Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1129

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2018/00144 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК,

Хариуцагч Н.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 46 093 284 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Оюунцэцэг,

Хариуцагч Н.О, өмгөөлөгч А.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК-ийн захирал А.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О нь 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 27 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж зээлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2005 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлөх ёстой хүүг 1 сар 22 хоног хугацаа хэтрүүлэн 270 000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр төлөх ёстой хүүг 10 дугаар сарын 20-ны өдөр 16 хоног хэтрүүлж 240 000 төгрөг, 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 240 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 200 000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 200 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 100 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 200 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 50 000 төгрөг тус тус төлсөн бөгөөд үүнээс хойш төлөлт хийгээгүй.

Иймд үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 34 754 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 852 000 төгрөг, нийт 46 093 284 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 27 тоот 3 өрөө 38 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны 7 дугаар сард миний нөхөр Д.Батбаатар наймаа хийж мөнгө өсгөнө гээд орон сууц барьцаалж нэхэмжлэгч байгууллагаас зээл авсан. Эхний 2 сарын хүүг хугацаанд нь төлсөн, 3 дахь сараас нь сураггүй алга болсон.

Зээлдүүлэгч тал “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэсэн хуулийн заалтыг ч мэдэж байсан атлаа зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлсэн мөнгийг эргүүлэн төлөхийг шаардаагүй, гэрээг дүгнээгүй шалтгаан нь барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хэзээд хангуулах боломжтой учраас хоног хугацаа өнгөрөх тусам зээлдүүлэгч талд ашигтай гэдгийг мэдэж тооцоолоод гэрээний хугацааг сунгалгүй үргэлжлүүлсэн. Н.О нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар өмнө нь төлсөн 2 190 000 төгрөгөө зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцуулаад, одоо үндсэн зээл болох 4 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцохыг хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж “Жавхлант Алдархаан ББСБ”-д өгсөн боловч зээлдэгч тал “манайх мөнгө хүүлэх тусгай зөвшөөрөлтэй ашгийн байгууллага учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгахгүй, заавал барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна, шүүх хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлнэ” гэж утсаар хариу өгсөн байна. Иймээс Н.Огийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч байгаа хэсгийг тооцож үзвэл сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 4 000 000 төгрөг авч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд тусгасан байна. Энэ байдлаар нь тооцоход нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүү болох 6 хувийн 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасныг баримтлан нэг сарын хүү 240 000 төгрөгийг 6 сараар үржүүлэхэд 1 440 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь нэг сарын 48 000 төгрөгийг 6 сараар үржүүлээд 288 000 төгрөг, нийт үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр нь 1 728 000 төгрөг болж байна. Үүнийг Н.Огийн төлсөн 2 190 000 төгрөгт оруулан тооцоход 462 000 төгрөгийн илүү төлөлт гарч байна. Үүнийг үндсэн зээл болох 4 000 000 төгрөгөөс хасахад 3 538 000 төгрөгийг төлнө. Үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Н.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямжав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Батбаатар нь үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл өгч буй банк бус санхүүгийн байгууллагыг судалж олоод, зээл авахаар урьдчилж тохиролцоод Н.Ог болон түүний нагац ах О.Хуусар /одоо нас барсан/ нарыг зөвхөн байрных нь ордерийг авахуулж дагуулж очоод зээлийн гэрээнд “барьцаа гаргагч нар” гэж гарын үсэг зуруулаад, зээлдэгчээр Д.Батбаатар өөрөө гарын үсэг зурж мөнгийг нь авсан болох нь уг зээлийн гэрээний төгсгөл хэсэгт “барьцаалуулагчийг төлөөлж Авгас овгийн Очиржавын Хуусар, Баргачууд овгийн Норолхоогийн Отгонхүү нар болон Н.О насанд хүрээгүй Б.Дөлгөөнхэрлэн, Б.Оргилхэрлэн нарыг төлөөлж тус тус гарын үсэг зурснаас гадна Даржаагийн Батбаатар регистрийн дугаараа бичиж гарын үсгээ зурснаас тодорхой байна.

Зээл олгогч тал барьцаалж буй хөрөнгийг үзэж судлаагүй /зээл олгохын өмнө байрыг очиж огт үзээгүй/, барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавьж болохгүй гэдгийг барьцаа гаргагч нарт хэлээгүй, зээл төлөлтийн график гаргаагүй атлаа Д.Батбаатарыг байрны эздүүдийг дагуулаад очингуут Иргэний хууль зөрчин барьцаалахыг хуулиар хориглосон үл хөдлөх хөрөнгийг барьцаалан яаравчлан зээл олгоод, гэрээнд заасан зээл төлөх 6 сарын хугацаа дуусмагц шаардах эрхээ эдлэлгүй чимээгүй байсаар 12 жил гаруй хугацаа өнгөрсний дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа “зээл олгосноос хойш тооцсон зээлийн хүү 34 754 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 852 000 төгрөг, үндсэн зээл 4 000 000 төгрөг, нийт 46 093 284 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Ү-2207000502 дугаар бүхий Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 48 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцны байрнаас гаргуулан өгнө үү” гэж гэнэт их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан нь зээлдэгч Д.Батбаатар, зээлдүүлэгч “ЖББСБ” хоёрын хооронд эд хөрөнгөө барьцаалсан талд мэдэгдээгүй өөр хэлцэл байсныг халхавчилсан ч байж болохоор байгааг харгалзан үзэхийг хүсэж 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №05/99 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК-ийн захирал А.Оюунцэцэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулахдаа Н.Огийн зээл авах хүсэлтийг үндэслэн олгосон ба компанийн зүгээс Н.Од гэрээг байгуулахад гэрээний төсөлтэй танилцах боломжоор бүрэн хангасан бөгөөд Н.О гэрээний төслийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд нотариатаар уг гэрээг баталгаажуулсан.

Н.О манай компанид утсаар болон 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт нийт 4 000 000 төгрөгийг төлж, гэрээг дуусгавар болгох тухай хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай хариу албан бичгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 тоот бичгийг Н.Од гардуулан өгсөн. Хариу албан бичигтээ 4 000 000 төгрөгөөр эвлэрэх боломжгүй талаар мэдэгдсэн боловч төлбөрийн дүнг нэмэгдүүлсэн тохиолдолд эвлэрэх боломжтой тухай дурдсан болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн зээл 4 000 000 төгрөг, үндсэн хүү 28 050 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 610 000 төгрөг, нийт 37 660 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 433 284 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ёстой үүрэг 37 660 000 төгрөгийг гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн 2207000502 дугаарт бүртгэгдсэн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 27 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хариуцагч Н.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямжав нарын 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 05/99 дугаартай “ЖББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 380 416 төгрөг, хариуцагч Н.Огийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.Огээс 346 259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч ББСБ-ыг төлөөлж А.Оюунцэцэг Н.Отэй гэрээ байгуулсан байгаа бөгөөд хэргийн материалд А.Оюунцэцэг нь тус ББСБ-ыг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй эсэхийг баталсан баримт авагдаагүй байна. Үүнээс дүгнэн үзэхэд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Н.Од зээл өгөхдөө тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тусгай зөвшөөрөл, 2010, 2013 оны тусгай зөвшөөрлийн сунгалтууд байгаагаас харахад 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа тусгай зөвшөөрөлгүйгээр зээл олгосон байгаа нь тодорхой учир уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэн, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн дээр зээлсэн 4 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 190 000 төгрөгийг хасч 1 810 000 төгрөгийг нэхэмжлэгч талд олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.

Хариуцагчид өгсөн мэдэгдэл нь 3 жил 4 сарын хугацааны дараа өгсөн мэдэгдэл бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаанд гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэсэн үйл баримт хэргийн материалаас тогтоогдохгүй байгаа учир төлбөр төлөх хугацааг энэ хугацаагаар бодож зогсоох нь хууль ёсны үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.1-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс хойш болон барьцаалсан хөрөнгийг энэхүү гэрээний дагуу ББСБ өөрийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан заалтын дагуу гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэлгүй төлбөрийн хэмжээг ихэсгэх барьцаа хөрөнгийн үнэд дүйцүүлэх цаад зорилготойгоор энэ үүргээ биелүүлээгүй байна. Энэ нь шүүхээс нэхэмжлэл гардаж авах өдөр хүртэл ийм их хэмжээний төлбөр гарсан талаар миний үйлчлүүлэгчид огт мэдэгдэж байгаагүй. Энэ нь тухайн байгууллагад гаргаж байсан гар бичвэрүүдээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, 4 000 000 төгрөг зээлсэн асуудлаар түүний төлөх тухай агуулга бүхий бичгүүд байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар тооцоо нийлсэн, тооцоог хүлээн зөвшөөрсөн агуулга харагддаггүй. Харин нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.5, 5.1-д заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэлгүй төлбөрийн хэмжээг ихэсгэх барьцаа хөрөнгийн үнэд дүйцүүлэх цаад зорилготойгоор огт тооцоо нийлэлгүйгээр мэдэгдлүүд авч гэрээнд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байгааг мэдсээр байж  221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно гэсэн заалтыг нэхэмжлэгч нь зөрчсөн учир 2006 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээний үүргийг тасалбар болгон 4 978 000 төгрөгийг нэхэмжлэгч талд олгож болохоор байгааг анхаарч үзэн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК нь хариуцагч Н.Огээс зээлийн гэрээний үүрэгт 46 093 284 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 3 538 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК зээлдэгчид 4 000 000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч Н.О нь зээлийг 6 сарын хугацаанд ашиглаж, сарын 6 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх үүрэг хүлээн, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан, улмаар зээлийн мөнгийг хүлээн авсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд зээлдэгч зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэгтэй, хамтран амьдрагч Д.Батбаатар зээлийг авсан гэх түүний татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Харин зээлдэгч “ЖББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсон /хх-18-20/, түүнээс өмнө зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан баримт хэрэгт авагдаагүй тул 2005 оны 7 дугаар сарын 5-нд Н.Отэй гэрээ байгуулах үедээ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан эрх бүхий этгээд байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйлчилгээний хүрээнд зээл олгосон гэж шаардаж байгаа тохиолдолд өөрийн “зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий” гэх нөхцөл байдлаа өөрөө нотлох учиртай ч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тул мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх эрхгүй, гэрээний 4.3 дахь заалтыг хуульд нийцээгүй гэж үзэх тул нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хангах үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй тохиолдолд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусгах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхгүй.

Иймд хариуцагчид үндсэн зээл 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацааны 1 440 000 /240 000*6/ төгрөг, нийт 5 440 000 төгрөгийг төлөх үүрэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүсэх ба уг төлбөрөөс түүний төлсөн 2 190 000 төгрөгийг хасахад 3 250 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 538 000 төгрөгийн төлбөрийг зөвшөөрсөн тул талуудын зарчимд үндэслэн зээлийн төлбөрийг мөн хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчид зээлийн гэрээ байгуулсан өдрөө зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээг байгуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 27 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Мөн зээлийн болон барьцааны гэрээ нь дээрх үндэслэлүүдээр хүчин төгөлдөр тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг хангасан болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон үнийн дүнд өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2018/00144 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.Огээс 3 538 000 /гурван сая таван зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЖББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 555 284 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “37 660 000” /гучин долоон сая зургаан зуун жаран мянга/ гэснийг “3 538 000” /гурван сая таван зуун гучин найман мянга/ гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Н.Огээс 346 259 /гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун тавин ёс/” гэснийг “71 558 /далан нэгэн мянга таван зуун тавин найм/ гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 346 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

    А.ОТГОНЦЭЦЭГ