Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/706

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /тээврийн прокурор/,

хохирогч *******, *******, ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2303002880330 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д тоо хэмжээ, гэрээ хяналтын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,******* байрны 172 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, төмөр замын вокзалын хойд талын замд “Тоуоta Маrk X Zio” маркийн 59-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Hyundai Sonata-5” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөхдөө зорчигч *******, *******, нарыг хавсарч мөргөн, тэдний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирогч нарт эмчилгээний төлбөр мөнгийг төлж барагдуулаад явж байгаа. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх болно…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******: “...Гэмт хэргийн улмаас үүдэн миний хоёр шүд эмтрэл, суларал авсан бөгөөд эмчилгээний төлбөрт 1.600.000 төгрөгийг хүлээн авсан. Одоогоор дахин эмчилгээ хийлгэсэн талаарх баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******: “...Миний баруун талын нүд муу хардаг болсон бөгөөд баруун тийшээ харах боломжгүй болсон, мөн баруун нүдний дээш, доош хөдөлгөөн нь удаан болсон. Хохирол төлбөрт эмчилгээний зардалд 2.000.000 гаран төгрөгийг өөрийн дүү *******ийн дансаар хүлээн авсан. Цаашид баруун талын нүдэндээ эмчилгээ хийлгэнэ. Одоогоор эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй байна. Гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч : “...Эмчилгээтэй холбоотой хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Барилгын мужааны ажил хөдөлмөр эрхэлдэг байсан боловч одоо хэвийн ажиллаж чадахгүй болсон. Одоогоор нэхэмжлэх баримт байхгүй. Харин цаашид гарах хохирол төлбөрийг нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 05 дахь тал/, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болсон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-11 дэх тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж ашиглан шалгахад “...Эрдэнэсайхан овогтой Галбадрах 2.23% тоон үзүүлэлт илэрсэн...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хохирогч *******ын:

“... Би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд төрсөн дүү Энхцэцэг, Түвшинсайхан нарын хамт Энхцэцэгийн найз залуу Нямдоржийн хамт гэр лүүгээ харих гээд явж байтал вокзалын хойд талын замд Нямдоржийн машин унтраад зам дээр зогссон. Тэгээд Нямдорж машинаа асаах гээд буусан ба Энхцэцэг, Түвшинсайхан бид гурав хамт буусан. Тухайн үед машины копуд нээлттэй байсан ба Энхцэцэг бид хоёр гэрэл тусгаад машины урд зогсож байсан ба Түвшинсайхан, Нямдорж хоёр машинаа асаах гэж байсан. Тэгсэн гэнэт хүчтэй чимээ гараад Энхцэцэг бид хоёр Нямдоржийн машинд цохигдоод шидэгдсэн. Тэгээд би нэг сэрсэн чинь би Нямдоржийн машин доор нь орчихсон байсан. Намайг Нямдорж, Түвшинсайхан хоёр татаж гаргасан. Тэр үед миний хамар болон нүднээс цус гарч байсан ба хажууд зогсож байсан нэг үл таних эгч “дуудлага өгсөн шүү” гэж хэлж байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд Энхцэцэг, Түвшинсайхан бид гурвыг эмнэлэг рүү авч явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Хохирогч *******ийн:

”... Би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд ах Түвшинсайхан, Энхбат нарын хамт найз залуу Нямдоржийн машинд суугаад гэр лүүгээ явж байсан чинь вокзалын хойд талын гэрлэн дохиотой уулзварын баруун талд миний сууж явсан машин унтраад замын хоёр дугаар эгнээн дээр зогссон. Нямдорж машинаа харах гээд машинаасаа буусан, би гэрэл тусгаж өгөх гээд араас нь буухад Түвшинсайхан, Энхбат ах хоёр бас дагаад буусан. Тэгээд би машины урд талд гараад утасныхаа гэрлийг асаагаад машины урд талыг нь сөхчихсөн зогсож байсан чинь нэг мэдсэн түс хийх чимээ гараад Нямдоржийн машины араас машин ирээд мөргөчихсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Хохирогч ы:

“... Би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд төрсөн ах Энхбат, төрсөн дүү Энхцэцэг нарын хамт Энхцэцэгийн найз залуу Нямдоржийн машинд суугаад гэр лүүгээ харих гээд явж байтал вокзалын хойд талын гэрлэн дохиотой уулзварын зүүн талын замд Нямдоржийн машины нормал баригч нь салаад машин нь унтраад замын хоёрдугаар эгнээнд зогссон. Тэгээд Нямдорж дагаад буусан. Тэгээд машиныхаа урд талын копутыг сөхөөд Энхбат ах, Энхцэцэг бид гурав машиных нь урд талд гараад Энхцэцэг утасныхаа гэрлийг тусгаад Нямдорж машины зүүн талд нь зогсож байсан. Энхбат ах бид хоёр машины урд талд нь гараад зогсож байсан. Тэгсэн гэнэт түс хийх хүчтэй чимээ гараад Энхцэцэг, Энхбат ах бид гурав Нямдоржийн машинд мөргүүлээд шидэгдээд унасан ба юу болов гээд босоод хартал Энхбат машины доогуур орчихсон зам дээр хэвтэж байхаар нь би шууд очоод Нямдорж бид хоёр ахыг машин доороос татаж гаргасан. Энхцэцэг бас замын голд унасан байсан ба би дүүгээ босгоод эргээд алхах гэтэл алхаж чадахгүй миний баруун хөл маш их өвдөж байсан. Тэр үед манай машиныг мөргөсөн машины жолооч гэх 30 гаран насны нүдний шилтэй өндөр залуу Нямдоржийн машины хажууд зогсож байсан. Тэр залуу осол болсны дараа CU руу ороод гарч ирсэн ба тэр залуу илт согтуу байсан. Тэр үед замын хажууд зогсож байсан үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн Удалгүй эмнэлгийн машин ирээд Энхбат ах, Энхцэцэг бид гурвыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Иргэний хариуцагч :

“...Уг автомашиныг би 2018 онд ХХБ-аас лизингээр худалдаж авсан юм. Тэгээд би энэ машины тал төлбөрийг төлж байх үед дүү ******* үлдсэн төлбөрийг төлөөд машиныг надаас авахаар бид хоёр хоорондоо тохирсон байсан юм. Тэгээд Галбадрах машины зээлийн төлбөрийг төлж дуусаад зээлээс чөлөөлөх бичгийг авсан байсан дүү Галбадрахын нэр дээр нь шилжүүлж өгөх гээд амжихгүй яваад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, “...Автомашины үнэлгээ хийлгэхэд 3.030.000 төгрөгийн хохирол учирсан байна. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч :

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *******, , ******* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.571.000 төгрөг гарсныг яллагдагч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 209 дэх тал/,

Гэрч :

“... Би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд улсын дугаартай “Соната 5” маркийн жолоодон гэр лүүгээ харих гээд найз охин Энхцэцэг, найз охины ах Энхбат, Түвшинсайхан нарын хамт вокзалын хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал машины хаазны нормал баригчийн залгуур салаад машин унтраад зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд зогссон. Тэгээд би нормал баригчийн залгуурыг залгах гээд машинаасаа буусан ба хамт явсан Энхцэцэг, Энхбат, Түвшинсайхан нар надад гэрэл тусгаж өгөх гээд бас машинаас бууцгаасан бөгөөд тэр гурав машины урд талд зогсож байсан ба би машиныхаа зүүн талд нь зогсох байсан. Тэгээд би машиныхаа хаалгыг онгойлгоод суух гэтэл баруун талаас Тоёота Марк-х маркийн автомашин хурдтай ирээд миний машины хойд талыг мөргөсөн. Машиныг мөргөх үед нөгөө гурав миний машины урд зогсож байсан ба машинд давхар мөргүүлсэн. Тэр үед миний машиныг мөргөсөн машины жолооч өөрөө бууж ирсэн ба 30 гаран насны өндөр эрэгтэй хүн байсан. Тэр залуу илтэд согтуу байсан ба “00 ормоор байна” гэж хэлж байсан. Тэр үед хажууд нэг үл таних эрэгтэй хүн зогсож байсан ба тэр хүн 102 болон 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмч нь надтай хамт явсан хүмүүсийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн ба нөгөө машины жолоочийг үлээлгэж шалгахад 2.23%-ийн согтолттой байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 5623 дугаартай шинжээчийн:

“... *******ын биед баруун нүдний гадна, доод шулуун булчингийн тасрал, баруун нүдний ухархайн гадна ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамрын баруун хажуу хэсэгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хацар, зүүн бугуй, баруун дал, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 5625 дугаартай шинжээчийн:

“...*******ийн биед зүүн шаант ясны дээд гадна булууны цөмөрсөн хугарал, ясны эдийн хаван зүүн урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, тойгны дотор даруулган холбоосны ар хэсгийн сэмрэл, арын чагтан, дотор коллатерал холбоос, хагас хальслаг булчингийн шөрмөс, тахимны булчингийн ширхгийн суналт, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, сулрал (булгарал), зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 97-99 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 5626 дугаартай шинжээчийн: “

“...гийн биед баруун дунд чөмөгт ясны доод гадна булуу, шаант ясны дээд гадна булууны ясны эдийн няцрал, баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, дотор коллатерал холбоосны хэсэгчилсэн урагдал, тойгны дотор даруулган холбоосны суналт, гуяны дотор өргөн булчингийн ширхгийн суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 5624 дугаартай шинжээчийн: “... биед гэмтэл тогтоогдсонгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “...“Hyundai Sonata-5” маркийн улсын дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1.450.000 төгрөг....” гэсэн тайлан /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “...“Тоуоta Маrk X Zio” маркийн 59-70 УБЦ улсын дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3.030.000 төгрөг...” гэсэн тайлан /хавтаст хэргийн 124-128 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 281 дугаартай:

“...“Hyundai Sonata-5” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний хуулийн 16.2 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэсэн албан бичиг, /хавтаст хэргийн 130 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаартай:

“...“Тоуоta Маrk X Zio” маркийн 59-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний хуулийн 16.2 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэсэн албан бичиг, /хавтаст хэргийн 134 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04/2732 дугаартай “...******* нь 48.000, 1.075.000, 15.000, 15.000...” төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний авсан талаарх албан бичиг, төлбөрийн мэдээллийн хавсралт /хавтаст хэргийн 196-197 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04/2137 дугаартай “...******* нь 161.000, 48.000...” төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний авсан талаарх албан бичиг, төлбөрийн мэдээллийн хавсралт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04/2131 дугаартай “... нь 48.000, 161.000...” төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний авсан талаарх албан бичиг, төлбөрийн мэдээллийн хавсралт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11-2а/916 дугаартай “...серверт телекамерын бичлэг 1 сарын хугацаатай хадгалагддаг тул 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дүрс бичлэг байхгүй болно...” гэсэн бичиг /хавтаст хэргийн 201 дэх тал/,

2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *******ын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 142 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 717 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 137-138 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч *******, *******, нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын вокзалын хойд талын замд “Тоуоta Маrk X Zio” маркийн 59-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Hyundai Sonata-5” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөхдөө зорчигч *******, *******, нарыг хавсарч мөргөн тэдгээрийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болсон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж ашиглан шалгасан тэмдэглэл, хохирогч *******, *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч, нэхэмжлэгч Д.Сүхтулга, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ, гэрч О.Нямдорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны 5625, 5626, 2023 оны 05 дугаар сарын 04-ний 5623 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны 1008, 1056 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 280, 281 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04/2732 дугаартай бичиг, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11-2а/916 дугаартай албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 717 дугаартай мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “Тоуоta Маrk X Zio” маркийн 59-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *******ыг драйгер багаж ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.23% тоон үзүүлэлт илэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган, бусдад эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******, *******, нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрийг баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 2.220.965 төгрөг, хохирогч *******т 1.698.600 төгрөг, хохирогч д 346.000 төгрөгийн хохирол, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох хохирогч *******ын 1.153.000 төгрөгийг, хохирогч *******ийн 209.000 төгрөгийг, хохирогч ы 209.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч   эзэмшлийн “Hyundai Sonata-5” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 1.450.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч ******* нь 3.709.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч *******, *******, нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймгаас бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулах, эсхүл улсын яллагчийн саналын хүрээнд Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймгуудын хооронд зорчих, бусад газарт зорих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан байна.

Иймд шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймгаас бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

Учир нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орох замд Сэлэнгэ аймаг, Төв аймгийн нутаг дэвсгэрээр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орох замд Төв аймаг, Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр тус тус дайран өнгөрөхөөр байгаа нь тухайн ял биелэгдэх боломжгүй, нутаг дэвсгэрийн хэмжээг хэт өргөн хүрээгээр тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэсэн.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэдийгээр гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилгасан гэж үзэхгүй боловч хохирогч *******, Ч.Энхчимэг, нарын эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийг нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, түүнчлэн түүний хувийн байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2303002880330 тоот дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******ад анхааруулсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, *******, нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ