Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 227

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, ... хаягт оршин суугаа, Б овогт Т.Т-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ... оршин байгаа, Ш т холбогдох, 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох шууданч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тухай 132/2020/00082 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т , хариуцагч Ю.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2006 оны 01 сарын 4-ны өдөр Ш т шууданч үйлчлэгчээр анх ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. 2019 оны 11 сарын 19-ний өдөр надад сануулах сахилгын арга хэмжээ авахуулсан. 2020 оны 01 сарын 02-ны өдөр Ю.Б дарга  налтай уулзаад хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй гээд намайг ажлаас чөлөөлсөн.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох шууданч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 07 сарын 01-ний өдөр Булган аймгийн шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдож ирсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр бичсэн хэл амраар доромжилж үйлдэл байхгүй. Үндэслэлгүй гүтгэж байна. Өмнө нэг удаа Т.Т  алдаа гаргаж байсан. Т.Т  удаа дараа ажлын байранд ажил үүргээ хангалттай биелүүлээгүй болохоор 2019 оны 11 сард сахилгын сануулах арга хэмжээ авсан. Манай хөдөлмөрийн дотоод журмаар өмнө нь зөрчил гаргасан хүнийг ажилд авахгүй гэсэн заалт байдаг. Т.Т тай 2019 оны 01 сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 01 сарын 02-ны өдөр дууссан учир, дахин гэрээг үргэлжлүүлэн сунгахгүйгээр ажлаас чөлөөлсөн.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т  нь хариуцагч Ш т холбогдуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох шууданч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ш  нь нэхэмжлэгч Т.Т  нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдээгүй, сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч Т.Т ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Т ы нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Т , хариуцагч Булган аймгийн Ш ын хооронд 2019 оны 1 сарын 2-ны өдрөөс 2020 оны 1 сарын 2-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох боловч Булган аймгийн Ш ын даргын 2019 оны 3 сарын 11-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Т.Т ыг өөрийн нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлснөөр дээрхи хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Гэтэл Булган аймгийн Ш ын даргын 2019 оны 4 сарын 22-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Т.Т ыг тус газрын шууданч-үйлчлэгчээр томилсон хэдий ч ажил олгогч Хөдөлмөрийнтухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх ба гэрээ байгуулаагүй үндэслэлээ 2019 оны 1 сарын 2-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй  гэж тайлбарлажээ.

 Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 1 сарын 2-ны өдрийн Б/25 тоот тушаалаар цуцлажээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба  нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020 оны 8 дуга1 сар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.  

Хариуцагч Булган аймгийн Ш ын даргын 2019 оны 4 сарын 22-ны өдрийн Б/11 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан гарчээ. Энэхүү зүйл, заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах 2 үндэслэлийн /ажил олгогч эсвэл ажилтны санаачилга/ нэг төрлийг зааснаас биш “ажлаас халах үндэслэл”-ийг тодорхойлсон заалт биш юм. Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байвал зохино. Гэтэл дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байна.

Мөн уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн “ажил олгогчийн санаачилгаар” хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн зохицуулалтыг баримталсанаас гадна “М”  ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3 /Ажилтан нь албаны ёс зүйн хэм хэмжээ, харьцааны болон үйлчилгээний соёл, дэг журмыг чанд сахин, ...үүрэгт ажлаа үнэнч шударгаар чанартай хийж гүйцэтгэн ажлын зөрчил саатал, үйлчилгээнд гомдол гаргахгүй.../, 11.4 /Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, компанийн ёс зүйн дүрэм, бусад холбогдох нийтлэг хууль тогтоомж, энэхүү дотоод журмыг мөрдөн, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлж ажиллана/,  11.5 /Ажилтан нь удирлагаас өгсөн даалгавар, төлөвлөгөөт ажлыг ханган биелүүлж... ...ажиллана/-д заасныг баримталжээ.

Ажилтан хөдөлмөрийн дотоод журамд заасаг үүргээ биелүүлээгүй, гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлан ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Т.Т ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь тогтоогдож байх тул түүнийг урьд эрхлэж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Т.Т  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Т.Т ыг Булган аймгийн Ш ын шууданч-үйлчлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ОДОНЧИМЭГ