Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга А.Болор,

          Улсын яллагч О.Багшбаяр,

          Хохирогч Б.Нэргүй /РД:ЦЗ76032814/,

          Шүүгдэгч Б.Жаямаа, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

         

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.Жаямаад холбогдох 2016 2501 4358 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

          Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүн баян суманд 1981 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 4 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

          Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн,

          Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалт, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигин овогт Бархасын Жаямаа /РД:УС81112132/,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

 

          Б.Жаямаа нь ялтай байхдаа шунахай сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 4-33 тоотоос Б.Нэргүйн халаасанд байсан биет 650.000 төгрөгийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жаямаагийн өгсөн: “Тухайн үед самар түүхээр явах гээд мөнгө хэрэг болсон. Тэгээд би ахаасаа мөнгө гуйвал өгөхгүй байх гэж бодсон. Би тамхи хайж яваад ахынхаа халаасыг үзэхэд мөнгө байсан. Тэгээд тэр мөнгийг нь аваад куртикийг нь унтаж байсан өрөөнд нь оруулж тавиад би хувцсаа өмсөөд гарч явсан. Би найзуудтайгаа самар түүхээр явах гээд 300.000-400.000 төгрөгөөр нь хоол ундны зүйл аваад үлдсэн мөнгөөр нь ууж идсэн. Би самар түүж ирээд мөнгийг нь өгье гэж бодож байсан юм” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нэргүйн өгсөн: “Миний куртикний халаасанд 650.000 төгрөг байсан. Жаямаа нь 2 хүүхдээ хөтөлчихсөн, эхнэр нь жирэмсэн над дээр би ажил хийж амьдармаар байна гэхэд нь би гэр орон болон түлээг нь хүртэл бэлдэж өгч байсан. Сарын дараа гэрт нь очиход суух сандал ч байхгүй, бараг тэр гэр орныг түлэхэд болохоор харагдаж байсан. Тийм болтлоо бүгдийг дуусгасан байсан. Энэ хэрэг гарахаас 7 хоногийн өмнө Жаямаа нь зэрэгцэж унтаж байсан төрсөн дүүгийнхээ өмдний халааснаас 200.000 төгрөг болон 400.000-500.000 төгрөгийн үнэтэй савхин куртикийг үүрийн 5-6 цагт босч авч явсан байсан. Би шоронгоос суллагдсан өдөр чинь 150.000 төгрөгийг хувцас авч өмс гээд өгсөн. Охинд чинь хүртэл хичээл эхлэх гэж байна гээд 130.000 төгрөг өгч явуулсан. Би чадах чинээгээрээ чамд тусалсан. Чи надаас хулгай хийж авсан 650.000 төгрөгөөрөө 10 дотоож, 10 оймс аваад өөрөө өөрийгөө хувцаслачихаж чадахгүй байна шүү дээ. Ахын дүү гэртээ ирээд байя гэвэл хоол унд бэлэн байгаа гэж хэлж байсан. Гэрээс гараад ирэхдээ л уучихсан орж ирдэг. Би чамайг талх аваад ир гэж хэлж байгаагүй, ядаж гараад ороод ирэхдээ яагаад эрүүл байж болдоггүй юм бэ” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Жаямаагийн өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Амгалангийн хорих ангиас суллагдсан. Гарч ирээд барилга дээр нэг хэсэг ажилласан. Өвөл болсон ажилгүй байсан. Тухайн өдөр гэртээ ахын хүүхдийг хараад байж байхдаа 10 цагийн үед тамхи хайгаад ахын халаасыг тэмтэрч үзэхэд цаасан юм баригдсан. Тэгэхээр нь гараа хийгээд үзэхэд 20.000 төгрөгний дэвсгэртүүд байсан. Тэгээд хувцсаа солиод ах Нэргүйн өрөөнд хүүхдийг нь оруулаад тэгээд мөнгийг авч гараад явсан. Тэр мөнгийг тоолж үзэхэд 580.000 төгрөг байсан. Тухайн мөнгөөр 5 хоног архи ууж буудалд байсан. Тэр мөнгө дуусаад нэг хэсэг айлаар явсан” гэх мэдүүлэг /хх.24-25/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Нэргүйн өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 цаг 30 минутын үед гэртээ унтаж байгаад сэрсэн. Босоод харахад манай төрсөн дүү Жаямаа байхгүй байсан. Би гарч бие засчихаад граж руугаа ороод Жаямааг харахад байхгүй байсан. Гэртээ орж ирэхэд бас байхгүй байсан. Хаачсан юм бол гэж гайхсан. Би Жаямааг байхгүй болохоор нь куртикнийхээ энгэрийн халаасанд байсан 650.000 төгрөгөө үзэхэд байхгүй байсан. Тэгэнгүүт буцаж граж руу ороод камераа шүүхэд Жаямаа хоёр хогийн сав ухаад тамхи хайгаад байсан. Гэр лүү удалгүй буцаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.32-33, 35-39/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Б.Жаямаа нь ялтай байхдаа шунахай сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 4-33 тоотоос Б.Нэргүйн халаасанд байсан биет 650.000 төгрөгийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүгдэгч Б.Жаямаагийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Жаямаагийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгчийн ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Жаямаагийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 18 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Жаямаагаас хохирлын 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нэргүйд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Бархасын Жаямааг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Б.Жаямаад 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, 58.5 дах хэсэгт тус тус зааснаар, Б.Жаямаад оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалт, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 10 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 20 хоногийн хорих ялын заримыг буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх баривчлах ялыг нийт 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар, Б.Жаямаад оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд нийгмээс тусгаарлаж ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, Б.Жаямаагийн цагдан хоригдсон 18 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаямаагаас 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 4-33 тоотод оршин суух хохирогч Луузан овогт Бархасын Нэргүй /РД:ЦЗ76032814/-д олгосугай.

   8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Б.Жаямаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР