Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2020/00833

 

 

 

 

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.О,

Хариуцагч: Т.Т-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,791,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О, хариуцагч Т.Т, иргэдийн төлөөлөгч Г.Должинсүрэн, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

О.О би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21:25 цагийн үед 67-11 УНП дугаартай “Приус” маркийн суудлын машинаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23 дугаар сургуулийн хойд уулзвараас төв зам руу орохоор явж байсан. Хойно машин ирж тасралтгүй сигналдаад дохиод байсан ба төв замын хөдөлгөөн тасрахгүй байсан тул хэсэг хугацааны дараа эргэж явахад зэрэгцэж ирээд цонхоо нээж юм хашхираад байсан. Би сонсохгүй байна гээд явахад, Барилгачдын талбайн төв хэсэгт гүйцэж урд гараад зогссон. 73-03 УНБ дугаартай, цайвар ногоон өнгийн “Приус” машинаас жолооч залуу бууж наашаа гүйж ирсэн, яасан юу болсон юм гэхэд тэр залуу элдвээр харааж, цонхоор 2 гараа оруулж хувцасны энгэр, захаас боож чирээд, улмаар нүүр рүү цохиод машин уруугаа явсан. “Яагаад хүн цохиж байгаа юм” гэхэд эргэж гүйж ирээд машин өшиглөж, нулимаад цонх нүдээд “Бээлий аваад ир” гэж нэхсэн. “Чиний бээлийг би аваагүй” гэхэд “Сая унагаасан наана чинь...” гэх мэт хашхираад байхаар нь доошоо гэрэл тусгаж харахад хар ноосон маягийн бээлий шалан дээр байсныг гаргаж шидсэн. Тэгээд би машинаасаа бууж “Яагаад хүн зодож байгаа юм” гэхэд заамдаж түлхээд мөр, цээж рүү цохиж “...Залуу хүний гарт үхмээр байна уу, ална чамайг, шүүх цагдаатай нь хамт дуусгана” гэх мэтээр харааж байгаад утсаараа бичлэг хийх гэхэд машин руугаа гүйж суугаад зугтаад явсан.

21:35 цагийн орчимд цагдаагийн 102-т дуудлага өгөхөд, 10 минутын дараа эргүүлийн машинтай цагдаа ирж, хамт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж, өргөдөл гомдол гаргасан.

Эргүүлийн цагдаа автомашины дугаараар хайж эзэмшигчийн зургийг харуулахад яг нөгөө залуу мөн байсан. Цагдаа утсаар нь олон удаа залгахад аваагүй. Чингэлтэй дүүргийн цагдаагаас маргааш нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнд үзүүлэх тогтоол ав гэсэн тул би харьсан ба уруул, цээж хөндүүрлээд, зүрх хатгуулаад унтаж чадаагүй. Өглөө нь Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Интермед эмнэлгүүдээр үзүүлж, шинжилгээ хийлгэсэн. Нөгөөдөр нь Чингэлтэй дүүргийн цагдаагаас тогтоолыг авч Шүүх эмнэлэгт орой нь очиж үзүүлсэн. Дээрх эмнэлгүүдийн үзлэгээр уруул баруун дээд, доод талд язарсан, цээж мөрний хэсэгт улайж, бага зэрэг хавдсан байсан ба цочролын улмаас зүрх өвдөж болно, нарийн шинжилгээ хийж онош тогтоолго гэж зөвлөсөн.

Миний өргөдөл гомдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар 4 дүгээр хорооны цагдаа Буянжаргал хариуцаж шалгасан ба миний өргөдөл гомдол, мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтийг авч Т.Т гэгчийг олж тогтоож, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэсэн тухай надад мэдэгдэж, иргэний шүүхийн журмаар учирсан гэм хорыг нэхэмжлэх талаар зөвлөсөн.

Иймд би хариуцагч Т.Таас надад учруулсан дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:

1.    Интермед эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээний төлбөрт төлсөн 154,300 төгрөг,

2.    Цаашид онош тодруулах нарийн шинжилгээ хийхэд шаардлагатай төлбөр 261,900 төгрөг,

3.    Эмчилгээний дагуу эм авсан төлбөр 81,800 төгрөг,

4.    Цаашид авах шаардлагатай эмийн төлбөр 144,600 төгрөг,

5.    Нарийн шинжилгээ хийх үеийн ба эмнэлгийн давтан үзлэгийн төлбөрт төлсөн 40,000 төгрөг,

6.    Дахин үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах төлбөр 154,300 төгрөг,

7.    Автомашинаа угааж цэвэрлүүлэхэд гарсан зардал 50,000 төгрөг,

8.    Мөн би хувийн машинаараа такси үйлчилгээ хийж өрхийн өдөр тутмын орлогоо олдог ба өөр тогтмол орлогогүй. Хэрэг болсон өдрөөс хойш хэргийн болон биеийн эрүүл мэндийн байдлаас болж эмнэлэг, хуулийн байгууллагуудаар явж, удаан хугацаагаар машин жолоодох боломжгүй байлаа. Үүнээс шалтгаалж өнгөрсөн хугацаанд такси үйлчилгээ хийх боломжит орлогыг олж чадаагүй бөгөөд өдөрт багадаа 40,000 ихэвчлэн 100,000 хүртэл төгрөгийн орлого олдог байсан. Иймд өдрийн боломжит орлогын дундаж дүнгээр тооцож, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 18 хоногийн орлого буюу өдөрт 50,000 төгрөг, 18 хоногийн 900,000 төгрөг,

9.    Нотариатаар баримт бичиг хувилуулсан зардал 5,000 төгрөг буюу нийт 1,791,900 төгрөгийг хариуцагч Т.Таас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Т миний бие 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 18 минутын үед 73-03 УНБ дугаартай “Приус 20” маркийн машинаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23 дугаар сургуулийн хойд уулзвараас төв зам руу орох гээд явж байтал миний урд байсан 67-11 УНП цэнхэр өнгийн “Приус 20” маркийн машин явж өгөхгүй зураас давж зүүн эргэх гээд байхаар нь би хойноос сигнал өгсөн. Тэгээд би баруун эргээд явахдаа “Наадах чинь зүүн эргэдэггүй ш дээ дүрмээрээ яваач ээ” гэхэд “Чамд ямар хамаатай юм бэ” гэж намайг хэл амаар доромжлоход би эргэж машиных нь урд очоод “Сая юу гэсэн бэ чи” гэхэд өөдөөс “Халзан бацаан минь юу гэсэн ч яадаг юм” гэх мэтээр олон хараалын үг хэлж намайг доромжлоход би цонхоор нь заамдаж авсан. Тэгээд буцаж машин уруугаа очтол миний нэг өрөөсөн бээлий түүний машин дотор унасан байсныг мэдээд буцаж түүний машин руу очин “Бээлийгээ авъя” гэхэд “Ямар бээлий, чиний бээлий гэж юу байдаг юм, чи араа дааж чадах уу?” гээд миний бээлийг олоод хол шидэж үг хэлээр доромжилж миний биед халдаж хэд хэдэн удаа түлхсэн. Тэгээд би бээлийгээ аваад машин уруугаа буцаж байтал араас хэл амаар доромжилсоор байсан. Тэр үед би буцаж очин түүнийг заамдан түлхээд машин уруугаа буцсан. Тэр хүн араас хараалын үг их хэлсэн. Тэгээд би машинаа унаад явсан.

Харин тэр хүний мэдүүлснээр боож, чирч нүүр рүү нь цохиогүй, машин руу нь өшиглөж нулимаагүй, мөр цээж рүү нь цохиогүй нь үнэн болохыг тэр уулзварын камерын бичлэг дээрээс харж болно.

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг Чингэлтэй дүүрэг, 4 дүүрэг, хорооны цагдаа Буянжаргал над руу залгаж “Таны машин дээр асуудал гарсан бөгөөд ирж уулзана уу” гэсэн. Би тэр өдрөө шууд очиж уулзсан. Тэгээд надад хүний биед халдсан хэргээр байцаалт авсан. Буянжаргал цагдаа нь надад хэлэхдээ “Тэр хүн шүүх эмнэлэг дээр шинжилгээ өгсөн хэрвээ хариу нь муу гарвал чиний хэрэг шүүх рүү шилжинэ гэсэн, харин хариу нь гайгүй гэвэл Зөрчлийн тухай хуулиар торгуулна, шинэ оноос өмнө энэ бүгдийг дуусгавар болчих байх” гэсэн. Тухайн байцаалтыг бэр эгч болох С.Оюун-Эрдэнэтэй цуг өгсөн. Миний жолооны үнэмлэхийг авах гэхээр нь би иргэний үнэмлэхээ барьцаа болгон өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуудаж “Тэр хүний шүүх шинжилгээний хариу асуудалгүй гарч ээ, зөрчил шийтгэл оногдуулах тухай зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгоно” гэж надад шийтгэлийн хуудас танилцуулсан. Түүний дагуу 100,000 төгрөг тушаа гэсэн боловч надад тэр үед бэлэн мөнгө байгаагүй бөгөөд би банк орж амжихгүй болохоор бэлэн бусаар тус цагдаа болох Буянжаргалын Хаан банкны данс руу Голомт банкны данснаас торгуулийн 100,000 төгрөгөө шилжүүлж хэд хоногийн дараа иргэний үнэмлэхээ очиж авсан.

Шүүх эмнэлгийн магадалгаагаар зүгээр гарсан байхад надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Намайг гүтгээд байгаа учир би зөвшөөрөхгүй. Шүүх үнэн зөвөөр нь л шүүх байх. Эмнэлэгт очиж үзүүлсэн, төлбөр төлсөн гээд байна. НӨАТ-ын баримт нь байгаа юу? Үүнийг асуумаар байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх талуудаас шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Т.Тт холбогдуулан гэм хорын хохиролд 1,791,900 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Т.Т нь 73-03 УНБ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг жолоодон явахдаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 67-11 УНП улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг жолоодон явсан О.Отай замын хөдөлгөөнд оролцох явцдаа маргалдаж, биед нь халдсан зөрчил гаргасан болох нь “...О.Оы биед завжны салстад цус хуралт, өнгөц шарх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаар дүгнэлт, О.Оы биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тыг 100,000 төгрөгөөр торгосон 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0008531 тоот шийтгэлийн хуудас болон талуудын тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

Т.Тын үйлдлийн улмаас өөрийн биеийн эрүүл мэндэд эмнэл зүйн ямар шинж, гэмтэл учирсан болохыг тогтоолгох зорилгоор О.О нь эмнэлгийн байгууллагаас үзлэг, оношлогоо бүхий эмнэлгийн тусламж, үйлчилгээг төлбөртэй авсан болох нь тогтоогдсон тул шүүх түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдсон эсэхээс үл хамааран Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө авсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Учир нь, “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгоно гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тул хүний сайн сайхан байх энэхүү эрхэд халдсан этгээд учруулсан гэм хор буюу гарсан бодит зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.

 

О.О нь 2019 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Интермед эмнэлгийн эмчид үзүүлэх, шинжилгээ /оношлогоо/ хийлгэх зэрэгт 154,300 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий төмрийн бэлдмэл, дархлаа дэмжих бэлдмэл зэргийг худалдан авахад 60,500 төгрөгийн зардлыг тус тус гаргасан болох нь тогтоогдсон тул шүүх эдгээр зардлыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан шалтгаант холбоо бүхий бодит хохиролд тооцон Т.Таас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Харин 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харшлын гаралтай эм худалдан авахад зарцуулсан 11,500 төгрөгийн, нэр нь тодорхойгүй эм авахад зарцуулсан 9,800 төгрөгийн зардлыг тус тус хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй, автомашиныг угаалгахад гарсан 50,000 төгрөгийн зардал нь хариуцагчийн нөхөн төлөх үүрэг бүхий хохиролд хамаарахгүй, нэхэмжлэгчийн биед эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэмтэл учирсан тул цаашид давтан үзлэг, нарийн шинжилгээ хийлгэх, эм авах зэрэгт гарах 560,800 /261,900+154,300+144,600/ төгрөгийн зардлыг зайлшгүй зардал гэж үзэхгүй, мөн эрүүл мэндийн шалтгаанаар 18 хоногийн хугацаанд олох байсан орлого 900,000 төгрөгийг алдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг шүүх тус тус хэрэгсэхгүй болгоно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь давтан үзлэгийн төлбөрт 40,000 төгрөгийг зарцуулсан болох нь нотлогдоогүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзэж мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангуулахын тул нотариатын зардалд 5,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Таас гэм хорын хохиролд нийт 219,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,572,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг үндэслэн Т.Таас 219,800 төгрөгийг гаргуулж О.Од олгож, О.Оы нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,572,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,244 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   

 

                   ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА

 

 

                        ШҮҮГЧИД                                         Ч.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                      С.ЭНХБАЯР