Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/718

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Э.*******,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305020051428 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: ******* улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ВЮ*******/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” эмнэлгийн 301 тоотод хэвтэн эмчлүүлж байгаад “ор засварлах хүн дуудаж өгсөнгүй” гэх шалтгаанаар жижүүр эмч *******тай маргалдан, улмаар түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины зүүн талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.******* нь ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг санаатай гэмтээгээгүй, болгоомжгүйгээр тухайн зүйлс болсон. Өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо баримтын хэмжээнд нөхөн төлнө.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “Гомдолтой байна. Эм тариа эмчилгээний зардал, төлбөртэй өрөөнд хэвтсэн эмчилгээнд 300.000 төгрөг болсон. 2023 оны 5 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд ажилдаа явж чадаагүй. 5 дугаар сард 700.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Ажилгүй байсан цалин хөлсөө авмаар байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305020051428  дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын  өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” эмнэлэгт ээлжийн жижүүрийн ажлаа хийгээд явж байхад манай эмнэлэгт...301 тоот өрөөнд эмчлүүлж байсан иргэн ******* гэх хүн дээр яваад ороход...миний ор болохгүй байна, энийг янзлаад өг гээд надад хэлсэн. Тэгэхээр нь биорыг нь үзэж байгаад болохгүй болохоор нь та манай жижүүрийг дуудаад энэ орыг солиулчих гээд хэлсэн. Тэгсэн чинь тухайн өвчтөн нь чи намайг мэдэх үү, би яагаад тэр жижүүрийг чинь өөрөө дуудах ёстой юм, чи дуудаж авч ирээд миний орыг янзлуулж өг гээд надтай маргалдаад зогсоод байсан. Тэгэхэд нь би тухайн хүнтэй маргалдаад хэрэггүй юм байна гэж бодоод 301 тоот өрөөнөөс гараад хажуу талд нь байрлах 302 тоот өрөө рүү ороод хэвтэн эмчлүүлж байсан хүнээ үзэх гээд зогсож байхад миний араас 301 тоот өрөөний өвчтөн дагаад ороод ирсэн. Орж ирээд шууд над дээр ирээд ямар ч үгийн зөрөөгүй заамдаж аваад чи надаар жижүүр дуудуулдаг хэн бэ гээд агсраад байхаар нь би 301 тоот өрөөний хүнд хоёулаа гарч байгаад ярилцъя, энд хүн хэвтэж байна гэж хэлээд тухайн хүнтэй хамт коридор руу гарсан. Эмнэлгийн коридорт тухайн хүн нь намайг заамдаж байгаад намайг нэлээд олон удаа алгадсан. ...Тэгэхээр нь би тухайн хүнд би таны энэ үйлдлийг камерын бичлэгийг нь авч байгаад цагдаад өгнө гээд хэлсэн чинь тухайн хүн нь намайг өөрийнхөө өрөө рүү чирч авч ороод намайг ор руу унагааж байгаад миний дээрээс толгой руу өшиглөөд байхаар нь би толгойгоо бариад доошоо болоход миний дээрээс чи надаар жижүүр дуудуулдаг хэн бэ гэж хэлээд миний дээрээс өшиглөөд цохиод байсан. Тэгэхэд нь манай эмнэлэгт үйлчлүүлж байсан настай эмээ нар орж ирээд намайг зодоод байсан хүнийг чи болиоч, яагаад энэ эмчийг зодоод байгаа юм гээд тухайн хүнтэй маргалдаад зогсож байхад нь манай эмнэлгийн жижүүр хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “...Би шууд 3 давхар руу гараад очиход 301 тоот өрөөнд манай эмнэлгийн эмч болох ыг манай эмнэлэгт тухайн өдөр нь хэвтэх гэж байсан үйлчлүүлэгч манай эмчийг заамдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн үл таних залуу болон эмч дээрээ явж очоод тухайн үл таних залууг эмчээс салгах гэж оролдоход үл таних залуу нь намайг манай эмч болох руу ойртуулахгүй манай эмчийг заамдсан байдалтай байж байхдаа хана руу саваад байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6585 дугаартай шинжээчийн “...*******ын биед тархины зүүн талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16 дахь тал)

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: ...Уг бичлэгийн 19:22:26 минутад иргэн ******* болон Э.******* нар нь тухайн эмнэлгийн коридорт хоорондоо маргалдаж байгаад иргэн Э.******* нь иргэн *******ын хүзүү хэсгээс нь барьж байгаад 301 тоот өрөө рүү оруулан түлхэж газарт унагааж дээрээс нь өшиглөж байв” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 74 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Э.*******ын өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* гэх нэртэй эмнэлэгт хэвтэхээр болсон. Тэгээд би тухайн эмнэлгийн 301 тоот өрөөнд ороод хартал миний хэвтэх гэж байсан ор дотогшоогоо цөмөрсөн байдалтай байсан тэгэхээр нь би тухайн эмнэлгийн сувилагчийг нь дуудчихаад байж байтал гаднаас нэг эмч ороод ирсэн тэгэхээр нь би тухайн эмчид энэ орыг засаад өгөөч гээд хэлсэн чинь тухайн эмч нь надад чадахгүй ээ чи өөрөө очоод манай засварчинг дуудаад наад ороо засуулчих гээд надад хэлсэн тэгэхээр нь би тухайн эмчид би танай орыг засуулах гэж өөрөө яваад байж чадахгүй ээ гэж хэлээд маргаан эхэлсэн тэгээд тухайн эмч нь намайг үзэлгүй шууд гарч яваад 302 тоот өрөөний хүнийг үзэхээр орсон. Тэгэхэд нь би тухайн эмчийн араас нь ороод тухайн эмчид чи манай өрөөний орыг засаад өг гээд дахиад шаардлага тавьсан. Тэгээд би тухайн эмчийн хамт 302 тоот өрөөнөөс гараад тухайн эмнэлгийн коридорт маргалдаж байхад тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс бид 2 дээр хүрээд ирсэн. Тэгээд би тухайн эмчийн хамт 301 тоот өрөө рүү ороод би тухайн эмчтэй маргалдаад заамдалцаад түлхэлцээд байж байтал гаднаас өөр хүмүүс орж ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” эмнэлгийн 301 тоотод хэвтэн эмчлүүлж байхдаа “ор засварлах хүн дуудаж өгсөнгүй” гэх шалтгаанаар жижүүр эмч *******тай маргалдан, улмаар түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь тархины зүүн талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч *******ын өгсөн: “...301 тоот өрөөнд эмчлүүлж байсан иргэн ******* гэх хүн дээр яваад ороход ...миний ор болохгүй байна, энийг янзлаад өг гээд надад хэлсэн...Эмнэлгийн коридорт тухайн хүн нь намайг заамдаж байгаад намайг нэлээд олон удаа алгадсан. ...Тэгэхээр нь би тухайн хүнд би таны энэ үйлдлийг камерын бичлэгийг нь авч байгаад цагдаад өгнө гээд хэлсэн чинь тухайн хүн нь намайг өөрийнхөө өрөө рүү чирч авч ороод намайг ор руу унагааж байгаад миний дээрээс толгой руу өшиглөөд байхаар нь би толгойгоо бариад доошоо болоход миний дээрээс чи надаар жижүүр дуудуулдаг хэн бэ гэж хэлээд миний дээрээс өшиглөөд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), гэрч ийн өгсөн: “...Би шууд 3 давхар руу гараад очиход 301 тоот өрөөнд манай эмнэлгийн эмч болох ыг манай эмнэлэгт тухайн өдөр нь хэвтэх гэж байсан үйлчлүүлэгч манай эмчийг заамдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн үл таних залуу болон эмч дээрээ явж очоод тухайн үл таних залууг эмчээс салгах гэж оролдоход үл таних залуу нь намайг манай эмч болох руу ойртуулахгүй манай эмчийг заамдсан байдалтай байж байхдаа хана руу саваад байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6585 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 74 дэх тал), яллагдагчаар Э.*******ын өгсөн: “...Тэгээд би тухайн эмчийн хамт 302 тоот өрөөнөөс гараад тухайн эмнэлгийн коридорт маргалдаж байхад тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс бид 2 дээр хүрээд ирсэн. Тэгээд би тухайн эмчийн хамт 301 тоот өрөө рүү ороод би тухайн эмчтэй маргалдаад заамдалцаад түлхэлцээд байж байтал гаднаас өөр хүмүүс орж ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.******* нь хохирогчийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн олон удаагийн үйлчлэлээр цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Э.******* нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” эмнэлгийн 301 тоотод хэвтэн эмчлүүлж байгаад “ор засварлах хүн дуудаж өгсөнгүй” гэх шалтгаанаар жижүүр эмч *******тай маргалдаж түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины зүүн талын тенториум хэсгийн аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Э.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч *******ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэргийн 96 дахь талд хохиролтой холбоотой нийт 951.500 төгрөгийн эмчилгээтэй холбогдох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Э.*******аас  гаргуулж *******т олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Э.******* шүүх хуралдааны явцад 951.500 төгрөг хохирогчийн данс руу шилжүүлэн өгснийг дурдах нь зүйтэй. Иймд энэ тогтоолоор шүүгдэгч нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодож, хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй  болно.

Мөн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар болон төрийг төлөөлөх прокурор гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна. Энэ талаар хяналтын прокурор цаашид анхаарвал зохино. 

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Иймд шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                    

ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******гийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.*******аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар болон төрийг төлөөлөх прокурор гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ