| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2025/0530/З |
| Дугаар | 221/МА2025/0684 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0684
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ч.Б, Д.Х
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 600 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Х, Ч.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0530/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр:
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт /2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр мөрдсөн/, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-24250000011 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1.“ Шүүхийн шийдвэрийн дагуу татварыг улсын байцаагч нар нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-24250000011 дугаартай нөхөн ногдуулалтын актын үндэслэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2-т гэж тусган хуулийг зөв зүйлчилж, тус актыг дахин зөвтгөн гаргасан байдаг.
Тодруулбал Монгол Улсын Хууль Тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7. Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно.
28.7.1. зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн булгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр 11.1 дүгээр зүйл. г.м/;\
28.7.2. хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор 11. г.м./.
28.7. 3. хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор 11.1. г.м/.
28.7.4. заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/. гэж заасан байгаад нийцүүлэн хяналт шалгалтыг актыг үйлдсэн байхад шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шүүгч гагцхүү хуульд захирагдана гэх заалтыг зөрчсөн.
Үүнийг хүснэгтээр харуулбал:
| 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн HA-24230000157 дугаартай нөхөн ногдуулалтын актад | 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-24250000011 дугаартай нөхөн ногдуулалтын актад |
| Үндэслэх тогтоох нь: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2., | Үндэслэх тогтоох нь: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2. |
"Төрийн мэдээ мэдээллийн эмхтгэл"-д 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №24/981/ дугаартай цахим хуудсанд байршсан 1341 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч "Б" ХХК зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, нэгэнт тодорхой байхад Зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох бус 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуульд тодорхой заалтын ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар засах боломжтой байсан.
Дээрх хүснэгтэд дурдсан хуулийн зүйл заалтыг Татварын удирдлагын нэгдсэн системд татварын хяналт шалгалтын мэдээллийг гараас оруулах тохируулга байдаггүй ямар хуулийн, аль зүйл, хэсэг, заалт, дэд заалтыг үндэслэн акт гаргаж байгаад зөвхөн сонголт хийх товч ашиглагддаг.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. "Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно." гэж зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0088 дугаартай түдгэлзүүлэх шийдвэр гаргасан шүүгч Ц.М нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн биеэр Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийж, программд засвар хийх шаардлагатайг дүгнэсэн байдаг. Тус дүгнэлт, шүүхийн шийдвэрийн дагуу /хавтаст хэрэгт авагдсан/ Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс программд засвар оруулснаар хуульд нийцүүлэн дахин шинээр Татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байгааг хууль бус гэж үзэн, хүчингүй болгох үндэслэлгүй юм. Тодруулбал Шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрт үндэслэн нөхөн ногдуулалтын актыг дахин зөвтгөж, тодорхой болгон гаргасан байгааг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй." гэж заасантай нийцээгүй.
Нэхэмжлэгч "Б" ХХК-ийн зүгээс татварын улсын байцаагч нарын татвар төлөгчийн 2019 оны татвар төлөлт, ногдуулалтыг хянан шалгаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өрдгийн албан татварын 2,228,432,050.02 төгрөгийн зөрчилд нөхөн ногдуулалтын актаар 222,843,205.0 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641.0 төгрөгийн алданги нийт 334,264,807.49 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон НА-24250000011 дугаартай актын тооцоололтой маргаагүй. Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0088, 2025 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 128/Ш32025/0600 дугаар шүүхийн шийдвэр тус бүрт зөрчил гаргасан хууль бус үйлдэл нь тогтоогдсон
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцсон татварын улсын байцаагч нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-24250000011 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нараас “Б” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-24230000157 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 222.843.205 төгрөгийн нөхөн татвар, 66.852.961.49 төгрөгийн торгууль, 44.568.641 төгрөгийн алданги, нийт 334.264.807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас уг актыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэгч гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0088 дугаар шийдвэрээр Татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-24230000157 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчийг шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.2. Үүний дараа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.Б нар нь “Б” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж[1], Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх 2425200456 дугаар бүхий томилолт[2], 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн баталсан төлөвлөгөөг үндэслэн дахин хяналт шалгалт хийж, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-24250000011 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 222.843.205 төгрөгийн нөхөн татвар, 66.852.961.49 төгрөгийн торгууль, 44.568.641 төгрөгийн алданги, нийт 334.264.807.49 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.
2.3. Хэрэгт авагдсан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаас үзэхэд татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгч компанийг “ … 2019 онд 5362148 тоот регистрийн дугаартай “Ш” ХХК, **** тоот регистрийн дугаартай “И” ХХК, ***** тоот регистрийн дугаартай “Х” ХХК, -****** тоот регистрийн дугаартай “Ч" ХХК, “Э” ХХК-уудаас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа хий бичилт бүхий нийт 63 ширхэг 2.228.432.050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн заалтыг зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 2.228.432.050.02 төгрөгийг зөрчил илэрсэн” гэж тэмдэглэсэн байна.
2.4. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх боловч Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
2.5. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас Татварын улсын байцаагч нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-24250000011 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “... хяналт шалгалт хийх удирдамж, татварын хяналт шалгалт хийх томилолт болон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны холбогдох баримт материалуудыг танилцуулаагүй, хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчийг биечлэн оролцуулах талаар зохих журмын дагуу ажиллаагүй, ... 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-242300000157 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, ... шүүхийн шийдвэрийн дагуу 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, ... нийт 63 ширхэг 2.228.432.050.02 төгрөгийн үнийн дүнтэй ... зөрчлийг гаргасныг бүрэн шалгаж тогтоогоогүй ...” гэсэн үндэслэлээр маргажээ.
2.6. Ийнхүү хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч улсын байцаагч нараас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 6 удаа “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-н Татварын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 99**** дугаарын утсанд дуудлага хийж, 2025 оны 02 дугаар сарын 27, 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус мессеж, мөн ****[email protected] хаягаар мэйл явуулж[3], 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудсыг[4] С.М-н бүртгэлтэй хаягаар Монгол шуудангаар хүргүүлсэн боловч “Заасан хаяг нь эзэнгүй, утас нь холбогдоогүй” гэсэн тайлбартайгаар буцаан татварын албанд хүргүүлсэн болох нь тогтоогдсон байна.
2.7. Энэ тохиолдолд хариуцагчаас татварын хяналт шалгалт хийх удирдамж, хяналт шалгалтын томилолт, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны холбогдох баримт материалуудыг танилцуулаагүй, хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчийг биечлэн оролцуулах талаар зохих журмын дагуу ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн “... хариуцагч Татварын байцаагч нь татварын хяналт шалгалт явуулах талаараа болон актын талаар сонсох ажиллагаа явуулах, мэдэгдэх ажиллагааг өөрийн эрх хэмжээний хүрээнд хангалттай явуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2.8. Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх”, 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно гээд мөн хэсгийн 15.3.1-т тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус заасан байна.
2.9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 88 дугаар шийдвэрээр 1 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр хүчин төгөлдөр болсон байх тул 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд дахин шинэ акт гаргахаар байна.
2.10. Маргаан бүхий НА-24250000011 дугаар нөхөн ногдуулалтын акт 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан тул нэхэмжлэгчийн “... шүүхийн шийдвэрийн дагуу 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй ...” гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... шийдвэр хүчин төгөлдөр болсон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн даалгасны дагуу шинэ акт гаргах 1 сарын хугацааг тоолох ёстой тул Татварын улсын байцаагч нарын шинэ акт гаргах хугацаа нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болох тул шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргах хугацааг Татварын улсын байцаагч нар хэтрүүлээгүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй.
2.11. Харин анхан шатны шүүхээс “... томилолтод хяналт шалгалт хийх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явуулахаар заасан байгаа бөгөөд маргаан бүхий татварын акт нь мөн өдрөөр огноолж гарсан байгаа тул хариуцагч нарыг шинээр татварын акт гаргах хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан үндэслэл нотлогдоогүй” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.
2.12. Энэ тохиолдолд хугацааг тооцохдоо Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдөр давхцаж байгаа эсэх, хариуцагч нараас томилолтын хугацааг тооцохдоо ажлын өдрийг зөв тооцсон эсэхэд дүгнэлт өгөх байжээ.
Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн 2425200456 дугаар томилолтоор[5] татварын хяналт шалгалт хийх хугацааг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажлын 15 хоног гэж заасан байна. Иймд 02 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 21-ний өдрийг /бүх нийтийн амралтын 3 хоног хасагдаж тооцогдоно/ дуусталх хугацаанд багтааж явуулахаар байсан байна.
2.13. Харин хариуцагч улсын байцаагч нарын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Томилолт сунгуулах танилцуулга[6]-ны дагуу Татварын хяналт шалгалтын хугацааг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажлын 4 өдрөөр сунгасан байна. Сунгаснаас үзвэл 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс ажлын 4 хоног тооцох тохиолдолд хугацаа 03 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болохоор байна.
2.14. Харин хариуцагч улсын байцаагч нар нь 2025 оны 2425200456 дугаар томилолтын дагуу 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажлын 15 хоног хяналт шалгалт хийх хугацаа нь 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж, томилолтын хугацааг сунгахдаа 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сунгуулахаар байтал 03 дугаар сарын 18-ны өдрөөр эхлэн хугацааг сунгаж, ийнхүү сунгахдаа 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажлын 4 өдөр гэж сунгасан байгаа нь хугацааг буруу тооцсон гэж үзэхээр байна.
3. Анхан шатны шүүхээс “... хариуцагч Татварын улсын байцаагч нь шинээр дахин акт гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн хэдэн онд хүчин төгөлдөр мөрдөж байсан хэсэг, заалтыг баримталж байгаа ялгаж бичээгүйн дээр 11.19 дүгээр зүйлийн 1.1.2 гэж бичсэн нь дээрх шүүхийн шийдвэрийг зөвтгөөгүй буюу шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэх ба энэ талаар нэхэмжлэгчийн маргаж байгааг үндэслэлтэй, ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0088 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 14 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт гэж бичих талаар тодорхой заасан, үүнээс өөр хэлбэрээр бичвэл хуулийг төсөөтэй хэрэглэсэнд тооцно гэж дүгнэсэн байхад татварын байцаагч нь уг алдааг засаагүй байгааг одоо шүүхэд өөрөөр дүгнэх хууль зүйн боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:
3.1. Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д “татварын зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул татварын харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэж, татварын ногдлыг тооцож төлүүлэх зарчим мөрдөгдөхөөр байна.
3.2. Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”, 3 дугаар зүйлд “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ”, 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, 10 дугаар зүйлд “Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө ” хэмээн тус тус хуульчилсан.
3.3. Түүнчлэн Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хуулийг шинэчлэн баталж, шинэчлэн батлагдсан хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр заасан байна.
Харин хариуцагч улсын байцаагч нараас маргаан бүхий татварын актаар тогтоосон зөрчилд 2008 оны Татварын ерөнхий хууль, 2019 оны шинэчлэн батлагдсан хуулийн алиныг нь баримталсан талаараа тодорхой бичээгүй байна.
3.4. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0088 дугаар шүүхийн шийдвэрээр “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд байхгүй буюу 11 дүгээр хэсгийн 19 дүгээр заалтын 1.1.2 дахь дэд заалтыг үндэслэж шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, мөн хэсгийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасанд тус тус нийцэхгүй …” гэсэн дүгнэлтийг хийж, Татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-24230000157 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчийг шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.
Хариуцагч нараас дахин шинэ акт гаргахдаа өмнө нь гаргасан хуулийн хэрэглээний алдаагаа бүрэн засаагүй, энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий байна.
3.5. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:”, 1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан;” 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэж заасан.
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар Зөрчлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 2 дахь хэсгийг “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд: …” гэж өөрчлөн найруулсан байна.
3.6. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмнө нь шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0088 дугаар шүүхийн шийдвэрээр “... тухайн зөрчилд хуулийн аль зүйл заалтаар ногдуулахыг тодорхой болгож дүгнэлт хийсний үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй ...” гэж дүгнэж, маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байтал хариуцагч улсын байцаагч нараас өмнөх актад бичигдсэн алдааг давтаж хууль болон өөрчлөн найруулсан хуулийн заалтын аль заалтыг үндэслэсэн болох нь ойлгомжгүй, маргаан бүхий актад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2 дахь заалтыг үндэслэсэн байх боловч хуульд байхгүй заалтыг бичсэн байх тул шүүхийн шийдвэрт засахаар заасан алдааг зассан гэж үзэхээргүй байна.
3.7. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... актыг гаргахдаа үйлчлэл нь дууссан байгаа 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн зохицуулалтыг баримталсан бол энэ талаар ялгаж тодорхойлоогүй хууль хэрэглээний алдаа гэж үзнэ. Хариуцагч Татварын улсын байцаагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргасан гэх боловч шүүхийн шийдвэрт заасан зөрчлийг бүрэн засаагүй, холбогдох хуулийн заалтыг зөв хэрэглээгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... зөрчил үйлдсэн нь нэгэнт тодорхой байхад Зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох бус 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуульд тодорхой заалтын ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар засах боломжтой байсан, ...Татварын удирдлагын нэгдсэн системд татварын хяналт шалгалтын мэдээллийг гараас оруулах тохируулга байдаггүй, ямар хуулийн, аль зүйл, хэсэг, заалт, дэд заалтыг үндэслэн акт гаргаж байгаад зөвхөн сонголт хийх товч ашигладаг ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ