| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0046/И |
| Дугаар | 85 |
| Огноо | 2020-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ... ажилтай, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4-р багт оршин суух, Х овогт Т.А-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1986 оны 06 сарын 30-ны өдрийн 208 тоот тушаалаар туслах нягтлан бодогчоор томилогдож, 1986 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор, 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор, 1993 оны 04 сарын 30-ны өдрөөс 1996 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл О ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан.
1993 оны 04 сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас шүүлгээд гарч ирэхгүй байна. Иймд 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1993 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд нягтлан бодогчоор, 1993 оны 04 сарын 30ны өдрөөс 1996 оны 18-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбадрах сумын Оргил ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1993 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Оргил нэгдэлд нягтлан бодогчоор, 1993 оны 04 сарын 30ны өдрөөс 1996 оны 18-ны өдрийг дуустал хугацаанд Оргил ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.А нь1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1993 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд туслах болон тооцооны нягтлан бодогчоор, 1993 оны 04 сарын 30-ны өдрөөс 1996 оны 03 сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбадрах сумын Оргил ХК-д ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь 1996 оны 07 сарын 01-ний өдрийн №176341 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1995 оны 02 сарын 03-ны өдрийн №220681 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 09 сарын 06-ны өдрийн №311 дугаартай архивын тодорхойлолт, гэрч Н.С “...Оргил нэгдэл нь 1993 оны Оргил компани болон өөрчлөгдсөн. Энэ үед Т.А нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ер нь Т.А нь Оргил нэгдэл Анандрашаант хоршоо болтол нягтлан бодогчоор ажиллаж байсан. Оргил нэгдлийн бичиг баримт нь Анандрашаант хоршоо дампуурах үед байсан бүх бичиг баримтууд нь устаж үгүй болсон. А эгч ер нь дээд сургуулиа төгсөөд л Оргил нэгдэлд ажилд орж байсан гэж сонсож байсан. Миний мэдэхээр Оргил нэгдэл, Оргил компани болтол нь тасралтгүй нягтлан бодогчоор ажиллаж байсан нь үнэн юм” гэх мэдүүлэг, гэрч Л.Л ”...Би 1975 оноос эхлэн 1993 оныг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн 1-р багт хоньчин, үхэрчин, ямаачин, саальчнаар ажиллаж байсан. Т.А нь 1986 оны 06 сард дээд сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажилд орж байсан. Т.А ажиллаж байх хугацаандаа ерөнхий нягтлан бодогч, туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Оргил нэгдэл 1992 онд татан буугдаж Оргил компани болж өөрчлөгдөж байсан. Энэ үед А нь нягтлан байсан. Бид нар малчин байсан болохоор нягтлан бодогчоо сайн мэднэ. А нь одоог болтол нягтлан бодогчийн ажлаа хийж амьдарч байгаа. 1993 онд Оргил нэгдэл нь компани болж өөрчлөгдсөнөөс болж архивт шилжээгүй устсан байх” гэх мэдүүлэг, гэрч Г.П “... Би 1976 онд Оргил нэгдлийн 1 дүгээр багт адуучин, үхэрчнээр 1992 оныг дуустал ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Т.А нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1986 оны 6 сард туслах нягтлан бодогчоор ажилд орж байсан. Оргил нэгдлийг Оргил компани болох хүртэл нь ерөнхий нягтлан бодогч, туслах нягтлан бодогчоор 1993 оныг дуустал ажилласан. Оргил нэгдэл нь 1992 онд татан буугдаж Оргил компани болж өөрчлөгдөж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Т.А нь өөр ямар нэгэн газар ажиллаж байгаагүй зөвхөн Оргил нэгдэл, Оргил компанид л ажиллаж байсан нь үнэн.“ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.А-г 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1993 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд туслах болон тооцооны нягтлан бодогчоор, 1993 оны 04 сарын 30-ны өдрөөс 1996 оны 03 сарын 18-ны өдрийг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил ХК-д ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Т.А-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1993 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл туслах болон тооцооны нягтлан бодогчоор, 1993 оны 04 сарын 30-ны өдрөөс 1996 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл Улаанбадрах сумын Оргил хувьцаат компанид ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц