Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, ... ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, Б овогт Д.Г-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Д.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 06 сарын 18-ны өдрийн 421 дүгээр тушаалаар 2014 оны 06 сарын 18-ны өдрөөс Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар томилогдсон ба томилогдсон өдрөөсөө Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст Хөдөлгөөний аюулгүй байдал харицсан зохицуулагчаар ажиллаж байхад Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн Б/305 дугаар тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын албан тушаал, орон тоо, албан тушаалын цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчийн ажлаас чөлөөлөгдөж мөн газарт зохицуулагчаар томилогдсон ба томилогдох хугацаандаа  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар тасралтгүй ажиллаж байхад Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн Б/279 дүгээр тушаалаар, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын зохицуулагчийн ажлаас 2016 оны 06 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдөж 06 сарын 02-ны өдрөөс мөн газарт Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/288 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн ажлаас чөлөөлөгдөж мөн газарт Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар 2019 оны 07 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдөж, 2019 оны 07 сарын 10-ны өдрөөс мөн газарт Даланжаргалан сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон одоог хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байна.     

 Иймд миний 2014 оны 06 сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст тасралтгүй ажилласан 5 жилийг суманд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь 2014 оны 06 сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст тасралтгүй ажилласан 5 жилийг суманд ажилласнаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Г-г 2014 оны 06 сарын 18-ны өдрийн 421 дүгээр тушаалаар Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар томилсон боловч томилогдсон өдрөөсөө буюу 2014 оны 06 сарын 18-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар, 2016 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл мөн сумын цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 23-10/2060 дугаартай, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 5а/7101 дугаартай архивын лавлагаанууд, Цагдаагийн Ерөнхий газрын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн Б/305 дугаартай ажлаас чөлөөлж, томилох тухай, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/288 дугаартай тушаалууд, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2014-2019 оны цалингийн тооцоо, Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн хамт олны зураг, Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн баярын бичиг, үнэмлэх, гэрч С.Б “...2014 оны 06 сараас хойш Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдлын тасагт байцаагчаар үүрэг гүйцэтгэж байгаад 2016 оны 06 сараас Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 07 сар хүртэл Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын даргын тушаалаар 2019 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Д.Г нь 2014 онд томилогдож ирсэнээс хойш шилжих хүртлээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст тасралтгүй ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч Б.М “Миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2011 оны 09 сарын 05-ны өдөр томилогдон ирж тус цагдаагийн хэлтэст цагдаа, жолооч, жижүүрийн офицер зэрэг ажлуудыг хийж байгаад одоо эрүүгийн мөрдөгчийн ажлыг одоог хүртэл тус цагдаагийн хэлтэст хийж байна. Д.Г нь 2014 оны 06 сард Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар томилогдон ирсэн. 2016 оны 06 сард тус цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөлөгчөөр ажиллаж байхад нь Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн Б/288 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн ажлаас чөлөөлөгдөж тус газарт Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 07 сард Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсон. Миний бие нь Д.Г-тай 2014 оны 06 сараас 2019 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст тасралтгүй хамт ажиллаж байсныг гэрчилж байна” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Г-г Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2014 оны 06 сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 сарын 31-нийг хүртэл хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар,  2016 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл эрүүгийн мөрдөгчөөр  тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Д.Г-г Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2014 оны 06 сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 сарын 31-нийг хүртэл хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар,  2016 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл эрүүгийн мөрдөгчөөр тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.Ц