Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 144

 

 

                                                                                               

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Энхтуул

өсвөр насны шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/876 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхтуулын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын эсэргүүцлээр өсвөр насны шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 1911023121049 дугаартай хэргийг 2019 оны 01 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Г.Б нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний орой Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Насанбуянтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч Г.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Эрдэнэбэйс овгийн Ганзоригийн Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

 

Прокурор С.Энхтуул эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 876 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар ... тогтооно” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл шүүх өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчжээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 876 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирогч Н.Насанбуянг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тайлбар байхгүй. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний орой Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, гудамжинд хохирогч Н.Насанбуянтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.Бий “...би зөрж өнгөрөхдөө тэд нарын зүүн захад нь явж байсан эмэгтэйг мөрлөчихсөн юм. Тэгээд би “уучлаарай охидуудаа” гээд хэлчихсэн юм. Тэгтэл цагаан цамцтай залуу нь над руу “чи муу бацаан юу гэнэ ээ” гээд хэлсэн. Тэгэхээр нь би “юу гэсэн юм” гээд би хэрэлдээд байж байтал тэр 2 залуу над руу дөхөж ирээд духаараа миний духанд хүрээд байж байтал Өсөхбаяр миний араас ирээд “уучлаарай ахаа” гэж хэлээд нөгөө цагаан цамцтай залууг дагуулаад сургуулийн хойшоо орсон. ...бид 3 сургуулийн хөл бөмбөгийн талбай руу явж байтал нөгөө нэг залуу нь “ингэж байхаар зодолдчихъё” гэж хэлээд Өсөхбаяр руу шууд дайраад очоод зууралцаад авсан. Тэгэхээр нь би гадуур хувцсаа тайлаад тэр хоёр руу очоод нөгөө хар өнгийн цамцтай залууг барьж аваад шууд цохисон. ...Би хар өнгийн цамцтай залуугийн нүүрэн тус газар 3-4 удаа цохисон. Тэр хар өнгийн цамцтай залууг надаас өөр цохисон хүн байхгүй. ...” /хх 19, 31-33, 60/,

хохирогч Н.Насанбуянгийн “...2019 оны 8 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед манай найз Мөнхбат найз охинтойгоо машинаа байрлуулчихаад алхаад сургуулийн хашаа руу орсон ба удалгүй би араас нь ортол Мөнхбат 3 хүүхэдтэй зууралдсан байсан. Би очоод салгатал нэг нь одоо салчихъя гээд салаад явж байтал араас нэг шар үстэй хүүхэд нь намайг доошоо дарж байгаад миний нүүр рүү 7-8 удаа цохиод зугтаасан. ...”  /хх 12-13/,

гэрч Г.Мөнхбатын “...бид гурвыг гарч байтал үл таних 17-18 насны гурван залуу хаалган дээр таараад зөрсөн юм. Тэгтэл арай жижиг биетэй, шар үстэй залуу нь араас “охидуудаа” гэж дуудахаар нь эргэж хараад “яасан” гэж хэлтэл тэд нар бид нар руу ирээд хэсэг маргалдаж байгаад “за за болъё ахаа” гэж арай өндөр хар улаантай куртиктай залуу нь хэлээд хоёр тийшээ салаад явж байтал бид нарын ард явж байсан Насанбуянгийн араас жижиг биетэй шар үстэй залуу нь ирээд толгойг нь доошоо дарж байгаад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьчихсон. Тэгээд би гүйж очоод жижиг биетэй залууг түлхэж болиулаад Насанбуянг татаж босгоод хартал Насанбуянгийн хамар, нүднээс нь цус гарсан байдалтай байсан. ...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

Н.Насанбуянгийн биед учирсан тархи доргилт ба баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор булан доод зовхины шарх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 10485 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Бий хохирогч Н.Насанбуянтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйчлэл тохирчээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялаас өсвөр насны шүүгдэгч Г.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

 

Гэхдээ өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан бөгөөд 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар ...тогтооно.” гэж өсвөр насны хүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын өдөрт гүйцэтгэх хугацааг тусгайлан шүүх тогтоохоор заасан байна.

 

Иймд анхан шатны шүүхээс тогтоогоогүй өсвөр насны шүүгдэгч Г.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын өдөрт хийх хугацааг давж заалдах шатны шүүхээс нэмж заах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаар бичсэн прокурор С.Энхтуулын улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаархи нэмэлт заалтыг оруулахаар шийдвэрлэлээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өсвөр насны шүүгдэгчтэй харьцахдаа түүний нэр төрийг хүндэтгэн харьцаж, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгохыг анхаарч ажиллана...” гэж заасан өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нийтлэг шаардлага, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана...” гэсэнд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид ... хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж ...болно.” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/876 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.”,

 

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэг нарт хүлээлгэсүгэй.” ,

 

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Г.Бд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.”

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ялыг эдлүүлэх болохыг өсвөр насны шүүгдэгч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэг нарт мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                                               ШҮҮГЧ                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                               ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ