| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/395 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/395
2023 06 07 2023/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч М.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт М.Х-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт **** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Х (РД:ЙР****).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч М.Х- нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим **** тоотод эхнэр О.Н-тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд зүүн шуунд шарх, дээд уруул, эрүүнд цус хуралт, зүүн шуу, баруун гуянд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х-: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн ***** дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн О.Н-аас надтай амьдарч байсан М.Х- гэрийн үүдэнд барьж авч, зэрлэгээр зодсон гэх өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
2. Хохирогч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: Миний салсан нөхөр М.Х- 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 00:30 цагийн орчим гэр лүү гээ орж явтал үүдэнд тааралдаад ямар хүнээр хүргүүлж ирж байгаа юм гэж хэлээд хувцасны захаар боогоод гэр лүү оруулсан. Тэгээд хэвлий рүү өшиглөсөн, үснээс чирсэн, мөн пивоны шил хагалаад зүүн гарын шууны хэсэгт хэд хэдэн удаа зүсэж гэмтээсэн, хувцасны өрөөнд байсан хувцаснуудыг хутгаар сийчээд урсан. М.Х- гэрээс гарсан. Удалгүй пиво авч ирээд ууж байгаад намайг хэл амаар доромжилж байгаад унтсан. Өглөө нь гэрээс гараад явчихсан. М.Х- бид хоёр 2006 оноос хойш нэг гэрт амьдарч эхэлсэн бөгөөд дундаасаа 13, 8 настай хоёр хүүхэдтэй, гэр бүлээ батлуулсан баримт бичиг байгаа. Бид Өвөрхангай аймгийн Хархорин суманд амьдардаг байсан. М.Х-эс 2021 онд салаад тухайн ондоо Улаанбаатар хотод орж ирсэн. Түүнээс хойш л М.Х- хаа байгаа газар ирж зодож цохиод байдаг болчхоод байгаа. Би Сүхбаатар дүүрэгт амьдарч байхдаа цагдаагийн 102 дугаарт хоёр удаа дуудлага өгч байсан. Баянгол дүүрэгт амьдарч байхдаа нэг удаа дуудлага өгч байсан. М.Х- миний гар утсыг булааж аваад цагдаа нар хайгаад залгахаар бид хоёр учраа олчихсон гэж хэлээд буцаачихдаг байсан. Цагдаад мэдүүлэг өгч байгаагүй. М.Х- одоо дүү ***ы гэрт байдаг. ***ы гэр Баян Монгол хотхоны эсрэг талд байрлах Тайм скуар хотхоны 312 дугаар байрны 2 дугаар орцны 38 тоотод байдаг. М.Х- эрхэлсэн тодорхой ажилгүй. 99151041 гэх утасны дугаартай. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
- мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдөр ажлаасаа 23 цагийн үед гэрийнхээ гадаа **** байрны гадаа ирэхэд нөхөр М.Х- араас дуудсан. Тэгэхээр нь эргээд харахад байрны тоглоомын талбай дээр пиво барьчихсан зогсож байсан. Би нөхрөөсөө айгаад орцныхоо кодыг хийж байхад араас ирээд эргүүлж харуулаад заамдаж аваад хаашаа яваад ирж байгаа юм гэхээр нь чамд ямар хамаатай юм гэхэд баруун хацар луу 2 удаа алгадаад нэг удаа гэдэс рүү цохисон. Тэр үед би болиоч ээ гэж хэлсэн тэгэхэд намайг заамдсан чигээрээ лифтэнд оруулж дээш 3 дугаар давхарт гараад гэрт ороод том өрөөний буйдан руу түлхэж унагаахаар нь би өөдөөс нь гараараа нүүр лүү нь цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Миний уруул руу 1 удаа цохисон, түүний дараа дахин нэг удаа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон, би өөдөөс нь эсэргүүцээд болиоч гэсэн ч намайг зодож байгаад удаагүй гарч яваад 4-5 ширхэг шилтэй пиво авч орж ирээд нэг шил пиво өгөөд уу гэж хэлэхээр уусан. Пиво ууж байх хоорондоо би чи намайг зодлоо чамаас сална гээд дахин маргалдсан. Тэгсэн чинь гал тогооны шургуулгад байсан шар иштэй жижиг хутгыг аваад хувцасны өрөө рүү ороод миний өлгүүрт байсан хувцаснуудыг бүгдийг нь хутгаар сийчсэн, түүний дараа гарч ирээд хоосон пивоны шилээ өөрийнхөө толгой дээр хагалаад үхнэ гээд байхаар нь үх гэж хэлсэн чинь үснээс чирээд буйдангаас чирч буулгаад толгойг ширээн дээр дараад үсийг хутгаар зүссэн тэр үед би боль гээд баруун гараараа хутгыг нь холдуулах гэж байгаад өөрийн баруун гуя хэсэгт шалбалчихсан. Түүний дараагаар би болъё гэж уучлалт гуйсан чинь нэг хэсэг нөхөр тайвшраад том өрөөний буйдан дээр суусан. Хэсэг хугацааны дараа намайг хардаад ажил хийлгэхгүй ажлаас чинь гаргана гээд байсан, тухайн үед муудалцаж байхад нөхөр гартаа хагархай пивоны шил барьчихсан байсан, тэр шилийг нь би гараас нь авах гэж байгаад өөрийнхөө гарын зүүн шуу хэсгийг зүсчихсэн. Тэгээд шилээ тавихгүй болохоор нь нөхрийн гараас нь барьж байгаад өөрийн гарын зүүн шуугаа 2 удаа зүссэн чинь шилээ тавиад үлдсэн пивоо ууж дуусгаад чаддаг юм бол цагдаад өгөөрэй гээд гараад явчихсан. Хэрэг гарах үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: ...Миний бие эрүүл хэвийн байгаа. Миний нөхөр дахин миний биед халдсан зүйл байхгүй. Одоо ямар нэгэн гомдол саналгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
- мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: Миний биед учирсан дээд уруул, эрүүнд цус хуралт, баруун гуянд зулгаралт толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг миний нөхөр учруулсан. Урьд нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй, миний нөхөр гар хүрч байгаагүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №14334 дугаартай:
- О.Н-ын биед зүүн шуунд шарх, дээд уруул, эрүүнд цус хуралт, зүүн шуу, баруун гуянд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
- Зүүн шуунд шарх, зүүн шуу, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
4. Яллагдагч М.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 13-ний орой 20 цагийн үед эхнэр Х.Н-ыг авах гээд Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд байх Гэгээнтэн цогцолбор дээр очоод ирчихлээ гээд эхнэрийн **** дугаар луу залгасан чинь ажил дээрээ ууж байна, чи харьж бай гэж хэлэхээр нь **** тоотод гэртээ ирсэн. 23 цаг өнгөрөх үед эхнэр Х.Н- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирэхээр нь яагаад архи ууж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд орилоод дайраад маргаан үүсгэж эхэлсэн. Тэгээд би баруун гарын араар баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадахад дахиж дайраад байсан. Би гар хөлийг нь бариад тайвшруулах гээд тэврээд авсан. Тэр үеэр дахин хэрэлдэж маргалдаад хэсэг хугацааны дараа арай гайгүй болохоор нь хөргөгч дотроос хүний 2 пивыг том өрөөнд ууж ярилцаж, би гадагш гараад дэлгүүр орж дахин 2 ширхэг пиво авч орж ирээд хэсэг ярилцаж хамт уугаад би цаад өрөөнд ороод хэвтсэн. Тэгсэн чинь шил хагарах чимээ гараад би том өрөө рүү ороход буйдан дээр суусан баруун гараараа зүүн шуугаа зүсэж байхаар нь шилийг нь булааж авч хаяад гарыг нь боогоод тайвшруулаад унтсан. Би баруун гарын ар хэсгээр шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадсан, дайраад байхаар нь түлхэж унагаасан. Маргаан эхнэр архи уусан болохоор би уурлаж маргаан үүсгэсэн. Миний эхнэр Х.Н-ын биед учирсан гэмтлүүдийг миний бие учруулсан. Өмнө нь цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаарх гомдол мэдээлэлд шалгагдаж байгаагүй, дуудлагыг эхнэр өгсөн байх. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 тал),
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 47-48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч гэм бурууд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч М.Х- нь **** тоотод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим эхнэр О.Н-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх, дээд уруул, эрүүнд цус хуралт, зүүн шуу, баруун гуянд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн О.Н-аас гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
- Хохирогч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн (хавтаст хэргийн 16-17 дахь тал) болон 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр (хавтаст хэргийн 20-21 дэх тал), 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр (хавтаст хэргийн 24 дэх тал), 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 103 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №14334 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
- Яллагдагч М.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч О.Н-ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Х- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр эхнэр О.Н-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шалтгаант нөхцлөөр согтуурсан үедээ маргалдан улмаар даамжирч эрүүл мэндэд нь хохирол учруулан гэмт хэрэг үйлджээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд нь улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Х-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Хохирогч О.Н- нь хохирол, хор уршигтай холбоотой баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Хаш-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч М.Х-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг шүүхэд гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг буцахад яллагдагч тодорхой орлоготой талаар баримт гаргаж өгөөгүй тул торгох ял оногдуулах боломжгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял хөдөө орон нутагт яаж биелэгддэг нь тодорхойгүй байна. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. гэсэн,
- шүүгдэгчээс өөрийгөө өмгөөлж оролцохдоо жилд ганц удаа болдог наадмаар барилддаг, энэ жил сүүлийн удаа барилдах тул өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч М.Хаш-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч М.Х-ийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар:
1/ Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
2/ Жич: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон: 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.
Тус хэргийн хохирогч О.Н- шүүгдэгч М.Х- нар нь 2006 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа, мөн 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид байх ба, дундаасаа хоёр хүүхэдтэй, дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарч байна гэж шүүх үзэж 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/202 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн хэдий боловч прокуророос 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлэхдээ тус гэмт хэрэг нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин ирүүлснийг шүүх ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд нь хүлээн авч шийдвэрлэсэн болохыг тэмдэглэн, тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Х-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ийг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Хаш-Эрдэнийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН