Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, Архангай аймаг, Жаргалант сум, 2-р багт нутагладаг, хувиараа мал малладаг, Х овогт Ж.Б,  

Хариуцагч: ... настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар багт оршин суух /одоогоор Замын-Үүд сум, 2 дугаар багт ... оршин суух/ эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Г.Б-д холбогдох зээлийн төлбөр 11,754,198 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагч Г.Б, гэрч Ц.Т, Э.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Ингээд 2019 оны 03 сарын 09-ний 18:00 цагт 10 сая төгрөг, 2019 оны 10-ны өдрийн 10:00 цагт 2 сая төгрөгийг эхнэр Ц.Т-н Х банкны ... данснаас юань сольдог Д.С гэж хүний Х банкны дансруу шилжүүлж бэлнээр юань авч эхнэр, Л, А нарын дэргэд Г.Б-д 29.935 юанийг бэлнээр өгсөн.

Анх 2019 оны 04 сарын 10-ны өдрийн дотор зээлийн мөнгийг хүүгийн хамт буцааж өгнө гэж тохирсон ч хугацаандаа өгөөгүй тул 2019 оны 04 сарын 19-ний өдөр 24435 юань, 2019 оны 05 сарын 06-ны өдөр 5500 юанийг хүлээн авсан талаарх баримт үйлдэж талуудад гарын үсэг зурж, тухайн баримтанд Болормаагийн хурууны хээг даруулсан. Уг баримтанд зээлсэн мөнгөө 2019 оны 05 сарын 19-ний өдөр буцааж өгөхөөр тохиролцсон ч өгнө гэсээр өдийг хүртэл нэг ч төгрөгийг өгөөгүй.

Г.Б нь Хятад улсаас 2019 оны 10 сарын 20-ны өдөр буцаагдаж Замын-Үүдэд ирж тэндээ амьдарч байгаа юм. Миний бие эрээн хот дахь Монгол улсын Консулын газарт хандаж  Г.Б-д мөнгө зээлсэн хаана хандах талаар хүсэлт гаргахад Монгол улсдаа очоод шүүхээр шийдвэрлүүл гэсэн. 2019 оны 04 сарын 19-ний өдөр зээлүүлсэн 24435 юань тус өдрийн Монгол банкны ханшаар /1 юань 393.17 төгрөг/, 24435х393.17=9.607.108, 2019 оны 05 сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 5500 юань тус өдрийн монгол банкны ханшаар /1 юань 390.38 төгрөг/ 5500х390.38=2.147.090 нийт 11.754.198 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Т, найз Л-н хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу 2019 оны 03 сарын 07-ний өдөр гарсан, маргааш нь Л.Б-тай танилцуулсан. Би тээврийн хэрэгсэл малаа зараад бараг 20,000,000 төгрөг болгоод эхнэр Т-н дансанд байршуулсан. Тэгээд Л-р дамжуулаад Б мөнгө зээлээч гэсэн тэрийг нь би хүлээн зөвшөөрөөд 2019 оны 03 сарын 09-ний өдөр эхнэрийн картнаас Эрээн хотын зээл дотроос юань сольдог Өвөр монголоос карт уншуулаад Монгол мөнгөөр 12,000,000 орчим төгрөг аваад Б-д бэлнээр өгсөн. Амаар сарын дараа өгнө гэж тохирсон боловч өгөөгүй, тэгээд 2019 оны 04 сарын 19, 05 сарын 06-ны өдөр тус тус 2 бичиг үйлдэж мөнгө авсан, өгсөн талаараа бичиж гарын үсэг зуруулж авсан. Тэгээд өгөхгүй жил гаран болоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг Иргэний хуулийн 43-р зүйлд зааснаар аман хэлцэл хийсэн байдаг, 2019 оны 04 сарын 19, 05 сарын 06-ны өдрүүдэд Б, Б нарын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-т зааснаар зээлийн харилцаа үүссэн гэдэг нь гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдлоо гэж үзэж байна. Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.1-т зааснаар амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-т хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, 43.1.2-т хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон гэж байгаа. Хэлцэл хийгээд зээлийн гэрээний дагуу Б мөнгийг шилжүүлсэн, шилжүүлсэн талаар тухайн харилцаанд оролцсон гэрч Т, Л нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1-т зааснаар хариуцагч мөнгө авсан гэдгээ өөрөө нотолдог, тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэсэн байгаа, хариуцагчийн зөвхөн өөрийнх нь тайлбар нотлох баримт болохгүй, өөртөө зарцуулсан юм уу бусад хүмүүст өгсөн юм уу? мэдэхгүй тэгэхээр энэ яриад байгаа нөхцөл байдлаа өөрөө нотлох баримтаар тогтоож чадсангүй тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс 11,000,000 төгрөг авсан нь үнэн, 11,000,000 төгрөгийг бүтнээр нь аваагүй А бас байсан, дараа нь А-т байсан 5000 юаныг өөр дээрээ шилжүүлж аваад сүүлд 5000 юань авсан гэсэн гарын үсэг зурж өгсөн. 2-т энэ ажлыг бид 3 ярилцаад өдөрт нэг хүн дээрээс 20 юаны ашиг авахаар тохироод би мөнгө зээлсэн.Тэгээд Монголчуудыг ажил хийлгэхгүй гээд манай ажлын баг тарсан, тийм учир би энэ мөнгийг ганцаараа төлмөөргүй байна гэв.

Гэрч Э.Л шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Г.Б Ж.Б-с эхлээд 10,000,000 төгрөг, маргааш нь 2,000,000 төгрөг авсан. Мөнгө авч өгөлцөхөд  би тэгээд Б-н эхнэр байсан. Мөнгө өгөхдөө эхлээд аман гэрээ байгуулаад сарын дараа бичгээр гэрээ байгуулсан. 2019 оны 04 сард мөнгө авав гэсэн баримтыг  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ленхэ хотод бичиг үйлдэж өгсөн гэв.

Гэрч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 07-ны өдөр Эрээн хот руу том машин авна гэж гараад, мөнгө хүрэхгүй бид 2 ажил хийгээд байж байсан чинь 2019 оны 03 сарын 08-ны орой нөхөр маань Б-д мөнгө зээлэх хэрэгтэй байна гээд 09-ний өглөө С гэдэг хүний данс руу  24,000 юань шилжүүлсэн, маргааш өглөө нь дахиад 2,000,000 төгрөг авсан, үүнээс цааш өөр зүйл мэдэхгүй. Мөнгө авч өгөлцөхөд яг хажууд нь байгаагүй, жоохон зайтай байсан гэхдээ өгснийг нь бол харсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Б-с 2019 оны 04 сарын 19-ний өдөр зээлүүлсэн 24435 юань тус өдрийн Монгол банкны ханшаар 1 юань 393.17 төгрөг  /24435х393.17=9.607.108/, 2019 оны 05 сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 5500 юань тус өдрийн Монгол банкны ханшаар 1 юань 390.38 төгрөг /5500х390.38=2.147.090/  нийт 11.754.198 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Ж.Б-с 2019 оны 04 сарын 19-ний өдөр 24435 юань буюу 9.607.108 төгрөг, 2019 оны 05 сарын 06-ны өдөр 5500 юань буюу 2.147.090 төгрөг нийт 11.754.198 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан  авч уг зээлийн гэрээний үүргийг өдийг хүртэл төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох зохигч нарын хооронд 2019 оны 04 сарын 19, 05 саарын 06-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээ, Ц.Т-н Х банкны дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч Э.Л-н шүүх хуралдаанд гаргасан “Г.Б Ж.Б-с эхлээд 10,000,000 төгрөг, маргааш нь 2,000,000 төгрөг авсан. Мөнгө авч өгөлцөхөд  би тэгээд Б-н эхнэр байсан. Мөнгө өгөхдөө эхлээд аман гэрээ байгуулаад сарын дараа бичгээр гэрээ байгуулсан. 2019 оны 04 сард мөнгө авав гэсэн баримтыг  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ленхэ хотод бичиг үйлдэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Т-н шүүх хуралдаанд гаргасан “2019 оны 03 сарын 07-ны өдөр Эрээн хот руу том машин авна гэж гараад, мөнгө хүрэхгүй бид 2 ажил хийгээд байж байсан чинь 2019 оны 03 сарын 08-ны орой нөхөр маань Б-д мөнгө зээлэх хэрэгтэй байна гээд 09-ний өглөө С гэдэг хүний данс руу  24,000 юань шилжүүлсэн, маргааш өглөө нь дахиад 2,000,000 төгрөг авсан, үүнээс цааш өөр зүйл мэдэхгүй. Мөнгө авч өгөлцөхөд яг хажууд нь байгаагүй, жоохон зайтай байсан гэхдээ өгснийг нь бол харсан” гэх мэдүүлэг зэргээр батлагдан тогтоогдож байна.

Монгол банкны ханшаар 2019 оны 04 сарын 19-ний өдрийн байдлаар нэг юань 393.17 төгрөг, 2019 оны 05 сарын 06-ны өдөр 390.38 төгрөгийн ханштай байсан болох нь Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д  “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасан тул юаны ханшийг 2019 оны 04 сарын 19, 05 сарын 06-ны өдрүүдийн ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч  Г.Б-д нэхэмжлэлийн нэг хувийг 2019 оны 11 сарын 28-ны өдөр гардуулан өгч 2019 оны 12 сарын 12-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх талаар тайлбарлаж өгсөн боловч энэ хугацаанд хариу тайлбар, түүнд холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 04 сарын 19-ний өдөр 24435 юань буюу 9.607.108 төгрөг, 2019 оны 05 сарын 06-ны өдөр 5500 юань 2.147.090 төгрөг нийт 11.754.198 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд “А бид 2 Б-тэй очиж уулзаад өдрийн 20 юаны ашиг өгье гэж ярилцаад энэ мөнгийг Б-с авсан. Тэгээд Монголчуудыг ажил хийлгэхгүй гээд манай ажлын баг тарсан, тийм учир би энэ мөнгийг ганцаараа төлмөөргүй байна” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ үйл баримтын талаар нотлох баримтаа шүүхэд нотолж чадаагүй болно. Мөн гэрч Э.Л-н шүүх хуралдаанд өгсөн “Б, Б бид хоорондоо ажил төрөл яриагүй, би энэ талаар мэдэхгүй, 20 хувийн ашиг авна гэж яриагүй”  гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлаж, түүнийгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагч Г.Б-с 2019 оны 04 сарын 19 ны өдөр зээлсэн 24435 юань  буюу 9.607.108 төгрөг, 2019 оны 05 сарын 06-ны өдөр зээлсэн 5500 юань буюу 2.147.090 төгрөг нийт 11.754.198 төгрөгийг  нэхэмжлэгч Ж.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 203,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с 203,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Г.Б-с зээлийн гэрээний үүрэг 11,754,198 /арван нэг сая, долоон зуун тавин дөрвөн мянга, нэг зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 203,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с 203,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                      Д.Ц