| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 185/2019/1035/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 143
Б.Х, М.Мнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Хосбаяр,
шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, С.Болормаа,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1022 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мийн гаргасан гомдлоор Б.Х, М.Мнарт холбогдох эрүүгийн 1909036311162 дугаартай хэргийг 2019 оны 01 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
/;
Б.Х, М.Мнар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт капиталын 406 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Х.Эрдэмтөгсийн компьютерын процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,588,277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч Б.Х, М.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос М.М, Б.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Боржигон овгийн Батцэнгэлийн Хаш-Эрдэнэ, Боржигон овгийн Мөнхзаяагийн Мөнхтөмөр нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.588.277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.М, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, М.М, Б.Х нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, М.М, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Мдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1.Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М, Б.Х нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.588.277 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь: Анхан шатны шүүх шүүгдэгч М.М, Б.Х нарыг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Шүүгдэгч М.М, Б.Х нар нь “Шпитц” ХХК-д ажиллаж байсан бөгөөд М.Мт тухайн өрөөний түлхүүр албан ёсоор хадгалагдаж байсан. Тэднийг “Шпитц” ХХК-д ажиллаж байсан гэдгийг хохирогч Х.Эрдэнэтөгс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...М.Мманай байгууллагад ажилласан, ажиллах хугацаандаа байгууллагын өрөөний түлхүүрийг авч үлддэг байсан...” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч М.Мнь тухайн өрөөний түлхүүрийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түлүүрийг тухайн цаг хугацаанд эзэмших эрхтэй байсан гэж үзэж байна.
М.Мнь “Шпитц” ХХК-тай хөдөлмөрийн харилцаатай байсан ба хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон захирлын тушаал шийдвэр ажил олгогчийн зүгээс гаргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасны дагуу ажил хүлээлцсэн акт байхгүй, түлхүүр зэргийг албан ёсоор хүлээн аваагүй, мөн ажлаас халсан шийдвэр гаргаагүй байгаа нь М.Мтэй хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон гэж үзэх нь учир дутагдалтай байна. М.Мнь уг түлхүүрийг цоожинд тааруулж өөрөө хийгээгүй ба хаалгыг эвдэн орж хулгай хийгээгүй болно.
Тиймээс М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж үзэж байна.
2. Мөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн мөрдөгч Цагдаагийн дэслэгч Л.Мягмар-Очир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчиж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.Мөөс эд зүйл хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлд зааснаар прокурорын зөвшөөрөл аваагүй, прокурорт мэдэгдээгүй байна. /хх 14/
Мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай” мөрдөгчийн тогтоол нь ямар хугацаагаар сунгасан нь тодорхойгүй, прокурор батлаагүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. /хх 6/,
3. Шүүгдэгч М.Мнь гэнэн зангаасаа болж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зан төлөвийн хувьд эвдрээгүй, хохирлыг барагдуулсан. Ар гэрийн хувьд бага насны хүүхэдтэй, эхнэр жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх нөхцлүүд байгаа болно.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж түүнд ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “байнгын үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, хулгай хийсэн” гэж зүйлчилсэн. Хавтас хэрэгт М.Мтэй хийсэн хөдөлмөрийн гэрээ байна. Энэ хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байсан. Тэгэхээр М.Мнь хөдөлмөрийн гэрээний дагуу “Шпитц” ХХК-д дизайнераар ажиллаж байсан гэсэн үг. М.М9 сард ажлаас гарах хүсэлтээ өгсөн боловч байгууллагын зүгээс шийдвэр гаргаагүй байсан учраас ирэн, очин, зарим үед ажлынхантайгаа ажлын байрандаа хонох тохиолдол олон байсан. Өөрөөр хэлбэл, ажлаа хүлээлцээгүй, эд зүйлсээ хүлээлгэж өгөөгүй, түлхүүр М.Мт хадгалагдаж байсан нь хохирогч Эрдэмтөгсийн мэдүүлгээр тогтоогддог. М.Мт албан ёсоор тухайн өрөөний түлхүүр байсан учраас тэр өрөөнд нэвтрэх эрхтэй байсан гэж үзэж байна. Тухайн 406 тоот өрөө нь нийтээрээ суудаг, нэг түлхүүртэй, нэг л хаалгатай, өөр ямар нэгэн дамжиж орох өрөө болон тусгаарласан зүйлгүй байсан. Улсын дээд шүүхийн 28 дугаар тогтоолоор орон байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг “түлхүүр тааруулах, багж хэрэгсэл ашиглаад буюу ашиглахгүйгээр цоож түгжээг нь эвдэх, онгорхой байхад нь сэм орох зэрэг үйлдлүүдийг нэвтрэн орох үйлдэл” гэж тайлбарласан байдаг. Эдгээр үйлдүүдийн аль нэгийг М.М, Б.Х нар хийгээгүй. Түлхүүрийг хийж тааруулсан зүйл байхгүй, өөрийн эзэмшиж байсан хууль ёсны түлхүүрээрээ орсон учраас нэвтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн М.Мийн эд зүйлс одоог хүртэл ширээн дээр байдаг. Түүнчлэн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ одоо болтол тухайн байгууллага өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуульд “Хэрвээ халагдсан бол нийгмийн даатгалын дэвтрийг тухайн өдөр нь өгөх үүрэгтэй” гэсэн байдаг. Ийм учраас зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар үйл баримтыг бодитоор тогтоох шаардлагатай. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэвч хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, М.М, Б.Х нарыг орох эрхтэй эсэх, хөдөлмөрийн харилцаа нь дууссан эсэх талаар шүүгдэгч нарт ашигтай хөнгөрүүлэх нөхцөлийг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар “Хэрвээ эргэлзээтэй байвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч М.Мнь Дамбадаржаад жирэмсэн эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг. М.Мийн ээж нь Замын-Үүдэд амьдардаг. Аав нь 2 жилийн өмнө нас барсан. Мөн том ах нь авто ослоор нас барсан. Ингээд ээж нь ганцаараа харж хандах хүнгүй байгаа бөгөөд цөсний хорт хавдарын хагалгаанд орсон. Одоо сахар нь ихсээд эмнэлэгт хэвтэж байгаа. Мөн Б.Хаш-Эрдэнийн найз охин хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлдэг. Иймд шүүгдэгч М.Мийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч С.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тухайн ажиллаж байсан газраасаа компьютер хулгайлсан тул хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг хавтас хэрэгт нотлох баримтаар авч байж энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Хэдийгээр бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн гэдэг боловч тэрнээс өмнө интерьер дизайнераар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээтэй ажилтан мөн эсэх асуудал яригдана. Хавтас хэргээс үзэхэд халсан тушаал байхгүй, ажлаа хүлээлгэж өгсөн баримт байхгүйг дурдах нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд “ажил олгогч нь ажилтныг заавал халсан тушаал шийдвэр” гаргаж ажлыг нь хүлээж авах ёстой. Энэ талаар хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлд тодорхой заасан. Шүүгдэгч өөрийнх нь компьютер мөн үү, ажлын цаг мөн үү, ажилтан, ажил олгогч мөн эсэх дээр маргаагүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал учраас энэ баримтууд хавтас хэрэгт авагдсан тохиолдолд хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Интерьер дизайнерын ажил нь өөр газар давхар гэрээлэн ажиллах боломжтой. Үүнийгээ ч гэрээндээ тусгаж өгсөн байсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7-д “цуцалсан тохиолдолд заавал ажил хүлээлцэх ёстой” гэсэн байна. Мөн энэ хүн манай ажилтан биш, манайд орох эрхгүй гэсэн баримт хавтас хэрэгт байхгүй. Иймээс дээрх нөхцөл байдлууд болон хувийн байдлыг нь харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Ер нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд “ажил олгогч нь ажилтныг заавал халсан тушаал шийдвэр гаргаж ажлыг нь хүлээж авах ёстой”. Энэ талаар Хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлд тодорхой заасан. “Энэхүү гэрээг цуцалсан тохиолдолд талуудын хооронд хийх тооцоо болон ажил хүлээлцэхийг тушаалд заасан хугацаанд багтаан гүйцэтгэнэ” гэсэн байна. Иймээс хэргийн үйл баримт, ар гэрийн байдал, шүүгдэгчийн өөрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Хаш-Эрдэнэ нь давж заалдах гомдол гаргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Мөнхтөмөрийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “2019 оны 9 дүгээр сард ажлаасаа гарснаа тодорхой мэдүүлдэг”. Тухайн гэмт хэрэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн ажлын байран дээрээ байж байгаад, Хаш-Эрдэнийг дуудан, түүний хамтаар хуучин ажлын түлхүүрээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “хэн нэгэнд тухайн алдагдсан компьютерийг авах зөвшөөрөл өгөөгүй. Ажлын байран дээрээ ирэхэд процессор нь алга болсон байсан” гэдэг. Мөн “Хаш-Эрдэнэ, Мөнхтөмөр нарыг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “...шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх дэглэмийг заасан үндэслэл;-г ...шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана.” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа энэ талаар тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм;-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана.” гэсэн шаардлагуудад нийцэхгүй юм.
Шүүгдэгч М.Мгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхой бус, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж тодорхой тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэг нь хэрэгт тогтоогдсон үйл баримтыг, хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх ойлголт юм. Гэтэл шүүгдэгч М.Мнь тухайн шөнийн цагаар буюу ажлын бус цагаар ажлын байранд нууц, далд аргаар хууль бусаар нэвтрэн орсон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй “...М.М, Б.Х нар нь “Шпитц” ХХК-д ажиллаж байсан бөгөөд М.Мт тухайн өрөөний түлхүүр албан ёсоор хадгалагдаж байсан ...тухайн өрөөний түлхүүрийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон давж заалдах гомдолдоо дурдаж, мэдүүлж өгсөн нь хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1022 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.М, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч М.М, Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ