогдсон миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаатай салгаж ойлгох учиргүй юм. Хэрэв би хууль зөрчсөн шийдвэртэй эвлэрч хүлээн зөвшөөрвөл иргэд сонгогчдынхоо өмнө амласан амлалт, өөрийн баримталдаг зарчмаа үл огоорсон үйлдэл болохоос гадна улс төрчийн хувьд дараа дараагийн сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрхгүй болох зэргээр миний сонгох, сонгогдох эрхүүд зөрчигдсөн атал анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2024 оны Аравдугаар сарын 29-ны өдөр, өглөө 09 цагт эхэлж, Аймгийн сонгуулийн хорооноос баталсан 2024 оны 10-р сарын 16-ны өдрийн 26 дугаартай "Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолын төслийг танилцуулж, "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" тогтоолын төслийг хэлэлцэх үед Монгол ардын намаас сонгогдсон төлөөлөгч бид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг мөрдөж, анхдугаар хуралдаанаар Аймгийн сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсэн 41 төлөөлөгчөөс дээрх 3 төлөөлөгчийн нэрийг хасаж, 38 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлуулах, уг тогтоолыг батлах санал хураалтад нэгжийн хуулийн хориглосон заалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэйӨ.М, О.М, А.Э нарыг оролцуулахгүй, түдгэлзүүлэх саналыг гаргасан. Энэ үед би анхдугаар хуралдаанаас хууль бус тогтоол баталж болохгүй, хуулиа зөрчиж болохгүй болохыг сануулж, уг асуудлаар зөвшилцөх санал гаргаад Монгол Ардын намын 20 төлөөлөгч хурлаас гарч явсан. Гэтэл 2024.10.29-ний өдөр хууль зөрчсөн 3 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль болон хурлын дэгийг зөрчсөн. Тухайн үед өмнөх хурлын дэг хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой бөгөөд тухай хурлын дэгээр гаргасан санал дээр санал хураах, мөн ашиг сонирхлыг зөрчил үүсэх 3 төлөөлөгчийг тухайн асуудлаар санал хураахад оролцуулахгүй байхаар шийдвэрлэх байтал анхдугаар хуралдаан даргалагч эрхээ хууль бусаар ашиглаж, ирц хүрэхгүй, хурал хүчинтэйд тооцогдоогүй байхад хууль бусаар тогтоолууд баталж, хурлын даргын тамга гардаж авсан нь хууль зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 123/ШШ2025/0071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч М.Эаас “... Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолынӨ.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,  52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолынӨ.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлийг бүрэн тодруулаагүй, дээрх тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй үйл баримттай холбоотойгоор давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа асуудлыг бүрэн тодруулж, дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Тодруулбал, 

4.1. Нэхэмжлэгчээс “... сонгуулийн үр дүнгээр 20 ба 21 гэсэн мандатууд бий болсон, гуравдагч этгээдүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд давхар сонгогдохыг хориглох заалтыг зөрчсөнтэй холбоотой ирцийн асуудал гарсан. Хэрвээ  хууль зөрчөөгүй байсан бол нөгөө намаас 18 суудал, манай намаас 20 суудал авна, ... Олонхын зарчим болон хурлын дэгт заасан журмын үндсэн дээр би хурлын даргад нэр дэвших боломжтой байсан. Ирцийн асуудлаар гуравдагч этгээдүүд оролцож, ирцийг 51 хувьд хүргэснээр хурлын шийдвэрийг нөгөө нам дангаар гаргах боломжийг бүрдүүлж, миний нэр дэвших, сонгогдох эрх зөрчигдсөн, хууль ёсны эрх ашиг маань хөндөгдсөн, ... тодорхой хугацааны дараа гуравдагч этгээдүүд сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс өөрсдийн хүсэлтээр татгалзсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

4.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлсны хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчдын маргасан хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, харин хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй.

4.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн”, 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;”, 53 дугаар зүйлийн 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно”, 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж тус тус заасан.

4.5. Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаар хуралдааны 1 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийг баталсан байх бөгөөд тус дэгийн 7.7-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсонд тооцож, хуралдаан даргалагч ИТХ-ын тамгыг гардуулна” гэж заасан байна.

4.6. Дээрх хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгээс үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тухайн хурлын төлөөлөгч өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй бөгөөд нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болох ба нэг хүн нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцохоор зохицуулсан байна.

4.7. Харин нэхэмжлэгч М.Эаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолынӨ.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байх боловч дээрх хууль болон дэгт зааснаар нэхэмжлэгч М.Э нь Хурлын даргад өөрөө нэр дэвшсэн эсэх, эсхүл нам, эвслийн бүлгээс түүний нэрийг дэвшүүлсэн эсэх нууц санал хураалтаар олонхын санал авахад бодитоор гуравдагч этгээдүүд болохӨ.М, О.М, А.Э нарын санал нөлөөлсөн эсэх талаарх холбогдох баримт авагдаагүй, энэ талаар буюу нэхэмжлэлийн шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой гэж үзэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн тодорхойлогдоогүй байхад шүүх эдгээрийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 53 дугаар зүйлийн  53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтооно” гэж заасантай нийцээгүй байна.

5. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 155 дугаар тогтоолоор[1] иргэн Б.Б-н өргөдлийн дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

5.1. Нэхэмжлэгчээс Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолынӨ.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

5.2. Тус шүүхэд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагатай ижил төстэй буюу “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолыг бүхэлд нь, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 02 тоот тогтоол, Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 03 тоот тогтоол, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо байгуулж, бүрэлдэхүүн, даргыг сонгох тухай 04 тоот тогтоол, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай 05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Д.Б, Г.М, Г.Э, Г.Б, С.Б, Ц.Ж, Л.М, Б.У, Б.Г, П.О, Х.Ц, А.Б, Н.Д, Ц.О, О.Цэрэнбаатар, Ц.Э, С.Ц, А.М, Б.Б нараас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан байна.

5.3. Тус захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШЗ2025/0172 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Д.Б, Г.М, Г.Э, Г.Б, С.Б, Ц.Ж, Л.М, Б.У, Б.Г, П.О, Х.Ц, А.Б, Н.Д, Ц.О, О.Ц, Ц.Э, С.Ц, А.М, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг Үндсэн хуулийн Цэцээс Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 414 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь Захиргааны хэргийн хөдөлгөөний нэгдсэн системээр тогтоогдож байна.

Тус шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар эцсийн шийдвэр бөгөөд, хуулийн хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байна.

5.4. Ийнхүү Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд ижил нэхэмжлэлийн шаардлага бүхий 2 хэрэг хянагдаж  /нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ижил/ байхад “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Үндсэн хуулийн Цэцээс Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийдвэрлэхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа уг маргаан бүхий тогтоолын “Ө.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй энэхүү хэргийг шүүх шийдвэрлэх боломжтой эсэх тухайд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

5.5. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийн түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа тус тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай энэ хэргийн нэхэмжлэлийг түдгэлзүүлэх шаардлагагүй шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа шалтгаан хууль зүйн үндэслэл тайлбарлагдаагүй, дүгнэгдээгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн байна.

 

6. Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай, ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй нь хуульд нийцэхгүй байна. Тухайлбал,

6.1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с “... 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон. Маргааш нь буюу 20-ны өдөр аймгийн сонгуулийн хороонд Ардчилсан намаас сонгогдсон 21 төлөөлөгч бүгдээрээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгож байгаагаа илэрхийлж хүсэлт бичиж өгсөн юм. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал товлогдохгүй байсан ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд зарлагдаж, давхар сонгогдчихсон учраас төлөөлөгч нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд суугаад бүрэн эрхээ баталгаажуулсан ...” гэж тайлбарлан маргасан.

6.2. Энэ тохиолдолд гуравдагч этгээдӨ.М, О.М, А.Э нараас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болохоос өмнө сумын иргэдийн Төлөөлөгчөөс татгалзах болон аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр батлуулах тухай хүсэлт гаргасан эсэх, хэрэв гаргасан бол хаана ямар байгууллага, албан тушаалтанд хэзээ гаргасан эсэх, цаг хугацааны хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болохоос өмнө уг хүсэлтийг гаргасан эсэхийг тодруулж, энэ талаарх үйл баримт уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлөх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүнд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 206 дахь хуудас