| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2020/0005/Э |
| Дугаар | 5 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 5
У-, Г- нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0005/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга Г.Золжаргал,
Прокурор Ж.Батбаатар,
Хохирогч А-, Х-,
Шүүгдэгч Г-,
Шүүгдэгч У-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын гомдлоор У-, Г- нарт холбогдох эрүүгийн 1939003080193 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, дүү нарынхаа хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г-н У
Хэнтий аймгийн Батноров суманд 1992 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц овогт Ө-н Г
У-, Г- нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг болох “Гичгэний хар нуур” гэх газраас иргэн А-ын олон тооны адуу буюу 18 тооны адууг хулгайлж 15350000 төгрөгийн хохирол учруулсан,
У- нь 2018 оны 10-11 дүгээр сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг болох “Өвгөдийн булаг” гэх газраас иргэн Х-ийн 6 тооны адууг хулгайлж 6100000 төгрөгийн,
- 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг болох “Уугын гол” гэх газраас иргэн С-н хээр азаргатай 6 тооны адууг хулгайлж 5500000 төгрөгийн,
- 2018 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг болох “Ар хадагтай” гэх газраас иргэн Б-н 3 тооны адуу, А-н 1 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Г- нь 2018 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт У-гийн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг нь мэдсээр байж 400000 төгрөгийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г-, У- нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч нарыг алдуул мал завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч У-г бусдын олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутай, шүүгдэгч У овогтой Ө-н Г-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г-, У- нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг, шүүгдэгч Г-ид холбогдох гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Г-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч У-гээс, 400000 төгрөгийг шүүгдэгч Г-оос гаргуулж улсын орлогод оруулах, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоциклыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелмэгц прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч У-д буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-гээс 10000000 /арван сая/ төгрөг, шүүгдэгч Г-оос 5350000 /таван сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч А-д, шүүгдэгч У-гээс 6100000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х-т, 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б-д, 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А-д тус тус олгуулахаар заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У- давж заалдах гомдолдоо: Миний бие Г-той хамтран Сосорбарамын 6 тооны адууг хулгайлж, зарж борлуулан мөнгийг нь хувааж авсан боловч хохирлыг ганцаараа төлсөн. Гэтэл анхан шатны шүүх Г-ийг хохирол барагдуулсан гэж үзэн түүнд тэнсэн харгалзах ял оногдуулж, надад 2 жилийн хорих ял оногдуулсан. Би Б-н 3, Алтанзулын 1, Х-ийн 6 тооны адууг хулгайлаагүй бөгөөд намайг зодож, үг хэлээр дарамталж, хилс хэрэг хүлээлгэсэн. Намайг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод найз охины хамт явж байхад Хэнтий аймгийн Цагдаагийн газрын офицер Б, энгийн хувцастай танихгүй хүний хамт ирээд машинд суулгаж “чамайг ална, ямар хэрэг хийснээ мэдэж байна уу, ганц худагт хийнэ” гэж дарамталж зодсон. Мөн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст аваачиж өлмий дээр суулгаж, үсдэж унагаан олон хэрэг хүлээлгэх гэж зодсон. Миний биед хөхөрч, хавдсан шарх байсан боловч шархыг арилгах гэж 6 хоног хөдөөгүүр авч явж, шарх сорви арилсан үед аймагт авчирсан. Хөдөөгүүр явж байх хугацаанд намайг машиныг арын суудалд суулгаж, урд талын суудлаа арагш хэвтүүлж миний хоёр хөлийг байнга хавчиж явсан. Батжаргал намайг байнга дарамталж, зодож байсан тул хэлсэн хэргийг нь хүлээхээс өөр арга байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдолдоо: У- нь Сосорбарамын 6 тооны адуу, мөн 18 тооны алдуул мал завшсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин Б-н 3, А-н 1, Х-ийн 6 тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрдөггүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд төлөөлөгч, мөрдөгч нарын хууль бус дарамт, шахалтаар эдгээр 10 тооны адууг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг.
У- мөрдөн шалгах ажиллагаанд: “...уйлан тамгатай бор халзан гүү, хүрэн гүү, хонгор халзан байдсан гүү зэрэг 3 тооны адууг аав Г-н хамт нядалж, Жаргалтхаан сумаас малын эмчээс бичиг авч, аавыгаа гэртээ үлдээгээд, өөрийн цагаан өнгийн “Пробокс” маркийн автомашинд ачаад Улаанбаатар хотод очиж “Хүчит шонхор” захын ченжед 1800000 төгрөгөөр зарж, аавд 200000 төгрөг өгсөн” гэсэн /хх-ийн 73 хуудас/ мэдүүлэг өгсөн байх боловч хамт хулгай хийсэн гэх Г нь уг мэдүүлгийг үгүйсгэн мэдүүлдэг өгдөг. Үүнийг шалгаж тодруулаагүй, мөн Жаргалтхаан сумаас хэн гэдэг хүнээс малын бичиг авсныг тодруулж гэрчээр асуух, У-, Г нар хэрэг гарах үед хаана байсан талаар маршрут гаргаж тогтоогоогүй байдаг. Мөн У- “...2 тооны адууг ганцаараа нядалж, аймагт авчраад Мандах дэлгүүрийн араас ордог ченжед 1000000 төгрөгөөр зарсан. Арьс, толгой, шийрийг нь хамт өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл адууны мах, арьс, толгой, шийрийг авсан ченжийг гэрчээр асуугаагүй байна.
У- “...2 тооны хүрэн гүү, 1 тооны хээр гүү, 2-3 тооны хээр даага, зээрд байдас зэрэг нийт 8 тооны адууг ...нядлаад махыг нь аймгийн Нгэх ченжед өгсөн” гэж мэдүүлдэг /1хх-ийн 73 хуудас/. Гэтэл ченжийг гэрчээр асуугаагүй, адууны махны бичгийг У, С нараас авсан гэдэг боловч гэрчээр асууж, малын бичгийг хавсаргаагүй. Мөн У- нь “2018 оны 12 дугаар сард 4 тооны адуу мотоциклоор хөөж ирээд 2 адууг хүнсэндээ хэрэглэхээр эх С-г аймгаас машинтай ирүүлж ачиж явуулсан, үлдсэн 2 тооны адууг Улаанбаатар хотод аваачиж зарсан” гэж /1хх-ийн 93 хуудас/ гэж мэдүүлдэг ч энэ талаар тодруулаагүй, С-г гэрчээр байцаагаагүй байдаг.
У- нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөгч надаас мэдүүлэг авахдаа хаалгаа цоожлоод өмгөөлөгч оруулахгүй байсан учир би их сандарсан. Мөн Улаанбаатар хотод надаас мэдүүлэг авахдаа зодож цохиж дарамтлаад байсан /2хх-ийн 106 хуудас/ гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н “Та эхлээд 8 тооны адуу гэж хэлснээ дараа нь би худлаа хэлсэн юм, 4 тооны адуу байсан гэж хэлсэн. Шалтгаан нь юу юм бэ” гэж асуухад У- “байцаагч надаар олон хэрэг хүлээлгэх гээд байсан. ...байцаагч чи 8 тооны адуу авсан гэж хэлчихсэн юм чинь ядаж 4 тооны адуу авсан гэж хэлэхгүй бол чамайг хорино гэхээр нь 4 тооны адуу хулгайлсан гэж хэлсэн. Байцаагч хаалгаа дотроос нь түгжээд өмгөөлөгч оруулахгүй байсан” гэж хариулсан /2хх-ийн 108 хуудас/ зэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна. Б-н 3, А-н 1, Х-ийн 6 тооны адууг У- хулгайлсныг нотолж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн шүүгдэгч У-гийн цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хохирогч Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 10-11 дүгээр сард 6 гүүгээ алдсан. Нэг нь унагатай гүү байсан бөгөөд унагыг нь үлдээгээд авсан байсан. Би тухайн үед ойр орчмын хүмүүсээс адуугаа эрж сурагласан. У- миний 6 тооны адууг хулгайлаагүй гэж давж заалдах гомдол гаргасан байх тул хэргийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж үзэж байна. У- нь аав Г-н хамт миний адууг хулгайлж Улаанбаатар хотод зарж борлуулснаа хүлээн зөвшөөрсөн атлаа одоо хэргээс мултрах оролдлого хийж байна. Иймд 6100000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч А- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг болох “Гурван булаг хорхой” гэх газраас халтар азаргатай 18 тооны адуугаа алдсан. Тухайн үед Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Эрдэнэт, Мөрөн сумдын нутгаар адуугаа эрж хайж, телевизор болон интернетээр зар тавьж байсан. Миний 18 тооны адууг У-, Г- нар хариулж байгаад хэрэглэсэн гэдгийг сүүлд мэдсэн. Мөн У-, Г- нар миний 18 тооны адууг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд 15350000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс надаас 5350000 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэсэн. 5350000 төгрөгийг ноолуурын үеэр А-д өгөх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч У- болон түүний өмгөөлөгч Баярсайхан нар мөрдөгч нар эрүүдэн шүүж хийгээгүй хэргийг хүлээлгэсэн, мөн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн давж заалдах гомдлыг гаргасан. У-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй 2-3 удаа мэдүүлэг өгсөн. Мөрдөгч эрүүдэн шүүж мэдүүлэг авсан бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүдэн шүүж мэдүүлэг авсан талаар мэдүүлсэн нь хэргийг удаашруулах гэсэн санаа зорилготой байсан гэж үзэж байна. Мөн эрүүдэн шүүсэн нь тогтоогдохгүй байна.
Хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч У-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын давж заалдах гомдлоор У-, Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” талаар хуульчилсан атал У-гийн яллагдагчаар өгсөн 2 удаагийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэсэн У- нь Х-ийн 6, Б, А нарын 4 тооны адууг тус тус хулгайлсан нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл муутай болсон бөгөөд малын гарал үүслийн бичгийг байнга хийж өгдөг байсан гэх Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малын эмч У, С, мөн Хэнтий аймаг дахь бойны ченж Н, Хужаа бойны мал мах хүлээн авагч, Хэрлэн сумын 3 дугаар багт байрладаг гэх “Мандах” дэлгүүрийн эзэн буюу ченж хэн болохыг тус тус тодруулж, гэрчээр мэдүүлэг авснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцаах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
У- нь эрүүдэн шүүгдсэн гэх гомдлоо холбогдох байгууллагад гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У-, Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
Б.СҮХГОМБО