| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2025/0208/З |
| Дугаар | 221/МА2025/0698 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0698
“ГП” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “ГП” ХХК
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж ХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0521 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын өмгөөлөгч Ө.Э, хариуцагч “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2022/0343/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ГП” ХХК-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж ХК тус тус холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... “ХЦШ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай 18/38 дугаар тогтоол, Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай 18/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “ХЦШ” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын “ГП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тушаалын “ГП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0521 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 11 дүгээр зүйлийн 11.9, 62 дугаар зүйлийн 62.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ГП ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Монголын хөрөнгийн бирж ХК-д холбогдох Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тушаалын ГП ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Монголын хөрөнгийн биржид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... ХЦШ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай 18/38 дугаар тогтоол, Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай 18/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ХЦШ ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын “ГП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (цаашид "ТӨБЗГ" гэх) нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр эрх олгосноор -Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Тодруулбал, энэ нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг бүхэлд нь, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд төрийн эзэмшиж буй хувьд ногдох хэмжээнд эд хөрөнгийн эрх мэдлийг хэрэгжүүлдгийг илэрхийлнэ.
Өөрөөр хэлбэл. "ГП" ХХК-ийн эзэмшиж байсан хувьцаа, түүгээр баталгаажсан эрхтэй холбоотой шийдвэрийг төрийн эзэмшлийг төлөөлж буй хувьцаа эзэмшигч дангаар захиргааны шийдвэр гаргах замаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, 110 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хувьчлал хүчингүй болсон тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эдлэх эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалтууд нь хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Мөн, ТӨБЗГ-ын 110-р тогтоол нь "ЦШ" ХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулга 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр хүчин төгөлдөр болсныг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харж болно. Өөрөөр хэлбэл, компанийн дүрэмд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт түүний шинэчилсэн найруулга нь тухайн дүрэмд улсын бүртгэгч тамга, тэмдгээ даран баталгаажуулж өргөдөл, мэдүүлэг гаргагч хуулийн этгээдийн төлөөлөгчид буцаан гардуулсан өдөр буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн Гэрчилгээнд тус өөрчлөлт орсон талаарх шивэлт хийгдэн тэмдэглэгдсэн огнооноос эхлэн хүчин төгөлдөр болно.
Хэдийгээр 110-р тогтоол нь "ЦШ" ХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан агуулгатай байгаа ч энэ нь тус дүрэм хүчин төгөлдөр болох шинжийг агуулахгүй бөгөөд дээр дурдсаны дагуу компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь бүртгэлийн үндсэн дээр "хүчин төгөлдөр" болох юм.
Энэ тохиолдолд Компанийн тухай хууль (цаашид "КтХ" гэх)-ийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг үндэслэн баталсан хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа компанийн үүсгэн байгуулах баримт бичгийн заалтыг баримтлан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй" гэж дүгнэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг харуулна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг "илт хууль бус-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан эсхүл тухайн үндэслэл болгосон хэм хэмжээ нь дэд эрэмбийн хэм хэмжээг зөрчих зэргээр "хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчин эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй үр дагавар үүсгэх ноцтой алдаатай гэж үзнэ, энэ тохиолдолд "иргэн. хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй"-д тооцогдох юм.
3.2. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2-т "Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн бүртгэлийг хөтлөх чиг үүргийн хүрээнд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах эрхтэй этгээдийн мэдүүлгээр, мэдүүлэгт хавсаргах баримтын бүрдлийг хангуулан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, улсын бүртгэлийн хөтлөлт үнэн зөв байх зарчмыг хангуулах чиг үүрэгтэй байна" гэж дүгнэсэн атлаа "Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуулийн этгээдийн хувь эзэмшил буюу өмчлөгч хэн байх, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж буй хэрэг биш" гэж өөрийн дүгнэлтээ буцаан үгүйсгэсэн байна.
Хэдийгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хуулийн этгээдийн хувь эзэмшил буюу өмчлөгч хэн байх, эсхүл хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэхгүй ч гэсэн Улсын бүртгэлийн байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу мэдүүлэг гаргах эрхтэй этгээдээс гаргасан холбогдох баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулж, бүрдсэн баримт бичгийн үнэн, зөв хуулийн хүчинтэй байдлыг нягталсны үндсэн дээр бүртгэл хийх чиг үүрэгтэй.
Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу шинэчилсэн найруулгыг батлах болон хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулах ажиллагаа нь өөрөө компанийн бүтцийн өөрчлөлтөд тооцогдоно. Энэ нь компанийн суурь харилцаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байдаг. Бодит байдалд манай компанийн эзэмшиж байсан хувьцааны эрхийг дуусгавар болгох, шилжүүлэх хуульд заасан гэрээ хэлцэл, шийдвэр, тогтоол баримт бичиг огтоос байхгүй нь илэрхий.
Энэ нөхцөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь баримт бичгийн бүрдүүлбэрийн үнэн, зөв байдлыг нягтлах буюу хуульд заасан улсын бүртгэлийн хөтлөлт Үнэн зөв байх зарчмынхаа хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоол болон хурлын тэмдэглэл гэх баримт бичгийн бүрдүүлбэрийг нэмэлтээр шалгах ёстой байсан.
2022 оны 03 дугаар сарын 30-ний өдөр буюу ХЦШ ХК-ийн шинэчилсэн дүрэм, хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх мэдүүлэг гаргасан өдрийн байдлаар нэхэмжлэгч болох "ГП" ХХК нь "ХЦШ" ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан нь нийтэд илэрхий үйл баримт. Гэтэл тухайн үед компанийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хувьцааг шилжүүлэх хуульд заасан гэрээ хэлцэл, шийдвэр тогтоол баримт бичгийг шалгалгүйгээр шүүх, "Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан бүртгэл хийлгэх дээрх хүсэлт, хавсаргасан нотлох баримт бичгүүдэд зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийг зөрчсөн гэх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй" хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарласан байна.
Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 2.2-т "Компанийн дүрмийн 1.4-т "ЦШ хувьцаат компани нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас олгосон төрийн байгууллага Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байна" хэмээн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болохыг заасан, дээрх 108 дугаар тогтоолоор дүрэм батлуулах, хувьцааг төрийн эзэмшилд бүртгэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц. Баяр- Эрдэнэ хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ” гэж тайлбарласан.
2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар "Х" ХХК болон ГП XХК нар нь "ЦШ" ХХК-ийн хувыгаа эзэмшигчээр бүртгэлтэй хэвээр Байсан бөгөөд тухайн өдрийн байдлаар "ЦШ" ХХК-ийн хүчин төгөлдөр дүрэм нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлагдсан дүрэм байх бөгөөд Улсын бүртгэлийн тамга, тэмдэг дарагдаж хүчин төгөлдөр болоогvй байгаа дүрмийн заалтыг хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх мэдүүлэг гаргаж өгөх эрх бүхий этгээдийг тодорхойлж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйлдлийг үндэслэлгүйгээр зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна.
3.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх зарчмыг зөрчиж хуульд нийцээгүй тогтоол гаргасан э Эх дээр ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байгаа буюу яагаад 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг үндсэн эрх зүйн актаар хэрэглээгүй эсэх дээр тайлбар, үнэлэлт дүгнэлт хийгээгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (цаашид "ҮЦЗЗХ" гэх)-ийн 4 дүгээр зүйлийн 41.23 дахь заалтад "үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл" гэж энэ хууль хаасан журмын дагуу үнэт цаасны өмчлөх эрхийг баталгаажуулсан бүртгэлийг" гэж. 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь заалтад Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурдсан үйл ажиллагаа хамаарна гээд " үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн" гэж, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт-Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл нь нэгдсэн тогтолцоотой байх бөгөөд үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хотолно. "гэж тус тус заасан.
СЗХ-ны 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 316 дугаар тогтоол (цаашид "316- р тогтоол гэх)-ын 1 дэх хэсэгт Хийн "ЦШ" ХК-ийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй 100 /нэг зуун/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6,000,000 /зургаан сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг Үнэт цаасны газарт, төвлөрсөн хадгаламжид бүртгэх зөвшөөрлийг "ҮЦТХТ" ХХК-д олгосон байдаг. Энэ нь 316-р тогтоол үнэт цаасны тухайлсан эзэмшигчийн өмчлөх эрхийн тухайлсан бүртгэлийг агуулгаараа үүсгэж баталгаажуулж буйг харуулна.
316-р тогтоолоор үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасны өмчлөх эрхийг бүртгэх зөвшөөрлийг тус тус олгосон байдаг бөгөөд тогтоолыг дагалдуулж "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-д хаягласан "Зөвшөөрөл олгох тухай" 1/4380 дугаар албан бичигт тухайлан нэр заан өмчлөх эрхийг баталгаажуулахыг даалгаж буй агуулгаас ч мөн үүнийг давхар харж болно. 173 дугаар тогтоолоор 316-р тогтоолыг хүчингүй болгосноор үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг ч мөн үгүйсгэж байгаа буюу өмчлөх эрхийг хязгаарласан хууль бус үйлдэл болж байгаа юм.
4. Нэг этгээдийн гаргасан 1 шийдвэрийг захиргааны болон иргэний хэргийн шүүхэд зэрэгцүүлэн шийдвэрлэж, өөр өөр агуулгаар тайлбарлан маргаж байгаа тохиолдолд тухайн иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт "эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэвэл зохихоор хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид холбогдуулан "ЦШ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон түүнээс гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хэрэг иргэний хэргийн шүүх дээр үүссэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна энэ талаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан ч уг иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий байхад анхан шатны шүүхээс хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй нь буруу болсон.
Хоёр. Шийдвэр гаргах ажиллагааны зарчим зөрчсөн талаарх дүгнэлт хийгээгүй тухай.
Захиргааны байгууллага холбогдох этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, урьдчилсан мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байдал юм.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зохицуулсан сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага захиргааны акт чиглэж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилготой бөгөөд уг тайлбар, саналын агуулга, ач холбогдол, тэдгээрийг аваагүй нь захиргааны гаргасан шийдвэрт нөлөөлөхүйц байх тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болно.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргаа ямар ч шийдвэр гаргасан өөрийн үзэмжээр гаргасан байна уу, шүүхийн шийдвэрт үндэслэсэн байна уу, эерэг байна уу сөрөг нөлөөтэй байна уу гэдгээс үл хамаарч түүнийгээ хандсан этгээдийн хувьд мэдэгдэх, мөн хуульд зааснаас бусад тохиолдолд сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл нь захиргаанаас шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийн улмаас эрх нь хөндөгдөх этгээдэд буюу тухайлбал, захиргааны актын улмаас эрх нь хөндөгдөх этгээдэд огт мэдэгдэлгүйгээр гаргах ёсгүй, харин гаргах гэж буй шийдвэрийнхээ үндэслэлийг тодруулах зорилгоор тухайн этгээдийн тайлбар, саналыг сонсох, хэрэв тэр нь үндэслэлтэй бол шийдвэр гаргахдаа харгалзан үзэх, ингэснээр захиргааны шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангахад чиглэгдэж байгаа юм.
Харин шүүхээс энэ талаар огтхон ч дүгнэлт хийлгүй орхисон байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нягталж, үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэсэн эсэхэд мөн л эргэлзээг үүсгэнэ.
Гурав. Гомдлын шаардлага буюу Анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангуулах талаар:
1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад ХЦШ ТӨХК-ийг баталж, Б ХХК /Х ХХК/ хувьчилж авсан.
2. ХЦШ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18/38 дугаар тогтоолоор ЦШ ХК-ийн зарласан боловч гаргаагүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас төлөөлөн удирдах зөвлөлд гүйлгээнд гаргахыг зөвшөөрч эрх олгосон нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,413,996,261 ширхэг энгийн хувьцаанаас 6,000,000 ширхэг хувьцааг нэмж гарган хаалттай хүрээнд санал болгож, нэг бүр нь 170 төгрөг байхаар тогтоож, одоогийн хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлэхгүй байхаар шийдвэрлэж, 7 мөн өдрийн 18/39 дүгээр тогтоолоор хэлцлийн төслийг баталгаажуулж, хэлцэл хийх эрх олгосон байдаг.
3. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 316 дугаар тогтоолоор хувьцааг үнэт цаасны бүртгэл болон үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн.
4. ХЦШ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18/38. 18/39 дүгээр тогтоолоор эрх олгосноор тус компанийн эрх бүхий этгээдтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн ХХАГ- 18/01 тоот гэрээгээр 6,000,000 ширхэг хувьцааг 1,026,936,000 төгрөгөөр "ГП" ХХК худалдан авсан байдаг.
Ийнхүү "ГП" ХХК нь ЦШ ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг хувьцааг ЦШ ХК-нас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дамжуулан худалдан авч тус өдрөөс хойш ХЦШ ХК-ийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж ирсэн. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "ХЦШ ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай" 124 дүгээр тогтоол, ТӨБЗГ-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний "Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай" 108 дугаар тогтоолоор Х ХХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосноор ХЦШ ХК-ийн хувьцааг 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Тус шийдвэрийн шууд үр дунд буюу хувьчлалыг хүчингүйд тооцсоноор залгамж бүхий захиргааны актууд гарч манай компани "ЦШ" ХК-д хувьцаа эзэмшиж буй хууль зүйн үйл баримтыг үгүйсгэн, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх бодит боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 42.8 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах "Хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмын дагуу бид хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах шаардлага бий болоод байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5- д заасан аль нэхэмжлэлийн үндэслэлийг гаргаж байгаа талаар:
Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1 дэх заалтад заасан "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн ХЦШ ХК- ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" 173 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монголын Хөрөнгийн Биржийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/57 дугаар "Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай" тушаалын ГП ХХК-ийн хувьцаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан аль шийдвэрийн төрлийг гаргуулахаар маргаж байгаа талаар:
Манай компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" болон 106.3.2-т заасан "захиргааны акт. захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно.
Дээр дурдсанчлан, Залгамж бүхий захиргааны актуудын хууль бус шийдвэрийн улмаас ХЦШ ХК-ийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж байсан манай компанийн хувьцаа эзэмшиж буй хууль зүйн үйл баримтыг үгүйсгэн, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх бодит боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... “ХЦШ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай 18/38 дугаар тогтоол, Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай 18/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “ХЦШ” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын “ГП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тушаалын ГП ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Нэхэмжлэлийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... “ХЦШ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай 18/38 дугаар тогтоол, Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай 18/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан уг захиргааны актыг гаргах үндэслэл байгаагүй нөхцөлд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 110 дугаар тогтоолын 1 дэх хэсгээр нэхэмжлэгчийн хувьцаагаар баталгаажсан өмчлөх эрхийг бүхэлд нь үгүйсгэсэн илт хууль бус захиргааны акт гаргасан, ... Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хувьцаа, түүгээр баталгаажсан эрхтэй холбоотой шийдвэрийг төрийн эзэмшлийг төлөөлж буй хувьцаа эзэмшигч дангаар захиргааны шийдвэр гаргах замаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, ... Маргаан бүхий актыг батлахад “ЦШ” ХК-н хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхийг үгүйсгэх хүчингүй болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй, ... Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулиар баталгаажиж хамгаалагдсан хувьцаагаар баталгаажсан өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна, ... Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг огт хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр маргажээ.
3.2. Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “... Хувьчлалыг хүчингүй болгосон Засгийн газрын хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул тухайн үр дагаврын хувьд хувьчлалын өмнөх буюу төрийн өмчит хуулийн этгээд статустай хуулийн этгээд болно, ... Компанийн тухай хууль болон төрийг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас компанийн дүрэм баталсан шийдвэр гаргасан. Хувьцаа эзэмшигчийн хурлын хувьд өмнөх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Засгийн газрын 330 дугаар тогтоолоор хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгосон тул хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байсан бүхий л шийдвэр хүчингүй болно, ... “ЦШ” ХК нь эрхийн зөрчил бүхий хувьцааг нэхэмжлэгчид худалдсан байх тул Иргэний хуулийн 256.1-д заасны дагуу иргэний хэргийн шүүхэд хандан өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй, ... 110 дугаар тогтоол нь захиргааны акт биш, хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинж яригдах боломжгүй ...” гэж тайлбарлан маргасан байна.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолоор[1] “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой этгээдийн жагсаалтын 15-д “ХЦШ” ТӨХК-г компанийн төрийн өмчийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр 100 хувь хувьчлахаар шийдвэрлэсэн байна.
3.4. Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “ХЦШ” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай 608 дугаар тогтоолоор[2] тус компанийн төрийн эзэмшлийн 119.452.680 /нэг зуун арван есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун ер/ ширхэг хувьцааг хөрөнгө оруулагч “Б” хязгаарлагдмал хариуцлагатай компанид санал болгон худалдахаар шийдвэрлэж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 617 дугаар тогтоолоор[3] “Б” хязгаарлагдмал хариуцлагатай компанид өмчлөх эрх олгосон байна.
3.5. Мөн Хийн “ЦШ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ХЭШ-01/2018 дугаар тогтоолоор[4]” компанийн зарласан боловч гаргаагүй 1.413.996.261 ширхэг энгийн хувьцааны тоо хэмжээнд багтааж бүхэлд нь болон хэсэгчлэн хаалттай хүрээнд хүрээнд хөрөнгө оруулагчид санал болгож гүйлгээнд гаргах бүрэн эрхийг Компанийн төлөөлөн удирдах зөвлөлд олгож, хувьцаа эзэмшигч “Х” ХХК нь Компанийн тухай хуульд заасан хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээ эдлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
3.6. Хийн “ЦШ” ХК төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18/38 дугаар тогтоолоор[5] нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1.413.996.261 ширхэг энгийн хувьцаанаас 6.000.000 ширхэг хувьцааг нэмж гарган хаалттай хүрээнд санал болгож, 18/39 дүгээр тогтоолоор[6] компанийн хаалттай хүрээнд нэмж үнэт цаас гаргасантай холбогдуулан нэмэлт хувьцааг худалдан авах этгээдтэй байгуулах хэлцэл, түүний нөхцөлийг баталгаажуулсан байна.
3.7. Улмаар “ГП” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр[7] “ЦШ” ХК-ийн нэмж гаргасан энгийн эрхийн хувьцаанаас нэг бүр нь 170 төгрөгийн үнэтэй 6.000.000 ширхэг хувьцааг нийт 1.020.000.000 төгрөгөөр худалдан авахыг Компанид зөвшөөрч, нэхэмжлэгч “ГП” ХХК нь “ЦШ” ХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХХАГ-18/01 дугаар Хувьцаа захиалах, худалдах, худалдан авах гэрээгээр[8] “ЦШ” ХК-ий нэмж гаргасан 6.000.000 ширхэг энгийн эрхийн хувьцааг захиалж, худалдан авсан байна.
3.8. Харин Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолын[9] 1 дэх заалтаар “ ...“2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ын “ХЦШ” ТӨХК-тай холбогдох 15 дахь хэсгийг хасаж, 2 дахь заалтаар “ХЦШ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилсан Төрийн өмчийн хорооны холбогдох шийдвэрийг хүчингүй болгох талаар хууль тогтоомжид заасан зохих арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
3.9. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 124 дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор[10] “... Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 608 дугаар тогтоолоор “ХЦШ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Б” ХХК-д давуу эрх олгон худалдсан хувьчлалыг хүчингүйд тооцож, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Өмчлөх эрх олгох тухай” 617 дугаар тогтоол, 15/1и-2015 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болсонд тооцож, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтэс, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэст тус тус даалгаж”, 109 дүгээр тогтоолоор[11] Төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилсон байна.
3.10. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын[12] 1 дэх заалтаар “ ... “ХЦШ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” 18/38 дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” 18/39 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож”, 2 дахь заалтаар компанийн дүрмийг баталсан байна.
3.11. Анхан шатны шүүхээс “... хуульд үндэслэх зарчмыг илэрхий зөрчсөн гэх, тогтоолд огт эрх зүйн үндэслэл заагаагүй буюу хууль, тогтоомжийг огт баримтлаагүй гэх илт хууль бус болох үндэслэл , ... хариуцагч нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг арилгах талаар шийдвэр гаргах эрхтэй, мөн л хуульд үндэслэх зарчмыг зөрчөөгүй, баримталбал зохих хуулийг зөв хэрэглэсэн, ... “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэл тогтоогдсонгүй … ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:
3.12. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:”, 11.9-т “хуульд заасан бусад бүрэн эрх”, 62 дугаар зүйлийн 62.3-д “Хувьчлал хүчингүй болсон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
3.13. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хувьчлалыг хүчингүй болгосон тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэн тухай шийдвэр гаргах эрхийг хуулиар тусгайлан олгосон байна.
3.14. Хэдийгээр нэхэмжлэгчээс анх шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ХЦШ” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1357 дугаар захирамжаар “ тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар захирамжаар[13] “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байна.
3.15. Мөн Захиргааны хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн системээс үзэхэд иргэн Б.Тулгаас, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ХЦШ” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10557 дугаар захирамжаар “... хариуцагчаас улс төрийн шинжтэй шийдвэр гаргасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн тайлбар хэсэгт зааснаар Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно гэж тайлбарласнаар маргаж буй асуудлыг хамтын удирдлагын зарчмын хүрээнд хэрэгжүүлэн шийдвэрлэж, улсын төрийн шийдвэр гаргасан …” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3.16. Түүнчлэн “ГП” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ХЦШ” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1112 дугаар захирамжаар “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр …шүүгчийн захирамж … байгаа” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 484 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3.17. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлснийг[14] шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8127 дугаар захирамжаар[15] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 844 дүгээр тогтоолоор[16] шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн, тус тогтоол хүчин төгөлдөр байна.
3.18. Энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “ХЦШ” ТӨХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байх бөгөөд дээрх тогтоолыг үндэслэн гаргасан хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу төрийн өмчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг авах хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын[17] 1 дэх заалтаар “ ... “ХЦШ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” 18/38 дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” 18/39 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
3.19. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар “ГП” ХХК-аас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хурал, хурлаас гарсан 110 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн.
3.20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхээс “... нэг этгээдийн гаргасан 1 шийдвэрийг захиргааны болон иргэний хэргийн шүүхэд зэрэгцүүлэн өөр өөр агуулгаар тайлбарлан маргаж байгаа тохиолдолд тухайн иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.21. Учир нь тухайн иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэхээс үл хамаарч захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгчээс “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... ХЦШ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай 18/38 дугаар тогтоол, Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” 18/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ХЦШ ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын ГП ХХК-ийн хувьцаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тушаалаар ГП ХХК-ийн хувьцаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан гаргасныг анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг гаргахдаа хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
3.22. Мөн Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.
3.23. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ямар ч хуульд үндэслээгүй, эсхүл хуульд тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх, журмыг хааж хязгаарласан байхад хууль бус эрх хэмжээг хэрэгжүүлж шийдвэр гаргасан нь хэн ч харсан илэрхий тодорхой, уг алдааг хэвээр үлдээх боломжгүй байх тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамааруулан ойлгох бөгөөд дээрх маргаан бүхий 110 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “ХЦШ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” 18/38 дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” 18/39 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
4. Нэхэмжлэлийн “... “ХЦШ” ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.2, 8.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг заавал бүрдүүлсэн байх шаардлагатай. Бодит байдалд манай компанийн эзэмшиж байсан хувьцааны эрхийг дуусгавар болгох, шилжүүлэх хуульд заасан гэрээ хэлцэл, шийдвэр тогтоол баримт бичигт огтоос байхгүй, ... “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.1-т “... улсын бүртгэгч ... өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж, холбогдох хууль, журамд заасан шаардлага хангасан бол хүлээн авч” гэснийг зөрчиж хүлээж авснаас гадна нөлөөлөлд автсан хууль бус баримт бичгүүдэд үндэслэл бүртгэл хийсэн, ... нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг дуусгавар болгох шийдвэрийг хэрэгжүүлэхдээ нөгөө хувьцаа эзэмшигчийг огт оролцуулаагүй, шийдвэр тогтоол гаргаагүй байхад хувьцаа эзэмшигчээс хасах бүртгэл хийсэн нь бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн, ... урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй ...” гэж маргажээ.
4.2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “... Бүртгэл хийхдээ холбогдох баримтуудад үндэслэсэн, ... Монгол Улсын Засгийн газрын 124 дүгээр тогтоолыг биелүүлж, хийгдсэн бүртгэл, ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг авсан ...” гэж тайлбарлан маргасан байна.
4.3. Анхан шатны шүүхээс “... хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуулийн этгээдийн хувь эзэмшил буюу өмчлөгч хэн байх, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж буй хэрэг биш, ... нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан бүртгэл хийлгэх дээрх хүсэлт, хавсаргасан нотлох баримт бичгүүдэд зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийг зөрчсөн гэх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул мөн зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтаар улсын бүртгэгч улсын бүртгэл хийхээс татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй гэж улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:
4.4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын[18] 2 дахь заалтаар “ЦШ” төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг хавсралтаар баталсан бөгөөд тус дүрмийн[19] 1.4-т “ЦШ” хувьцаат компани нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага /ТӨБЗГ/ байна” гэж тусгасан байна.
4.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:”, 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, ”22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.1.1-д “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар”, 22.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;” 22.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;”, 22.1.5-д “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл”, 22.1.6-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;”, 22.1.8-д “хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт”, 22.1.9-т “улсын бүртгэлийн гэрчилгээ”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
4.6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигч, дүрмийн өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргахдаа холбогдох баримтуудыг буюу баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр, хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хавсаргахаар тусгайлан заасан байх ба эдгээр баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байна.
4.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЦШ” ХК-ийн хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигч, дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн УБ-03 маягтаар гаргасан мэдүүлэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-1/5Б5 дугаар албан бичгээр[20] Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад “ЦШ” төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгуулах хүсэлтийг дараах баримтуудын[21] хамт гаргасан байна. Үүнд:
-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоол,
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108, 109 дүгээр тогтоол, 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоол,
- “ЦШ” ХК-ийн шинэчилсэн дүрэм,
- “ЦШ” ХК-ийн дүрэм, гэрчилгээг хүчингүйд тооцон зарлуулсан өдөр тутмын сонин,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Татварын тодорхойлолт
-Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.8. Энэ тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “ЦШ” ХК-ийн хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигч, дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангасан гэж үзэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд бүртгэл хийсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Нэхэмжлэлийн “... Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын “ГП” ХХК-ийн хувьцаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгчээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-д “хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж чиг үүргийг хуульчилсан. Үнэт цаасны тухайн хуульд заасан 63.1.10-т заасны дагуу Үнэт цаасны бүртгэлийн журмын дагуу хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалттай байтал Засгийн газрын 124 дүгээр тогтоолыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэсэн 6.000.000 ширхэг энгийн хувьцаа, түүгээр гэрчлэгдэх эрхийг үгүйсгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шууд хохирол учруулаад байна. Уг үнэт цаасыг бүртгэсэн хугацаанаас хойш Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Үнэт цаасны бүртгэлийн журамд заасан үнэт цаасыг бүртгэлээс хасах аливаа зөрчил илэрч байгаагүй, ... Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг баримтлалгүй нөлөөнд автаж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүйгээс гадна маргана бүхий актыг албан ёсоор нэхэмжлэгчид хүргүүлээгүй, мэдэгдээгүй.” гэж тайлбарлан маргасан байна.
5.2. Харин хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос “... Хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгч шүүхэд гаргах боломжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, ... Санхүүгийн зохицуулах хороо 173 дугаар тогтоолоо батлахдаа нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшилтэй буюу тухайлсан өмчлөх эрхийг хасах, хязгаарлахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй эрх ашгийг хөндөөгүй, ... Санхүүгийн зохицуулах хороон өөрт олгогдоогүй бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй ба үнэт цаас гаргагчийн гаргасан үнэт цаасны тухайлсан эзэмшигчтэй, өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэггүй” гэж эс зөвшөөрөн маргасан байна.
5.3. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.2-т “үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 63.1.10-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах, түүнтэй холбоотой журмыг тогтоох” гэж тус тус заасан.
5.4. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах, түүнтэй холбоотой журмыг тогтоох бүрэн эрхтэй байна.
5.5. Санхүүгийн зохицуулах хорооны маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар тогтоолоор[22] Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108, 110 дугаар тогтоол, 03 дугаар сарын 29-ний өдрийн А-1/560 тоот албан бичгээр ирүүлсэн “Үнэт цаасны бүртгэлд оруулах хүсэлт”-ийн дагуу тус хорооны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 316 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.
5.6. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн “... Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаас гаргагчийн үнэт цаасны бүртгэлтэй холбоотой харилцаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-т заасан ... бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь үнэт цаасны тухайлсан эзэмшигчийн хувьцааны бүртгэлийг хийгээгүй, өмчлөх эрхийг үүсгээгүй, ... “ГП” ХХК-ийн маргаж буй үнэт цаасны өмчлөх эрхийн төвлөрсөн болон тухайлсан бүртгэлийн хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны маргаанд хамаарах 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 173 дугаар тогтоолоор үнэт цаасаар илэрхийлэгдэх эд хөрөнгийн эрхийн эзэмшигч, өмчлөгчийн талаар шийдвэр гаргаагүй байна ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэлийн “... Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар “Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тушаалын “ГП” ХХК-ийн хувьцаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.
6.2. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, 5.1.3-д “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд”, 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж тус тус заасан.
6.3. Анхан шатны шүүхээс “... “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу захиргааны байгууллага гэж үзэхгүй, түүний шийдвэр үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:
6.4. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.16-д “"үнэт цаасны зах зээлд оролцогч" гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг;”, 4.1.17-д “"зохицуулалттай этгээд" гэж энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурдсан үйл ажиллагаа хамаарна:”, 24.1.11-д “үнэт цаасны арилжаа эрхлэх;”, 24.2-т “Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ” гэж тус тус заасан.
6.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Хөрөнгийн бирж нь Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээрх тухайн зах зээлд оролцож, үйл ажиллагаа явуулдаг хувийн эрх зүйн хуулийн этгээд байна.
6.6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Монголын хөрөнгийн бирж ХК нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага биш, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0019 дүгээр дугаар тогтоолд тайлбарласан байх тул анхан шатны шүүхээс холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 2 дахь хавтас, 38 дахь тал ар
[2] Хэргийн 2 дахь хавтас, 42 дахь тал
[3] Хэргийн 2 дахь хавтас, 43 дахь тал
[4] Хэргийн 1 дэх хавтас, 124 дэх тал
[5] Хэргийн 1 дэх хавтас, 126 дахь тал
[6] Хэргийн 1 дэх хавтас, 128 дахь тал
[7] Хэргийн 1 дэх хавтас, 16 дахь тал
[8] Хэргийн 1 дэх хавтас, 20 дахь тал
[9] Хэргийн 1 дэх хавтас, 25 дахь тал
[10] Хэргийн 1 дэх хавтас, 62 дахь тал
[11] Хэргийн 1 дэх хавтас, 63 дахь тал
[12] Хэргийн 1 дэх хавтас, 65 дахь тал
[13] Хэргийн 7 дахь хавтас, 124 дэх тал
[14] Хэргийн 8 дахь хавтас, 90 дэх тал
[15] Хэргийн 8 дахь хавтас, 104-111 дэх тал
[16] Хэргийн 8 дахь хавтас, 131 дэх тал
[17] Хэргийн 1 дэх хавтас, 65 дахь тал
[18] Хэргийн 1 дэх хавтас, 65 дахь тал
[19] Хэргийн 1 дэх хавтас, 66-79 дэх талууд
[20] Хэргийн 1 дэх хавтас, 59 дэх тал
[21] Хэргийн 1 дах хавтас, 59-84 дэх талууд
[22] Хэргийн 1 дэх хавтас, 89 дэх тал