Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2020/00807

 

        2020        03          31  

 181/ШШ2020/00807

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Л.Н-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: М ХХК-д холбогдох

            ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч   Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие тус байгууллагад анх цахилгааны чанарын хяналтын инженерээр 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажилд орсон.

            Миний бие ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаар ажил олгогч 2 удаа буюу сүүлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан боловч дахин гэрээ хийгдээгүй, хэрнээ 3 дахь удаагаа сунгах боломжгүй гээд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн.

            Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан гээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 132 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн.

            Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тус шүүхэд гомдлоо гаргаж байна. Надтай ижилхэн ажил хийдэг 3 хүн байдаг бахад нөгөө 2 хүнийг нь үлдээгээд намайг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Яагаад ингэж байгаа тухай асуухад хариу хэлээгүй, чанар хяналтын инженер гэдэг нь энэ ажлыг эхлэхээс нь дуустал ажиллах ёстой гэж ойлгож байна.

            Би анх 2018 оны 3 дугаар сард ажилд орохдоо төсөл дуустал ажиллана гэж ойлгож байсан. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш гэрээ сунгана гэсэн мэдэгдэл өгөөгүй байж байгаад ажлаас халсанд гомдолтой байна.

            Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушал болох Монаделфус Монголия ХХК-ийн цахилгааны чанарын хяналтын инженерийн албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгаын шиймгэлийн нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Л.Н нь тус компанийн Оюу толгой /С005А/ төслийн ил уурхайн байгууламж, 2 дугаар шафтын барилга болон цахилгааны багц ажлыг гүйцэтгэх хүрээнд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 3 сарын туршилтын хугацаатай ажилд орж, мөн өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

            Гэрээний хугацааг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын шаардлагыг харгалзан 3 сараар сунгасан болохыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр М ХХК-иас бичгээр мэдэгдэж, Л.Н нь түүнтэй танилцан гарын үсэг зурсан.

            Улмаар гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусч байгаа тухай М ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бичгээр мэдэгдэж, танилцуулсан.

            Ийнхүү талууд тохиролцсон гэрээний хугацаа болон мөн Оюу толгойн төслийн Ил уурхайн байгууламж, 2 дугаар шафтын барилгын ажил дууссантай холбоотойгоор 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19/132 тоот тушаалаар Л.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

            Л.Н нь М ХХК-ийн Оюу толгой төслийн Ил уурхайн байгууламж, 2 дугаар шафтын барилга болон цахлгааны багц ажил дээр ажиллахаар гэрээ байгуулсан ба энэхүү ажил дуусч байгаатай холбоотойгоор төслийн ажлыг захиалагч Worley компаниас М ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тоот бичиг ирүүлж захиалагч гүйцэтгэгч 2 тал тохиролцон гэрээт ажлыг дуусгахтай холбоотойгоор М ХХК-ийн зүгээс Л.Наранбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн тодорхой хугацаагаар тус тус сунгаж, хугацааны эцэст 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19/132 тоот тушаалаар Л.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

            Наранбаатарыг ажилд томилсон тушаалд төслийн ажлыг гүйцэтгэх зорилгоор гэдгээ зааж, Хөдөлмөрийн гэрээнд ажлын талбайг зааж, тодорхой хугацаатай байгуулах болсон шалтгаанаа тодорхой зааж өгсөн байгаа юм.

            Төслийн гүйцэтгэгч болон захиалагч компаниуд хоорондоо харилцан ярилцаж төсөл дуусгавар болох талаар урьдчилан мэдэгдэж, Наранбаатарт Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг өгч байсан. Төслийн ажил нь өөрийн онцлогтой ажил бөгөөд төслийн ажлын явцын дагуу 2 ажилтанг авч үлдээд, үлдсэн ажлуудаа дуусгавар болгож одоо бүх ажлыг зогсоосон байгаа болно. Иймд Л.Наранбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

           Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.        

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч М ХХК-ийн Монгол дахь салбар хариуцсан захирлын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №18/07HR дугаартай тушаалаар нэхэмжлэгч Л.Наранбаатар нь Оюу толгойн талбай дээр хэрэгжүүлж буй төслийн Чанарын хяналтын инженерийн албан тушаалд ажиллаж байжээ. /хх-ийн 63-р хуудас/

            Ажил олгогч М ХХК-ийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.-т Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх захирлын эзгүй байгаа үед итгэмжлэлээр эрх нь өгөгдсөн Монгол дахь төлөөлөгч удирдана гэж заасны дагуу Ц.Энхтуяад тус компанийн нэрийн өмнөөс ... аливаа гэрээнүүд болон бичиг баримтанд гарын үсэг зурж тамга дарах ... эрхийг олгожээ. /хх-ийн 40-42, 43-54, 102-106-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж,

23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна гэж,

23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж,

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заажээ. Иймд:

            1.Ажил олгогч М ХХК нь ажилтан Л.Н-ыг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 2.200.000 төгрөгийн цалинтайгаар Өмнөговь аймаг, Оюу толгойн төслийн талбай, Ил уурхайн байгууламж, 2-р шафт С005А төсөл, Барилга болон Цахилгаан багц ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Чанарын хяналтын инженерийн албан тушаалд ажиллуулахаар Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 70-81, 6-26-р хуудас/

            2.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хугацаа дуусахад Л.Н-тай байгуулсан Хөдөлмөрийн хугацаатай гэрээний бусад нөхцлүүд хэвээр үргэлжлэх, зөвхөн хугацааг нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан болохыг ажилтан Л.Н-т мэдэгдэхэд зөвшөөрч уг мэдэгдэл дээр гарын үсэг зуржээ./хх-ийн 31, 5 -р хуудас/

            Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний сунгасан хугацаа 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дуусахад ажилтан ажлаа гүйцэтгэсээр байсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3-р хуудас/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ.

            Иймд ажилтан Л.Наранбаатартай байгуулсан Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс сүүлд сунгагдсан хугацаагаар сунгагдаж, ажилтан Л.Наранбаатар нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл эрхэлсэн ажилаа гүйцэтгэж гэрээгээр тохирсон цалин авч ажилласан байна. /хх-ийн 3-р хуудас/

            Ажил олгогч М ХХК нь С005А төслийн ажил дуусч байгаа тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байгаа тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Л.Н-т өгсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4, 38-р хуудас/

            Байнгын ажлын байр гэдэг нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно.

            Аливаа төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд дээрх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

            Хариуцагч М ХХК нь Оюу толгой гүний уурхайн төсөл дээр гүйцэтгэгчээр ажиллаж байсан байх бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх явцад Төсөл хариуцсан захирлаас 2019 оны 3 дугаар сарын 25, 2019 оны 6 дугаар сарын 26, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд уг төслийн зарим ажлууд хэсэгчлэн хийгдсэн, зарим ажлууд нийт хийгдэх ажлын хэмжээнээс хасагдах болсон зэрэг өөрчлөлтүүдтэй холбоотойгоор зарим ажилчдыг буулгах талаар удаа дараа мэдэгдэж байсан, зарим ажлуудыг комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 55-62, 109-112-р хуудас/

            Нэхэмжлэгч /ажилтан/ Л.Н-ыг М ХХК-ийн Монгол дахь салбар хариуцсан захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №19/132 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус компанийн чанарын хяналтын инженерийн ажилтаны үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдөртөө тойрох хуудсаар ажлаа хүлээлгэн өгчээ. /хх-ийн 27, 108-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэжээ.

Нэхэмжлэгч /ажилтан/ Л.Н-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-5, 27, 38, 39, 43-62, 70-81, 108-112-р хуудас/

Өмнөговь аймаг, Оюу толгойн төслийн талбай, Ил уурхайн байгууламж, 2-р шафт С005А төслийн чанарын хяналтын инженер Л.Н-ыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан М ХХК-ийн хэрэгжүүлсэн Өмнөговь аймаг, Оюу толгойн төслийн талбай, Ил уурхайн байгууламж, 2-р шафт С005А төслийн чанарын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Л.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО