Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1128

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00784 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 6 580 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.О,

Хариуцагч Б.Б, өмгөөлөгч Э.Кадирбек,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие машин зарна гэсэн зарын дагуу хариуцагч Б.Бтай холбогдож, түүний “Хонда сивиг” маркийн 10-61 УНЯ тоот улсын дугаартай машиныг 6 500 000 төгрөгөөр авахаар тохирч, гэрээ байгуулан, мөнгийг төлсөн.

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уг машиныг унаад явж байтал хянах дэлгэц дээр гэрэл асаад байсныг хариуцагчаас лавлахад аккумляторын толгойн холбогчийг зэсээр ороосон учраас асдаг, солиход асуудалгүй гэхээр нь засварлахад зүгээр болсон. Гэтэл 2-3 хоноогүй байтал нөгөө автомашины мотор, хропоос тос гоожиж, өгсүүр газар хүч авахгүй, гэрлэн дохио дээр унтрах, хааз авахад тасалдах, орилох зэрэг доголдол илэрсэн бөгөөд энэ талаар Б.Бд хэлж байсан.

Миний бие тус автомашиныг 2017 оны 04 дүгээр сараас хойш ашиглаагүй, одоо буцааж өгөхөд эдгээр доголдлоос өөр ямар нэгэн асуудал байхгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 6 500 000 төгрөг, оношлуулахад гарсан зардал 80 000 төгрөг, нийт 6 580 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг машиныг 2016 оны 11 дүгээр сард бусдаас худалдан авч, ажил гэрийн хооронд унаж хэрэглэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид худалдсан. Тухайн үед нэхэмжлэгч Д.О автомашиныг 2 хүнтэй хамт ирж шалгаж хүлээн авсан. Уг автомашин гадна өнгө үзэмж сайтай, засвар хийх шаардлага байгаагүй, эд ангид дуу ороогүй байсныг нэхэмжлэгч тал шалгасан.

Нэхэмжлэгч автомашины мотор, хропоос тос гоожсон, өгсүүр газар хүч авдаггүй, гэрлэн дохио дээр хааз салдаг гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй. Мөн “Анд” засварын оношилгооны хуудаст энэ тухай тодорхой дурдаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 болон 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Худалдах, худалдан авах гэрээ нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний зүйл болсон автомашин нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр техникийн үзлэг, оношилгоонд тэнцсэн байна. Худалдагдахаас өмнө сарын хугацаанд автомашин нь биет байдлын доголдолтой болсон байхыг үгүйсгэхгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг зөрчсөн. Анд засварын газрын тодорхойлолтын талаар хариуцагч маргаагүй буюу тухайн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Хариуцагч эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.О нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 6 500 000 төгрөг, засвар үйлчилгээнд төлсөн 80 000 төгрөг, нийт 6 580 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал Honda Civic маркийн 10-61 УНЯ дугаартай автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэд 6 500 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, талууд гэрээний үүргээ гэрээ байгуулсан өдрөө гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Б нь гэрээний зүйл буюу автомашиныг техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулсан гэсэн боловч автомашиныг худалдаж авснаас хойш 1 хоногийн дараа моторын хайрцагнаас тос гоождог, өгсүүр газар явахад хүч алддаг зэрэг нь мэдэгдсэн тул биет байдлын доголдолгүй машин хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, автомашиныг ердийн зориулалтын дагуу ашиглах боломжгүй, доголдолтой байсныг нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаагүй байна.

Нэхэмжлэгчээс гаргасан “Анд” засварын газрын зарлагын баримтад /хх-4/ үндэслэн зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох автомашиныг биет байдлын доголдолтой гэж тайлбарласан боловч уг баримтад засвар үйлчилгээ хийсэн талаар зааснаас өөрөөр автомашиныг ашиглах боломжгүй доголдол байгаа, уг доголдол нь гэрээгээр эд хөрөнгө шилжүүлэх үед үүссэн байсан гэж үзэх боломжгүй байна. Иймд уг  автомашин биет байдлын доголдолтой гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж тодорхойлсон бөгөөд автомашин нь тээврийн хэрэгслийн хувьд ажиллуулах боломжгүй тохиолдолд түүнийг биет байдлын доголдолтой гэж үзэх ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.  

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 120 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ