Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/628

 

2023           07           31                                             2023/ШЦТ/628

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр /томилолтоор/

Шүүгдэгч: О.А*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* овогт О******* А*******эд холбогдох эрүүгийн 2205023451136 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн 23 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, Маскуйра бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамтаар Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Өлзийт хороолол ******* тоотод оршин суух хаягт, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай тооцож, 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Т******* овогт О******* А******* /РД:/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.А******* нь “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви эл” бааранд хохирогч М.Д******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа мөргөх, нуруу, хөл хэсэгт 2-3 удаа цохих, өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь уруул, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, хоёр тохойны зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.А******* нь “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви эл” бааранд хохирогч М.Д******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа мөргөх, нуруу, хөл хэсэгт 2-3 удаа цохих, өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь уруул, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, хоёр тохойны зулгаралт, баруун бугалгад  цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А*******ийн “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205023451136 дугаартай хэргээс:

2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр М.Д хохирогчоор өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 03 цаг 30 минутын үед би найз охин Э.О, Б.Т, Н нартай хамт “Ви эл” бааранд ороод суугаад 1 хүний 2 шил пиав аваад уугаад сууж байхад бид нар дээр нэмэгдээд Тэмүүжин Анужин 2 ирсэн. Тэгээд тэр 2 ирээд юмаа уучхаад бүжиглээд байж байхад манай найз Анужинг түлхэж унагаагаад цохисон. Тэгэхээр нь би босоод салгах гээд байж байхад цаанаас 3 залуу ирээд намайг барьж аваад ноцолдоод байж байсан. Тэгэхэд манай найз Т ирээд бид нарыг салгасан. Тэгээд байж байхад хамгаалагч нь ирээд намайг түлхээд буцаагаад татаж ирээд миний нүүрэн тус газар руу мөргөөд буйдан дээр дараад суулгасан. Тэгээд байж байхад цаанаас зохион байгуулагч нь гээд нэг залуу ирээд юу болсон талаар асуугаад байж байхад хамгаалагч нь цаашаагаа яваад өгсөн. Миний үүдэн 2 шүд унасан. Миний биед учирсан гэмтлийг “Ви эл” баарны хамгаалагч учруулсан. Унасан 2 шүднийхээ орон хиймэл шүд 80,000 төгрөгөөр хийлгэсэн. Бүдүүн махлагдуу бор арьстай хүн байсан яг тийм гээд хэлж байна хараад бол танина. Би гомдолтой байна, эмчилгээний төлбөр 200,000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн эрэгтэйн нэрийг А******* гэдгийг сүүлд нь мэдсэн. Тухайн залуу над дээр ирээд “чи ямар ядаргаатай писда вэ” гээд намайг түлхээд миний цамцнаас татаад миний шүд рүү 1 удаа мөргөөд буйдан руу чирч аваачиж гараараа доош дарж хэвтүүлээд баруун гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд буйдан дээрээс татаад газар унагаачхаад яваад өгсөн. Шүд нь имплант шүд байсан бөгөөд тухайн шүдний тал нь хугарсан бас хуучин хөдөлсөн 1 шүд байсан бөгөөд тухайн хөдөлсөн шүд нь мөргүүлснээс болоод унасан. Миний биед учирсан гэмтлийг WL баарны зохион байгуулагч А******* гэх нэртэй залуу учруулсан. Тухайн залууг би баарны хамгаалагч гэж бодож байсан бөгөөд сүүлд нь би тухайн хамгаалагч биш баарны зохион байгуулагч А******* гэх нэртэй хүн байсныг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 27-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э.О******* гэрчээр өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 01-нд найз нартайгаа хамт Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “WL” нэртэй бааранд ороод хүний хоёр хоёр пиво уусан. Тэгээд бүжиглээд байж байсан чинь махлах биетэй бор арьстай залуу тэврээд цаашаа авч яваад нүүр хэсэг рүү уруул хэсэг рүү нь мөргөөд  Дашнямыг буйдан дээр унагаагаад хэд хэд цохиод уг махлаг бор арьстай залуу гараад явчихсан. Тэгээд араас нь гарахад баарны буланд зогсож байсан. Тэгээд би араас нь очоод “учраа олчихоо” гэхэд уг залуу “танай найзаас болсон би яасан юм бэ” гэхээр нь би “харсан шүү” гэхэд уг залуу цаашаа зугтаагаад явсан. Тэгээд цагдаад хандсан. Би Т******* овогт О******* А******* гэх нэртэй хүний зургийг харлаа. Тухайн хүн нь Д биед гэмтэл учруулсан хүн мөн байна, би тухайн хүнийг нүүрний хэлбэр, царайны төрх, нүд хамар, хөмсөг зэргээр нь таньж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34, 36 тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б.Т******* гэрчээр өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Эл” бааранд Дашням, Оюунтуа, Анужин нарын хамт ороод хүний 2 шил пиво захиалаад уугаад сууцгаасан. Тэгээд бүжгийн талбай дээр бид нар бөөндөө гараад бүжиглэж байхад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хэсэг танихгүй залуучуудын нэг нь Анужинг түлхээд унагаасан. Тэгэхэд Дашням явж очоод “яаж байгаа юм бэ” гээд тухайн залуутай маргалдаж байхад нь салгах гээд Дашням руу очиж байхдаа газарт унасан пивоны шилэн дээр гишгээд халтирч унаад толгойн дагз хэсгээрээ толгойгоо цохиод хагалчихсан юм. Тэгээд уначхаад босоод Дашням руу хартал тухайн баарны зохион байгуулагч гээд сүүлд нь нэрийг нь мэдсэн А******* гэх залуу Дашнямыг нүүрэн тус газарт нь татаж ирээд мөргөөд буйдан дээр дарж хэвтүүлээд хөлөн дээр нь дэвссэн. Тухайн үед миний толгой их өвдөж байсан болохоор Дашням дээр очиж чадаагүй. Миний биед учирсан гэмтлийг би өөрөө өөртөө учруулсан. Би газарт байсан пивоны шилэн дээр гишгэн халтирч толгойгоороо газар хүчтэй унаад уг гэмтлийг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9377 дугаартай шинжээчийн “...М.Д биед уруул, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, хоёр тохойны зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-82 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 100 тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.А******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоногэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч О.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч О.А******* нь хохирогч М.Д биед уруул, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, хоёр тохойны зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулсан болох нь хэргийн 48-49 дугаар талд авагдсан шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9377 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9377 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

20******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 9377 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч О.А*******ийн “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви эл” бааранд хохирогч М.Д******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа мөргөх, нуруу, хөл хэсэгт 2-3 удаа цохих, өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь уруул, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, хоёр тохойны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч М.Дашням нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.А*******ийг  энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хохирогч М.Дашням нь цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.А******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч О.А*******эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч О.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600                  /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.А******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж уг ялаас төлөгдөөгүй үлдсэн 6,630,000 төгрөгийн /зургаан сая зургаан зуун гучин мянга / төгрөгийн торгуулийн ялтай болох нь /хх---- тал/ баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 600,000 төгрөгийн торгуулийн ялыг  нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 7,230,000 /долоон сая хоёр зуун гуч / төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан биечлэн эдлэх торгуулийн нийт ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан хоёр жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгав.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.А*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т******* овогт О******* А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А*******ийг 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.А******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж уг ялаас төлөгдөөгүй үлдсэн 6,630,000 төгрөгийн /зургаан сая зургаан зуун гучин мянга / төгрөгийн торгуулийн ялтай байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 600,000 төгрөгийн торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 7,230,000 /долоон сая хоёр зуун гуч / төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан хоёр жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч М.Дашням нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч О.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол О.А*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ