| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0451/З |
| Дугаар | 221/МА2025/0743 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0743
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага:
“Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, маргаантай байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах тухай”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 676 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0451/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан ““Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, маргаантай байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан маргаантай байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 3.1. Анх “Х” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/648 дугаар тушаал гарсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 988 дугаартай шийдвэрээр захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт аль аль тал давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/183 дугаар тушаал гаргаж, уг тушаалд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 988 дугаар шийдвэр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/749 дүгээр тушаалаар байгуулсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”- ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн I хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэсэн ба тушаалын 4 дэх хэсгээр “Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон. Өөрөөр хэлбэл 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд хэлбэрийн хувьд шийдвэр гаргасан эсэхээс үл хамааран шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн А/183 дугаар тушаалыг гаргасан байх ба А/183 дугаар тушаал нь “Х” ХХК-д дахин сөрөг үр дагавар үүсгэж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна.
3.2. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр дахин ... шийдвэр гаргасныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд захиргааны байгууллагын баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчимд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүл гэх байдлаар өмнөх шүүхийн шийдвэрийг үндэслэж, “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шинэ захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхэд хүргэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаар тушаал хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан эсэхийг тогтоож, уг асуудалд дүгнэлт өгөх ёстой.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон А/183 дугаар шийдвэрийг түдгэлзүүлэхийн тулд хэргийн нөхцөл байдлыг зайлшгүй нэмж тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлтэй. Гэтэл А/183 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах шаардлагын дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт, үндэслэл хавтаст хэрэгт бүрэн цугларсан. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл, хавтаст хэрэгт цугларсан баримтаар хууль тогтоомж зөрчсөн, үндэслэлгүй тушаал гаргасан болох нь тодорхой харагддаг. Үүнд: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар ашиглах эрхийг цуцлах эрх хуулиар олгогдоогүй. Хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан хүчингүй болгох үндэслэлийг үндэслэсэн.
3.4. 988 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн огноог буруу бичсэн.
3.5. “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”- ийн 1-р хурлаас гарсан шийдвэрийг үндэслэсэн гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хурлын шийдвэрийг шүүхийн шаардсанаар гаргаж өгөөгүй ба хууль бус болсон хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөлийн хурлын төлөвлөгөөнд “Х” ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх талаар үг, үсэг байхгүй. Хурлын төлөвлөгөөнд “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийн тухай хэлэлцэхээр тусгаагүй, Хурлын шийдвэр байхгүй буюу зөвлөлийн хурал “Х” ХХК-тай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Манай компанийн газар ашиглах эрхтэй холбоотой шийдвэр гараагүй байхад “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлахдаа уг зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэж байгаа нь хууль зөрчсөн.
3.6. Хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн шинэ захиргааны акт гаргах шүүхийн шийдвэрийн дагуу А/183 дугаар тушаал гарсан атлаа өмнөх хүчингүй болсон тушаалд дурдагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгийг дахин үндэслэсэн.
3.7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гарахдаа 2 жилийн өмнөх буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн саналыг үндэслэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 4.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Тушаалын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/183 дугаар тушаалаар дээрх шүүхийн шийдвэр болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/749 дүгээр тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглахаар төлөвлөгдсөн 17365,7 м.кв газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хэсэгчлэн цуцалсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 988 дугаар шийдвэрийг шүүхээс хариуцагчид 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг хугацаанаас 3 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А/183 дугаар тушаалыг гаргасан нь хууль болон шүүхийн шийдвэрт заасан хугацааг хэтрүүлээгүй.
4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 988 дугаар шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийн дагуу сайд өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0988 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн Нийтийн эдэлбэр газар орц гарц хааж газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалын “Х” ХХК-д олгосон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглахаар төлөвлөгдсөн 17365.7 м.кв газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/684 дугаар тушаалаар “Х” ХХК-д Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд олгосон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн орц, гарц нээх хүрээнд 17365.7 м.кв газрыг хэсэгчлэн цуцалсан. Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “...шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ба нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий актын 1 дэх заалтын 17365,7 мкв гэсэн хэсгийн автозам тавигдсан хэсгийг буюу 5758,9 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч буй дээрх автозам нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр баригдсан болох нь Замын хөгжлийн газраас ирүүлсэн лавлагаануудаар тогтоогдож байхын зэрэгцээ “Төгс төсөл” ХХК-ийн үйлдсэн автозамын зураг нь Автозамын тухай хуульд заасан нийтийн эзэмшлийн автозамд тавигдах шаардлага, холбогдох стандартыг хангах эсэхийг шүүхээс тодорхойлох боломжгүй байна ... хариуцагч шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, тухайн автозамыг автозамын сүлжээнд холбох боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болгох эсхүл хүчингүй болгох, өмнө нэгэнт бий болсон байсан нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашиглах эрх олгсосон шийдвэрийг хүчингүй болгох эсхүл газрыг нөхөх олговортойгоор буцааж авах эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаар тушаалын 1, 2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3. Улмаар хариуцагчаас шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Тушаалын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/183 дугаар захирамж гаргасан бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, маргаантай байсан хугацаагаар гэрээний хугацааг сунгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, шүүхийн шийдвэрт заасан хугацааг хэтрүүлсэн хууль бус захиргааны акт. Түүнчлэн маргаан бүхий тушаалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/749 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэл болгосон боловч нотлох баримтыг ирүүлээгүй, зөвхөн Улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 1 дүгээр хурлын төлөвлөгөөг нотлох баримтаар ирүүлсэн. Энэ төлөвлөгөөнд мөн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн асуудлыг тусгаагүй нь харагддаг. Газар ашиглах эрхийг хэсэгчилсэн цуцалсан тушаал буюу өмнөх А/684 дүгээр тушаал гарахаас өмнө 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 41149 м.кв газрыгаа бүхэлд нь ашиглах байдлаар зураг төслөө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар хянуулаад баталгаажуулчихсан” гэж тайлбарлан маргажээ.
4. Анхан шатны шүүхээс дээрх маргаан бүхий актыг “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 988 дугаар шийдвэрээр ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дүгээр тушаалын 1, 2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шийдвэрийн Үндэслэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна...” гэж дүгнэн дахин 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтын агуулгад нийцээгүй байна.
5. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Тушаалын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/183 дугаар тушаалаар нийтийн эдэлбэр газарт орц, гарц хааж газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалын “Х” ХХК-д олгосон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн зам талбайгаар ашиглахаар төлөвлөгдсөн 17,365,7 м.кв газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын хүрээнд хэсэгчлэн цуцалжээ.
6. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгээр нийтийн орц гарц нээх хүрээнд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг 23783,3 м.кв хэмжээгээр багасган өөрчлүүлэх, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн байна.
7. Уг маргааны гол дүгнэлт өгөх асуудал нь тухайн 17364,7 м.кв газар нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарч байгаа эсэх асуудал байх бөгөөд маргаан бүхий газар бүхэлдээ бус зарим хэсэг нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарч байгааг нотолсон баримтууд хэрэгт авагдсан байна.
8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компанийг газар ашиглах эрхийн дагуу тухайн газарт барилга барихаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Аялагч түр буудаллах, отоглох орон байрны зураг төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хот байгуулалт, хөгжлийн газраар тус тус хянуулж зураг төслийг Нийслэлийн ерөнхий архитектораар батлуулсан. Уг зураг төслийг батлуулахдаа одоо баригдсан байгаа хатуу хучилттай замыг устгах, өөрчлөх, хаах зэргээр бусад этгээдийн эрхийг хязгаарлахаас сэргийлж уг замыг хэвээр үлдээж тухайн замтай уялдуулан төслөө батлуулсан ... манай компаниас тухайн автозамд хамаарах газрын хэмжээг 5758,9 м.кв гэж тогтоогоод байгаа, гэхдээ хариуцагч замын трасстай холбоотой хэсгийн хэмжээг тогтоож, энэ хэмжээгээр тушаалдаа өөрчлөлт оруулбал манайхаас маргах зүйлгүй ... энэ асуудлаар эвлэрэх гэж 3 сар шүүх хуралдаан хойшилж байсан” гэж удаа дараа тайлбарладаг ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
9. Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцагчаас нийтийн эзэмшлийн газар орц, гарц нээх зорилгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан бөгөөд нэхэмжлэгчээс уг авто зам тавигдсан хэсгийг буцаан өгч, үлдэх хэсэгтээ төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байхад шүүх маргааны энэхүү гол үйл баримттай холбоотой нотлох баримт цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн “хариуцагч шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлснийг биелүүлсэн гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр дахин захиргааны акт гаргасан нь захиргааны байгууллагын баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчимд нийцэхгүй” гэж дүгнэн маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7 “шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлд хамаарч байна.
10. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байх төдийгүй анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ