Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2020/00804

 

        2020        03          31  

 181/ШШ2020/00804

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Э миний бие тус байгууллагад анх Чанарын хяналтын инженерээр 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилд орсон.

Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаар ажил олгогч хоёр удаа сунгасан боловч гуравдах удаагаа сунгах боломжгүй гээд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал өглөө. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тус дүүргийн шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна.

Миний ажиллаж байсан албан тушаалд 2 хүн ажилладаг байхад зөвхөн намайг халсанд гомдолтой байна. Би 2019 оны 7 дугаар сард Жи Эс ХХК-д оръё гэтэл намайг төсөл дуустал ажилла гэсэн. Төсөл бүрэн дуусаагүй байгаа бөгөөд дотроо 5 үе шаттай, үүний түлш дамжуулах хэсэг, бетон зуурмаг газрын гүн рүү дамжуулах хоёр нь дуусаагүй байгаа юмаа. Чанарын хяналтын инженер бол төслийн ажил эхлэхээс дуустал нь байх ёстой гэж үзэж байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох МХХК-ний Чанарын хяналтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажилд орох өргөдөл өгсөн өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжпэлийн шаардлагаа гаргаж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Энь тус МХХК-ийн Оюу Толгойн (С005А) төслийн Ил уурхайн байгууламж, 2-р шафт-ын Барилга болон Цахилгааны багц ажлыг гүйцэтгэх хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3 сарын туршилтын хугацаатай анх ажилд орж, мөн өдөр нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр талууд тохиролцон 2019 оны 5 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаад, хугацааг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 9 хүртэл 3 сар ажлын шаардлагыг харгалзан сунгасан болохыг МХХК-аас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичгээр мэдэгдэж, Г.Энь түүнтэй танилцан зөвшөөрсөн байна.

Улмаар гэрээний хугацааг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30 хүртэл ажлын шаардлагыг харгалзан сунгасан болохыг МХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бичгээр мэдэгдэж, Г.Энь түүнтэй мөн танилцан гарын үсэг зурсан байна. Ийнхүү талууд тохиролцон баталгаажуулсан гэрээний хугацаа дууссан тул 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19/131 тоот тушаалаар  Г.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Г.Э нь МХХК-ийн Оюу Толгойн (С005А) төслийн Ил уурхайн байгууламж, 2-р шафт-ын Барилга болон Цахилгааны багц ажил дээр ажиллахаар гэрээ байгуулсан ба энэхүү төслийн ажил дуусч байгаатай холбоотойгоор төслийн ажлыг захиалагч Worley компаниас МХХК-д 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тоот бичиг ирүүлж, захиалагч гүйцэтгэгч 2 тал тохиролцон гэрээт ажлыг дуусгахтай холбоотойгоор ийнхүү МХХК-ийн зүгээс Г.Эрдэнэбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн тодорхой хугацаагаар тус тус сунгаж, хугацааны эцэст 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19/131 тоот тушаалаар Г.Эрдэнэбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Иймд Г.Э-ын  гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

           Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.        

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч М ХХК-ийн Монгол дахь салбар хариуцсан захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №17/03HR дугаартай тушаалаар нэхэмжлэгч Г.Энь Оюу толгойн /С005А/ төслийн Ил уурхайн байгууламж, 2-р шафтын Барилга болон Цахилгааны багц ажлын Чанарын хяналтын инженерийн албан тушаалд ажиллаж байжээ. /хх-ийн 53,3-р хуудас/

            Ажил олгогч М ХХК-ийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.-т Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх захирлын эзгүй байгаа үед итгэмжлэлээр эрх нь өгөгдсөн Монгол дахь төлөөлөгч удирдана гэж заасны дагуу Ц.Энхтуяад тус компанийн нэрийн өмнөөс ... аливаа гэрээнүүд болон бичиг баримтанд гарын үсэг зурж тамга дарах ... эрхийг олгожээ. /хх-ийн 30-32, 33-44, 100-104-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж,

23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна гэж,

23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж,

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заажээ. Иймд:

            1.Ажил олгогч М ХХК нь ажилтан Г.Э-г2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 2.400.000 төгрөгийн цалинтайгаар Өмнөговь аймаг, Оюу толгойн төслийн талбай, Ил уурхайн байгууламж, 2-р шафт С005А төсөл, Барилга болон Цахилгаан багц ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Чанарын хяналтын инженерийн албан тушаалд ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 61-71-р хуудас/

            2.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хугацаа дуусахад мөн ижил нөхцөлтэйгээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгаж Хөдөлмөрийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 72-82-р хуудас/

            3.Дээрх Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Г.Эрдэнэбаттай байгуулсан Хөдөлмөрийн хугацаатай гэрээний бусад нөхцлүүд хэвээр үргэлжлэх, зөвхөн хугацааг нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан болохыг ажилтан Г.Эрдэнэбатад мэдэгдэхэд зөвшөөрч уг мэдэгдэл дээр гарын үсэг зуржээ./хх-ийн 29-р хуудас/

            4.Мөн дээрх Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад Г.Эрдэнэбаттай байгуулсан Хөдөлмөрийн хугацаатай гэрээний бусад нөхцлүүд хэвээр үргэлжлэх, зөвхөн хугацааг нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болохыг ажилтан Г.Эрдэнэбатад мэдэгдэхэд зөвшөөрч уг мэдэгдэл дээр гарын үсэг зуржээ./хх-ийн 28-р хуудас/

            Байнгын ажлын байр гэдэг нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно.

            Аливаа төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд дээрх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

            Хариуцагч  МХХК нь Оюу толгой гүний уурхайн төсөл дээр гэрээт гүйцэтгэгчээр ажиллаж байсан байх бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх явцад Төсөл хариуцсан захирлаас 2019 оны 3 дугаар сарын 13, 2019 оны 4 дүгээр сарын 15, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд уг төслийн зарим ажлууд хэсэгчлэн хийгдсэн, зарим ажлууд нийт хийгдэх ажлын хэмжээнээс хасагдах болсон зэрэг өөрчлөлтүүдтэй холбоотойгоор зарим ажилчдыг буулгах талаар удаа дараа мэдэгдэж байсан, зарим ажлуудыг комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 45-52, 105-108-р хуудас/

            Нэхэмжлэгч /ажилтан/ Г.Э-г М ХХК-ийн Монгол дахь салбар хариуцсан захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №19/131 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус компанийн чанарын хяналтын инженерийн ажилтаны үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 17-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэжээ.

Нэхэмжлэгч /ажилтан/ Г.Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 17,28-32,33-52, 61-82, 100-108 -р хуудас/

Өмнөговь аймаг, Оюу толгойн төслийн талбай, Ил уурхайн байгууламж, 2-р шафт С005А төслийн чанарын хяналтын инженер Г.Э-г түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан М ХХК-ийн хэрэгжүүлсэн Өмнөговь аймаг, Оюу толгойн төслийн талбай, Ил уурхайн байгууламж, 2-р шафт С005А төслийн чанарын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Г.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО