Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00240

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй

Н.Ганчимэгт холбогдох

 

3,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******гээс*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч*******ээс 2,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч*******ээс 2,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч*******ээс 3,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай... гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 58,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 66,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай... гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамбын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ 2019.12.10-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад ...17 хоногийн хугацаатай гэрээг сунгав гэж бичсэн нь өмнөх зээлийн гэрээний сунгалт гэж үзэх боломжгүй, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах ба нэмэлт 2 сарын хүү гаргуулах тухай шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шударга шүүхийн шийдвэр гарсан.

Давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн өөрчилж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзлын үндэслэл түүнийг нотлох баримт болон хариу тайлбар шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 3,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

4.2. Гэтэл шүүх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу шударга шийдвэрлэх байтал хариуцагч ирээгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой мэт хандаж, хуулийг буруу тайлбарлаж шүүхийн магадлал гаргасан байна. Хэдийгээр хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй ч нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлэх нь зүй ёсны хэрэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий дүгнэлт байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 750,000 төгрөг, нийт 3,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2019.05.28-ны өдрийн Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* зээлдэгч*******т 2,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн, 2019.12.10-ны өдөр дахин гэрээ байгуулж, өмнөх гэрээний хугацааг 2019.12.27-ны өдрийг хүртэл 17 хоногийн хугацаатайгаар сунгаж, гэрээний арын нүүрэнд******* 2019.12.27-нд 3,250,000 төгрөгийг өгнө гэсэн агуулгатай бичвэр үйлджээ.

 

7. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т тус тус зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангахдаа хариуцагч нь 2019.05.28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 250,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин 2019.12.10-ны өдрийн зээлийн гэрээг өмнөх гэрээний сунгалт гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй байна.

 

Түүнчлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, энэ үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

Анхан шатны шүүх 2020.07.22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан өгсөн, 2020.08.06-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2020.07.30-ны өдөр мэдэгдсэн болов ч хариуцагч нь хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт талууд гэрээний хугацааг дахин сунгасан, хариуцагчаас зээлийн төлбөрт 3,250,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн баримт авагдсан байх бөгөөд хариуцагч нь дээрх баримтыг эс зөвшөөрч, мэтгэлцээгүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй, шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх тул ...шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгээс 2020.10.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД