Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/713

 

      

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Нарангуа,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2303003870345 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй, “*******” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧА*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Монголын Үндэсний телевизийн зүүн талын замд “Toyota Prado” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч ******* /8 настай, эмэгтэй/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Монголын Үндэсний телевизийн зүүн талын замд “Toyota Prado” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч 8 нас 02 сар 16 хоногтой *******г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),

Нас тоолсон “Галсайханы нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 8 нас 02 сар 16 хоногтой байсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы өгсөн: “Би эхнэр хүүхдийн хамт Завхан аймгаас Улаанбаатар хотод ирээд эмнэлгээр явах ажилтай байсан юм. Манайх Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны айлын хашаа байшин түрээсэлж амьдарч байсан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 05-ны 16 цагийн орчим манай охин бид нарыг явсны дараа эгч Эрдэнэцэцэгтэйгээ үлдсэн чинь тоглоомын талбай орох гэж яваад Монголын Үндэсний телевизийн зүүн талын замд явган хүний гарцтай хэсэгт “Toyota Prado 150” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн байсан. Тухайн ослын улмаас миний охин ГССҮТ-д очиж үзүүлэхэд шилбэний яс цуурсан гээд хагалгаанд орсон. Надад шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлттэй холбоотой саналт хүсэлт байхгүй. Тухайн осолтой холбоотой холбогдон гарсан ямар нэгэн эмчилгээний зардлын баримт байхгүй, тухайн осол гаргасан жолооч эмчилгээтэй холбоотой бүх зардал мөнгийг төлж барагдуулсан. Хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч өгсөн: “Тухайн өдөр нөхөр ******* бид хоёр Баянхошуу явж байсан бөгөөд нөхөр өөрийн эзэмшлийн “Toyota Prado 150” маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод би урд зорчигчийн суудал дээр суугаад явж байсан тухайн үед цаг 15:45 болж байсан бөгөөд телевизийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт замын ертөнцийн зүгээр баруун талаас нэг хүүхэд машины урдуур гүйгээд гараад ирсэн тэгэхэд хүүе ээ гэж орилоод нөхөр тоормос гишгээд хурдаа хасаад тэр хүүхдийг өнгөрүүлээд зөрөх гэтэл ахиад замын баруун талаас хүүхэд гүйгээд гараад ирсэн нөхөр жолоогоо баруун гар тал руугаа дараад тоормос гишгээд зогсохтой зэрэгцээд хүүхэд машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд унасан. Ослын дараа нөхөр бид хоёр машинаас буугаад хүүхдийг машиндаа суулгаад Эх нялхсын эмнэлэг рүү орж хүүхдийн үзүүлэхэд яаралтай гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлэхгүй бол болохгүй гээд эх нялхсын эмнэлгийн машинаар хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн, тэр хооронд цагдаа нар ослын газарт очиж цагдаа нартай уулзаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7571 дугаартай “ *******гийн биед дух ясны баруун хэсэгт нүдний ухархайн дээд хана, дотор хана, этмоид хөндий, хамар ясны баруун хажуу хана хамарсан нийлмэл хугарал, баруун шаант болон тахилзуур ясны зөрүүтэй хугарал, баруун шилбэнд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, шидэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 536752 дугаартай “...уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эвдрэл гэмтэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 91-93 дахь тал),

2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” (хавтаст хэргийн 118 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.*******ий өгсөн: “Би хохирогчид 5.000.000 төгрөг шилжүүлсэн мөн зах зээлийн үнээр бодогдвол 10 орчим сая төгрөгийн бөөний үнээр бол 4.500.000 орчим төгрөгийн бараа буюу гутал хувцас өгсөн. Мөн сүүлд хүүхдийн хос гутал 30 орчим ширхгийг өгсөн. Эрүүл мэндтэй холбоотой 952.392 орчим төгрөгийн хохирол төлсөн нийт 11.442.000 төгрөгийн хохирол нөхөн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас бага насны хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зам хөндлөн гарцаар гарч байсан явган зорчигч 8 нас 02 сар 16 хоногтой *******г мөргөж дух ясны баруун хэсэгт нүдний ухархайн дээд хана, дотор хана, этмоид хөндий, хамар ясны баруун хажуу хана хамарсан нийлмэл хугарал, баруун шаант болон тахилзуур ясны зөрүүтэй хугарал, баруун шилбэнд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нар нь (хавтаст хэргийн 135, 136 дахь тал)-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг өөрсдийн сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Б.*******д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:

Хавтаст хэргийн 135 дахь талд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “...эмнэлэгт хүргэж өгсөн, Эх нялхсын эмнэлэгт үзүүлж анхны тусламж үзүүлээд гэмтэл согогийн төвд хэвтэн эмчлүүлж хөлийн хагалгаанд оруулж эмнэлгээс гарч ойр зуурын хэрэгсэл авч өгч байсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт болон шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гийн аав нь байна шүүх хуралд оролцох боломжгүй, гомдол санал байхгүй” гэж зурвасаар мэдэгдсэн байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж хуульчилснаар шүүгдэгч нь хэргийн баримтаар тогтоогдсон 11.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг энэ тогтоолоор  бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин энэхүү гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн биед учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор цаашид гарах эмчилгээ, сувилгааны болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 137-138 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг Б.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******ий хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.******* тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг Б.*******д анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт Б.******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Бага насны хохирогчийн цаашид гарах эмчилгээ, сувилгааны болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн түүний хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ