Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/00552

 

       2020         02          21

                              181/ШШ2020/00552

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Г-д холбогдох

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.П, хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Содномдорж овогтой Пүрэвсүрэн миний бие 2002 онд Сономдагва овогтой Гтэй танилцаж 2008 оноос хамтран амьдарч 2009 оны 6 дугаар сарын 28- нд охин Г.Э , 2011 оны 4 сарын 20-нд охин Г.М нар төрсөн.

Энэ хугацаанд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж цагдаагийн байгууллагад хандаж байсан. Бид 2013 оноос салж тус тусдаа амьдрах болсон энэ үеэс хойш хоёр охин маань миний асрамжинд өсөж торниж байгаа. Бид хойр гэр бүлийн баталгаагүй хамт амьдарч байсан. Ийм учир хоёр охинд минь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.Птэй 2002 онд танилцаж 2008 оноос хойш 2013 оныг хүртэл хамт амьдарч байсан. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд 2009 оны 6 дугаар сарын 28- нд охин Гийн Э , 2011 оны 4 дүгээр сарын 20-нд охин Гийн М нар төрсөн

Би С.Птэй хамтран амьдрах хугацаанд 2 охиноо өсгөж хүмүүжүүлэхэд өөрийн биеэр оролцож байсан. Энэ хугацаанд би ажилтай, цалин хөлстэй байсан. Би хүүхдүүд болон ээжийг нь хоосон орхиогүй, салахдаа одоо Пүрэвсүрэнгийн ажиллуулж байгаа салоныг, арван хэдэн сая төгрөгийн үнэтэй машины хамт үлдээсэн.

Бид тус тусдаа амьдарснаас хойш бүтэн 7 жил болж байна, эхний нэг жил нь би хүүхдүүдтэйгээ уулздаг байсан боловч С.П нь 2015 оноос хойш намайг охидуудтай минь уулзуулаагүй. Миний аав 2 охинд өөрийн боломжийн хэрээр тусалдаг бөгөөд аавтай минь нэг ч удаа золгуулж, уулзуулж байгаагүй.

Одоогоор би эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд 2 охиныгоо маш их санаж байна. Хүүхдүүд маань ч намайг санаж бэтгэрч байгаа байхаа. Учир нь би багаас нь хамт байсан. Миний бие 7 хоног бүрийн хагас бүтэн сайн өдрүүдэд хүүхдүүдтэйгээ уулзаж байх боломжийг олгож өгнө үү.

Хүүхдүүдэд маань тэтгэвэр тогтоолгох гэж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч С.П нь охин Г.Э, Г.М нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч С.Г нь охин Г.Э, Г.М нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т Гэр бүлийн холбогдолтой нэхэмжлэлийг, нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй байвал өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч С.П нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид охин Г.Э, Г.М нарыг С.Гийн хүүхэд мөн эсэх талаар маргаагүй бөгөөд охин Г.Э, Г.М нар нь эрүүл бойжиж байгаа болох нь тус хорооны өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, тус хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул тэтгэлгийг хуульд зааснаар тогтоох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2009 оны 6 дугаар сарын 28- нд охин Гийн   Э    , 2011 оны 4 дүгээр сарын 20-нд охин Гийн М нарыг тус тус 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг С.Гээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан С.Г, С.П нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО