Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 65

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би И ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 12,860,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Т нь тус компаниас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 4,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүний эргэн тeлeлтийг өдөр бүр төлж 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгах байсан. Гэвч Ц.Т нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба өнгөрсөн хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.345.000 тегрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1.156.000 төгрөг, нийт 4.901.000 төгрөг төлсөнөөс 2.136.800 төгрөгийг үндсэн зээлд, 2.764.200 тегрөгийг зээлийн хүүнд тус тус тооцсон болно. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Ц.Т-н үндсэн зээлийн үлдэгдэл 7.863.200 төгрөг, зээлийн хүү нийт 1.065.990 төгрөг, алданги 3.931.600 /39,316х180хоног/ төгрөг, нийт 12.860.790 тегрөг байна. Ц.Т-н зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд Ц.Т-с зээлийн гэрээний үүрэгт 12.860.790 /арван хоёр сая найман зуун жаран мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт Ц.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И ХХК нь Ц.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12,860,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. И ХХК-ний гаргасан зээлийн гэрээний үүрэг 12,860,790 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. Ц.Т нь хувиараа үйлчилгээний ажил эрхэлдэг бөгөөд цаг үеийн нөхцөл байдлын улмаас ажил зогсонги байдалд ороод санхүүгийн хувьд хүндрэл гараад байна. Иймд зээлийн гэрээний үүрэг 12,960,700 төгрөгийг бөөнд нь төлөх боломжгүй байгаа бөгөөд 2020 оны 4 сараас эхлэн 2020 оны 08 сарыг дуустал хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйл зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 12,860,790 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн учир 2020 оны 04 сараас эхлэн 2020 оны 08 сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Иймд өмнө нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг үндэслэн Ц.Т-н эд хөрөнгийг битүүмжлэх, 69.13-т заасныг үндэслэн ..., төрийн банкны ... дансуудын зарлагын гүйлгээг зогсоох хүсэлтээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Ц.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 12,860,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 12,860,790 төгрөгийг 2020 оны 4 сараас эхлэн 2020 оны 08 сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 12,860,790 төгрөгийг 2020 оны 4 сараас эхлэн 2020 оны 08 сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,723 төгрөгийн 50 хувь болох 110,361.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 110,361.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Т-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 110,361.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Ц.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                     Д.Ц