Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/627

 

  2023           07           31                                          2023/ШЦТ/627

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр /томилолтоор/

Шүүгдэгч: П.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт П******* Г*******д холбогдох эрүүгийн 2305000001235 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Алтай хотхоны ******* тоотод оршин суух хаягт, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацааг тэнсэх харгалзах ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

 

Б******* овогт П******* Г******* /РД:*******/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Г******* нь “...2023 оны 05 дугаар сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алмааз” нэртэй бааранд хохирогч Д.Г*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхины дотор булан, хоншоор, хацрын төвгөр, зүүн доод зовхи, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Г******* нь “...2023 оны 05 дугаар сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алмааз” нэртэй бааранд хохирогч Д.Г*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхины дотор булан, хоншоор, хацрын төвгөр, зүүн доод зовхи, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г*******“...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000001235 дугаартай хэргээс:

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Г******* хохирогчоор өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед Алмааз гэх нэртэй баар луу ороод найз Сүх-Эрдэний төрсөн өдөр болоод найз Сундуй, Шинээ нарын хамт ороод 1 шил архи хувааж уугаад Сүх-Эрдэнэ 03 цагийн үед бааранд бүжиглэж байгаад тамхины өрөөнд очиход үл таних шивээстэй залуу над руу дайраад байхаар нь үүдний сандал дээр гараад ирэхэд үл таних шивээстэй залуу над руу дайрч ирээд намайг сандал дээр сууж байхад миний нүүр лүү баруун гараараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд баарны хамгаалагч салгаад Шинээ гэх найз цагдаа дуудаад цагдаа ирээд бүгдийг нь цагдаагийн газар луу авч явсан. Камерын бичлэг үзэхэд намайг ганцхан үл таних шивээстэй залуу намайг зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр П.Г******* яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Алмааз гэх нэртэй баар руу дүү Энхтөр, Шинээ, манай дүүгийн найз нарын хамт ороод би бааранд орохоосоо өмнө нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор 2 ширхэг пиво уугаад манай дүү нар 1 шил виски хувааж уусан. Тэгээд тамхины өрөө рүү тамхилах гээд ганцаараа ороход зүс таних ягаан цамцтай бүдүүн залуу, үл таних сахалтай залуу хоёр надад хандан “чи яасан гэж тамхи татдаг юм бэ” гэж хэлэхэд тамхины өрөөнд би тамхи татаж болохгүй юм уу гэж хэлэхэд “чи яасан гэнээ” гэж хэлээд миний шилэн хүзүүнээс татаад намайг баруун гараа атгаж байгаад миний толгойны зүүн хэсэг рүү 1 удаа цохихоор нь зөрүүлээд би баруун гараа атгаж байгаад толгойны зүүн тал руу нь 1 удаа цохисон. Тэгээд тамхины өрөөнөөс гараад манай дүү нар ахыг яаж байна гээд намайг өмөөрөөд зүс таних залуу болон сахалтай залуу нартай зодолсон. Би тэр үед зүс таних залуу болон сахалтай залуу нартай хамт явж байсан хар цамцтай залуугийн зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаагийн газар руу аваад авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 тал/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6545 дугаартай шинжээчийн “...Д.Г******* биед баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхины дотор булан, хоншоор, хацрын төвгөр, зүүн доод зовхи, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,

 

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алмааз” нэртэй баарны үүдэн хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27, 30 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Г******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоногэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч П.Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч П.Г******* нь хохирогч Д.Г******* биед баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхины дотор булан, хоншоор, хацрын төвгөр, зүүн доод зовхи, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан болох нь хэргийн 18-19 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6545 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6545 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 6545 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч П.Г******* “...2023 оны 05 дугаар сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алмааз” нэртэй бааранд хохирогч Д.Г*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхины дотор булан, хоншоор, хацрын төвгөр, зүүн доод зовхи, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Д.Г******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Г******* хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.Г******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч П.Г*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч П.Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт П******* Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г*******  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.Г*******д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол П.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ