| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0037/И |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 66
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.А-д холбогдох зээлийн төлбөр 928.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Р.А-д 900.000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч энэ хугацаанд үндсэн зээлээс 135.000 төгрөг хасуулсан, үлдэгдэл мөнгө болон хүүг одоо болтол өгөөгүй ба удаа дараа сануулан холбогдсон. Иймд зээлийн хүү болох 72.000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 91.000 төгрөг, үндсэн мөнгө 765.000 төгрөг, нийт 928.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р багт оршин суух, С овогт Р.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Р.А Д ХХК-ний нэхэмжилсэн 928,000 төгрөгийг 2020 оны 04 сарын 15-ны өдөр дуусгасан байх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь Р.А-н хүсэлтийн дагуу 2020 оны 04 сарын 15-ны өдрийн дотор 928,000 төгрөгийг төлж дуусгана гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Р.А-д холбогдуулан зээлийн төлбөр 928.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.А нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 928.000 төгрөгийг 2020 оны 04 сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.А-д холбогдох зээлийн төлбөр 928.000 төгрөгийг 2020 оны 04 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,822 төгрөгийн 50 хувь болох 13,411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 13,411 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Р.А-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13,411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Р.А нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц