Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/692

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ариунзул,

хохирогч өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205015970141 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эмээ, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******,******* тоотод оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 808 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 861 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, *******, /РД: *******/,

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт ******* тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 10 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 418 цагийн 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт 11 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглан 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Luvsantsend Ganbayar” гэсэн нэртэй фейсбүүк хаягийн чатаар хохирогч Э.Уранчимэгтэй харилцан “нөүтбүүк байвал хэрэглүүлээч, миний нөүтбүүк асдаггүй” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн урд хаалганы гадна “Делл” загварын нөүтбүүкийг залилан авч 1.032.000 төгрөгийн,

- Мөн шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн “мобикомын хэрэглэгчийн 9909-4545 дугаарыг 14 сая төгрөгөөр худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Дуламжаргалаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 39-р байрны гаднаас Хаан банк дахь тоот данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг Хаан банкин дахь төрсөн хүү Г.Содбилэгийн эзэмшлийн тоот дансыг ашиглан тус тус шилжүүлэн авч 14.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 15.032.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Хохирогч Э.Уранчимэгээс нөүтбүүк авч, ломбардад тавьсан нь үнэн. Ломбардаас нөүтбүүкийг аваад Батбилэгийн машинд үлдээгээд одоог хүртэл авч чадаагүй байгаа. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Баянзүрх дүүргийн “Сандэй” плазагийн 4 давхарт өөрийн хувиараа ажиллуулдаг хувцасны лангуун дээрээ байсан. Манай хажуугийн лангууны худалдагч Баярмаа гэх эмэгтэйтэй ойр зуурын юм ярилцдаг байсан. Тэр өдөр би өөрийн гар утсаараа фейсбүүк болон үнэгүй.мн сайт руу орж 9909-тэй дугаар хайж байсан. Тэгтэл Баярмаа “та ямар дугаар хайгаад байгаа юм бэ” гэхээр нь “9909-тэй дугаар хайж байна” гэхэд “надад таньдаг хүн байгаа шүү дээ 9909-тэй дугаараа зарна гэж байсан” гэж хэлсэн. Тэгээд би сонирхож эхлэхэд Баярмаа “миний таньдаг хүн надад бол гайгүй хямдхан өгөх байх би тэр хүнээс асуугаад өгье” гэж хэлсэн. Тэгээд дугаарын талаар ярилцаад байж байсан чинь 19 цагийн үед Баярмаагийн нөхөр Ганбаяр лангуун дээр нь ирсэн. Тэгсэн Ганбаяр тэр хоёр хоорондоо “нөгөө таньдаг хүн чинь машинаа мөргөлдүүлсэн гэсэн ер нь бол мөнгөний хэрэг их байгаа болохоор хямд өгөх байх” гэсэн зүйлийг хоорондоо ярилцсан. Би тухайн үед тэр хоёртой хамт ярилцаад “14.000.000 төгрөгөөс доош дугаар хайж байгаа, дугаар зарах хүн чинь хямд өгөх болов уу асуугаад надад хэлээрэй” гэж хэлсэн чинь “за ямартай ч нөгөө хүнтэйгээ яриадахъя” гэж хэлээд 20-30 минутын дараа надад “нөгөө хүнтэйгээ ярьчихлаа ерөнхийдөө зарах юм шиг байна бараг болчих юм шиг байна орой уулзахаар боллоо” гэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад Баярмаагийн нөхөр Ганбаяр 8813-7738 гэсэн дугаараас над руу залгаад “эгчээ нөгөө хүнтэйгээ уулзах гэж байна та бэлэн мөнгө өгвөл зүгээр байх бэлэн мөнгөө бариад очвол хүн арай өөр байх гэсэн” тэгээд би “эгчид нь 10.000.000 төгрөг байна” гэхэд дугаартай Хаан банкны данс өгсөн. Тэгээд би 14.000.000 төгрөгөөр худалдаж авъя гээд 10.000.000 төгрөгийг “Баярмаа дугаар 99094545” гэсэн утгатай шилжүүлсэн юм. Шилжүүлсний дараа “эгч нь мөнгийг хийчихлээ” гэж хэлэхэд “мөнгө нь ороод ирсэн яг нөгөө хүнтэйгээ уулзаж байна дүү нь одоо ингээд болгоно” гэсэн цаг орой болсон тул тэгээд энэ өдөр хариу өгөлгүй өнгөрсөн. ...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр над руу Ганбаяр холбогдоод “нөгөө дугаар авах хүнийхээ мөнгийг хийх боломж байна уу шилжүүлэх хэрэгтэй байна” гэсэн тэгэхээр нь би “за эгч нь 3.000.000 төгрөгийг нь хийе” гээд **************** дугаартай данс руу өөрийн дугаарын данснаас Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дотроос мобайл банкаар орж шилжүүлсэн. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үлдсэн 1.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 39-р байрны гадна талаас мөн өөрийнхөө данснаас Ганбаярын Содбилэг гэсэн нөгөө дугаарын данс руу шилжүүлсэн энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл худлаа яриад шалтгаан тоочоод байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Баярмаа нь надад ажил амьдрал гээд хувийн зүйлээ ярьдаг байсан тэгээд түүнд итгэж байсан. Ажлаас хааяа тарах болгондоо надаар дөхөж хүүхдийн 100-гийн тэнд хүргүүлдэг, бид хоёр дотносох зүйл багагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29/7283 дугаартай албан бичгээр ирүүлсэн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

*******ын яллагдагчаар өгсөн:

“...Баярмаа бид хоёрт өмнө холбогдсон хэрэг дээр мөнгөний хэрэг гараад байсан болохоор Дуламжаргал эгчид “9909-тэй дугаар байна” гэж хэлээд мөнгө авсан юм. ...Ийм дугаар огт байхгүй, санаанаасаа зохиосон юм. Миний ойр дотны хэн нэгэнд ийм дугаар барьдаг хүн байдаггүй. Зүгээр Дуламжаргал эгчид аваад өгч чадна гэж хэлээд мөнгө авчихсан. Төгөлдөр ийм дугаар барьдаггүй байсан. Худлаа ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал/,

Хохирогч цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/,

Хохирогч :

“...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр над руу “Luvsantsend Ganbayar” гэсэн фейсбүүк хаягаас чатаар “hi юм гуйя, нөүтбүүк байвал надад нэг хоног хэрэглүүлээч, ажлаа хийе гэсэн компьютер маань асдаггүй” гэхээр нь “хэзээ хэрэгтэй вэ” гэтэл “одоо хэрэгтэй байна, маргааш буцаагаад өгье хө” гэхээр нь би “танайх хаана байдаг юм” гэтэл “нэгдүгээр хороолол 33 байр” гэсэн. Тэгээд би дахиж хариу бичээгүй бөгөөд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Luvsantsend Ganbayar” чатаас “болох юм болов уу хө” гэсэн чат ирэхээр нь би “орой хийж амжих юм уу, би маргааш өглөө шалгалттай” гэтэл “аан би харин гялс хийчихвэл орой ч хамаагүй аваачаад өгөх үү” гэхээр нь би “одоо гэмтэл дээр байна ирээд авчих уу” гэтэл “тэгье тэгье яг хаана очих уу” гэхээр нь би “гэмтлийн эмнэлэг рүү ордог хаалган дээр” гэсэн. Тэгээд өдөр 14 цагийн үед 8806-8021 дугаарын утаснаас залгаад “Ганбаяр байна ирчихлээ” гэхээр нь би гэмтлийн эмнэлгийн урд хаалган дээр гараад очиход 170 см орчим өндөртэй, махлаг эрэгтэй байсан бөгөөд би нөүтбүүкээ тэр эрэгтэйд өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь дахиад чат бичтэл “ажил дээр байна гэрт оччихоод аваачаад өгье, гэрт хүн байдаггүй авч чаддаггүй” гээд бас л алга болчихоор нь оройхон дахиад асуутал “одоо аваачиж өглөө, одоо гарч байна” гэж хэлж байгаад таг алга болсон. “Делл” маркийн 7-р үеийн i5-тай хар өнгийн нөүтбүүк байсан. ...үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...би фейсбүүкээр танилцсан. Өмнө нь уулзаж байгаагүй, огт танихгүй, утасны дугаар нь 8813-7738, фейсбүүк хаягийг нь л мэднэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

Гэрч :

“...Лувсанцэнд овогтой Ганбаяр гэгч манай “Мердиан” ХХК-н ломбардад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Делл” загварын нөүтбүүкийг 550.000 төгрөгт барьцаанд тавьж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 37 минутад хүүний 27.500 төгрөг нэмэгдэж 577.500 төгрөг төлөөд уг нөүтбүүкийг буцаан авсан байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/,

“Дамно” ХХК-ий Делл загварын нөүтбүүкийг 1.032.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

“Luvsantsend Ganbayar” гэсэн нэртэй фейсбүүк хаягийн чатаар харилцсан зурвасууд /1 дүгээр хавтаст хэргийн 228-250 дахь тал/,

”Мердиан” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнд эхлэх 2021/12/20 дуусах 2021/12/30 “...үйлчлүүлэгч Лувсанцэнд овогтой Ганбаяр РД: ********** ..., нөүтбүүк dell cпү i5... зээл 550.000 төгрөг...” гэсэн гэрээний хуулбар / 1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Хохирогч өмгөөлөгч Г.Энхтүвшин “Шүүгдэгч нараас хохирогч Г.Дуламжаргалд учруулсан хохирол болох 14.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруугийн хувьд маргаангүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг “Миний үйлчлүүлэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаангүй. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан “Luvsantsend Ganbayar” гэсэн нэртэй фейсбүүк хаягийн чатаар хохирогч Э.Уранчимэгийг “нөүтбүүк байвал хэрэглүүлээч, миний нөүтбүүк асдаггүй” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн урд хаалганы гадна “Делл” загварын нөүтбүүкийг залилан авч 1.032.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, хохирогч Э.Уранчимэг, гэрч С.Баатарзориг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, “Luvsantsend Ganbayar” гэсэн нэртэй фейсбүүк чатаар харилцсан зурвасууд, ”Мердиан” барьцаат зээлийн гэрээний хуулбараар,

Шүүгдэгч *******, ******* нар нь:

үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “мобикомын хэрэглэгчийн 99094545 дугаарыг 14.000.000 төгрөгөөр худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Дуламжаргалд нийт 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29/7283 дугаартай албан бичгээр ирүүлсэн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Уранчимэгт 1.032.000 төгрөгийн, Г.Дуламжаргалд 14.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөөгүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******аас 7.000.000 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 7.000.000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 14.000.000 төгрөгийг хохирогч Г.Дуламжаргалд, мөн шүүгдэгч *******аас 1.032.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Уранчимэгт тус тус олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

- шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг “Миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа хэргийг нэгтгэн шийдвэрлэх талаар гомдол, хүсэлт гаргаж байсан боловч прокурорын байгууллагын хяналтаа хуульд заасны дагуу тавиагүйн улмаас эрх зүйн байдал нь дордсон байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Миний үйлчлүүлэгч ******* нь мөн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй, гар урлал болон өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдан борлуулж хохирогчид учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн өмнөх шийтгэх тогтоолоор уг хэргийг нэгтгэгдэн шийдэгдэх боломжтой байсан ч хэрэг нэгтгэгдээгүйн улмаас өнөөдөр түүний эрх зүйн байдал дордож дахин ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаагийн бүртгэлтэй, харин шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, урьд удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа тэдний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 110 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205015970141 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,

- шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар,

- шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 110 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.032.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Уранчимэгт, шүүгдэгч *******, ******* нараас 14.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 7.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дуламжаргалд тус тус олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, *******д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ